Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/04/09-НД НИЙТЛЭГДСЭН

Ираны хувьсгалт гвардыг АНУ “террорист байгууллага”-аар зарлалаа

Р.Төмөр, ikon.mn
2019 оны 4 сарын 9
iKon.MN
Зураг зураг

АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп Иран улсын Исламын Хувьсгалт Гвардыг гадаадын террорист байгууллага (FTO-Foreign Terrorist Organization) ангилалд оруулж байгаагаа зарлалаа.

Ингэснээр АНУ анх удаа бусад улс орны албан ёсны цэрэг армийг террорист байгууллага хэмээн нэрлэж байгаа нь энэ юм.

Трамп мөн терроризмыг дэмждэг Иран улсын эсрэг санхүүгийн дарамт шахалтаа үргэлжлүүлэн нэмэгдүүлэхээ амлажээ.

Энэхүү мэдэгдлээс хоёр цагийн дараа Ираны засгийн газар АНУ-ыг “терроризмыг дэмжигч орон” хэмээн зарлаж, Ойрх Дорнодын бүс нутаг дахь АНУ-ын цэргийн хүчийг “террорист байгууллага” гэж нэрлэсэн байна.

Вашингтоны засаг захиргаа өнөөдрийг хүртэл Исламын Хувьсгалт Гвардын өндөр албан тушаалтан олон арван хүнийг хар жагсаалтад оруулж байсан ч уг байгууллагыг бүхэлд нь шийтгэж байгаагүй юм.

“АНУ анх удаа бусад орны засгийн газрын харьяа байгууллагыг FTO ангилалд оруулж байна. Энэ нь Ираны засгийн газрын үйл ажиллагаа бусад улс орнуудынхаас үндсээрээ өөр арга замаар хэрэгждэг болохыг батлан харуулж байгаа юм” гэж Трамп мэдэгдэлдээ тайлбарлажээ.

Тэр бас хувьсгалт гвардтай хамтран ажилласан хэн бүхэн терроризмыг санхүүжүүлэгч болно гэдгийг анхааруулсан байна.

АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Майк Помпео уг шийдвэрийг долоо хоногийн дотор хүчин төгөлдөр болно гээд энэ хугацаанд олон улсын банк, компаниудыг хувьсгалт гвардтай харилцаагаа таслахыг сануулжээ.

Террорист байгууллага ангилалд орсноор Исламын Хувьсгалт Гвардын АНУ дахь бүх данс, хөрөнгийг битүүмжилж, Америкийн иргэдийг тус байгууллагатай санхүүгийн харилцаа үүсгэхийг хориглоно.

Хариуд нь Тегераны эрх баригчид АНУ-ын төв цэргийн командлалын газрыг (CENTCOM) террорист байгууллага гэж зарласан юм. Тус газар нь Афганистан, Ирак, Сири, Йемен, Персын булан гэсэн дэлхийн халуун цэгүүдэд байлдааны ажиллагааг удирддаг.

Исламын Хувьсгалт Гвард нь 1979 онд Иранд гарсан Исламын хувьсгалын үед бий болсон юм. Тус байгууллага нь Ираны дэглэмийг хамгаалах, хил хамгаалах зэрэг байнгын зэвсэгт хүчний үүрэгтэй ажилладаг.

АНУ-ын алхмыг Израйлийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху талархан хүлээж авчээ. Тэрээр Трампыг “манай улсын болон бүс нутгийн улсуудын ашиг сонирхолд нийцсэн” шийдвэр гаргалаа хэмээн магтсан байна.

Израйль улс Ираныг бүс нутгийнхаа хамгийн том дайсан гэж хардаг бөгөөд Тегераны засгийн газрыг цөмийн болон пуужингийн зэвсэг бүтээж, Хизбаллах зэрэг зэвсэгт байгууллагуудыг санхүүжүүлдэг хэмээн байнга буруутгадаг юм.

 

Эх сурвалж: Reuters