Сансрын уудамд орших оддын томоохон бөөгнөрөл буюу галакси бүрийн голд супер масстай хар нүхнүүд байдаг.
Асар их татах хүчтэй тул хар нүх бүхнийг ховх сордог. Гэрлийн туяаг хүртэл сордог тул хар нүхийг ажиглах боломжгүй юм.
Тэгвэл хар нүхийг судалдаг EHT (Event Horizon Telescope) төслийн эрдэмтэд ирэх Лхагва гарагт хар нүхний гэрэл зургийг буулгаж чадсанаа танилцуулахаар хэвлэлийн хурал зарлаад байна.
EHT төсөл нь дэлхий даяар таран байрласан телескоп дурангуудын хамтын ажиллагааны үр дүн юм. Бүр 2006 оноос эхлэн тэд хар нүхийг судлахаар хамтран ажиллаж эхэлжээ.
Хар нүх бол унтарсан одноос үүсдэг бөгөөд нарнаас хэдэн сая, хэдэн тэрбум дахин их масстай байдаг. EHT төслийнхөн хоёр аварга хар нүхийг өнгөрсөн хугацаанд судалж байв.
Нэг нь манай сүүн замын галаксийн төвд байдаг Sagittarius A бол нөгөө нь хөрш Virgo A галаксид орших M87 хар нүх юм.
Sagittarius A нь нарнаас 4 сая дахин их масстай, дэлхийгээс 26,000 гэрлийн жилийн алсад оршдог. Дэлхийд хамгийн ойрхон оршдог хар нүх.
M78 нь нарнаас 3.5 тэрбум дахин их масстай, дэлхийгээс 54 сая гэрлийн жилийн зайд оршдог юм. Гэрлийн жил нь нэг жилийн хугацаанд гэрэл тархах зай бөгөөд энэ нь 9.5 их наяд километртэй тэнцдэг.
Хар нүхийг өөрийг нь ажиглах боломжгүй тул түүнийг тойрсон хүрээг өндөр хүчин чадалтай телескопоор харж болно гэж үздэг.
Энэ хүрээ нь одод, хийн хар нүхэнд залгигдахаасаа өмнө хүчтэй хуйлран эргэлдэж, эрчим хүч ялгаруулж байгаа хэсэг юм. Энэ хүрээнээс дотогш орвол эргэж буцах ямар ч боломжгүй болдог гэдэг.
Одоогоор судлаачид энэхүү хүрээ ямар байдалтай харагдаж болохыг хийсвэрлэн төсөөлснөө зургаар илэрхийлээд байгаа.
Удахгүй танилцуулах хар нүхний зураг нь алдартай хоёр эрдэмтний онолыг батлан харуулах, эсвэл няцаах юм.
Тухайлбал Стефэн Хокинг 2018 онд нас барахаасаа өмнө бичихдээ “Хар нүхнүүд бидний төсөөлж байгаа шиг тас хар биш байж магадгүй. Учир нь зарим тоосонцрууд сорогдолгүй, хар нүхнээс буцаж гарч чаддаг байж болох юм” гэж байжээ.
Харин Альберт Эйнштэйн хар нүхийг асар их татах хүчтэй тул түүнийг юу ч эсэргүүцэж чадахгүй, цаг хугацаа, орон зайг ч татаж, гажуудуулдаг гэж үзэж байв. Тиймээс тас хар өнгөтэй хар нүх өөрийгөө тойруулан төгс хэлбэртэй цагираг үүсгэдэг гэж Эйнштэйн үзэж байжээ.
Дөрөвдүгээр сарын 10-нд танилцуулах нээлт нь дээрх эрдэмтдийн онол үнэн эсэхийг батлан харуулах чухал үйл явдал юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!