Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/29-НД НИЙТЛЭГДСЭН

Т.Эрдэнэбаяр: Г.Өсөхбаяр аваргатай яг хэдэн секунд барилдсанаа мэддэггүй юм. Нэг л мэдэхэд тэнгэр хараад хэвтэж байлаа

Б.Мөнхзул, Үндэсний шуудан
2019 оны 3 сарын 29
Үндэсний шуудан
 

МҮОНРТ-ийн олон ангит хит бүтээл “Тусгай салаа” киноны Дэндэвийн дүрийг бүтээсэн тун чиг чадварлаг амилуулж, үзэгчдийн сэтгэлд хоногшуулж чадсан жүжигчин Т.Эрдэнэбаяртай уулзаж ярилцлаа. Түүнийг үзэгчид одоо Эрдэнэбаяр гэхээс илүүтэй Дэндэв гэдгээр нь сайн мэддэг болсон.

Хөдөөний адуучин бор залуу цэргийн амьдралд хэрхэн суралцаж буйг харуулдаг Дэндэвийн дүрийг бүтээсэн “нөхөр” бол өдгөө МҮОНРТ-ийн кино албаны дуу оруулагч, жүжигчин мэргэжлээр ажиллаж буй. Саяхан киноныхоо хит дуу болох “Ааваа зорино” бүтээлээр нэрлэсэн анхны бие даасан тоглолтоо хийсэн. Харин өдгөө орон нутгаар аялан тоглолт хийж эхэлжээ. Түүний ярилцлагыг хүргэе.

-10 гаруйн хоногийн өмнө таны бие даасан анхны тоглолт боллоо. Тоглолтдоо хэр сэтгэл хангалуун үлдэв?

-Анхны юм бүхэн сайхан шүү дээ. Үнэхээр сэтгэл хангалуун үлдэж чадлаа. Үзэгчид маш халуун дотноор хүлээж авсан. Миний санаж, төсөөлж байснаас хамаагүй илүү гоё тоглолт болсон шүү. Хүмүүс ч их гоё байлаа. Анхны тоглолтоосоо 100 хувь сэтгэл ханамж авч чадсан учраас орон нутгаар аялан тоглолт хийхээр төлөвлөсөн. Тоглолтоо наран ургах зүг гэдгээрээ зүүн аймгуудаас эхэлж байна.

-Ингэхэд таны бага нас хаана, хэрхэн өнгөрсөн бэ?

-Би Төв аймгийн Цээл суманд төрсөн. Намайг гурван настайд манайх нийслэл рүү нүүж, Ханын материалын үйлдвэр хавьд суурьшсан. Би дунд ангиа есдүгээр сургуульд, ахлах ангиа 40 дүгээр сургуулийг төгссөн. Багадаа нэлээд нүүрэмгий хүүхэд байсан болохоор аав, ээж хоёр минь намайг урлагийн хүн болно гэдэг байв. Тухайн үед аавын минь дүү Дашзэвэг ах “Жамух” чуулгын дуучин байсан юм.

Манай хоёрт хүүгээ Хүүхдийн ордны драмын дугуйланд оруул гэж зөвлөсөн. Тэгээд л ээж, аавтайгаа Хүүхдийн ордны драмын дугуйланд шалгуулсан. Монголын хүүхдийн ордны 44 тоот өрөөнд Д.Саранхүү багшид шалгуулж, “Ээж минь дээ” дууг дуулж байлаа. Өрөөнийх нь цонхоор Богд уул харагддаг. Д.Саранхүү багш руу эгцэлж харж чадахгүй Богд уул руу харж байгаад л дуулсан даа.

Дараа нь “Тэхийн зогсоол” найраглалыг уншлаа. Тэгсэн багш “маргааш бэлтгэлийн хувцастай ирээрэй” гэв. Ингэж л Хүүхдийн ордны драмын дугуйланд элссэн түүхтэй. Миний жүжигчин болох гараа тэр үеэс тавигдсан. Дараа нь 1999 онд СУИС-д урлагийн гавьяат зүтгэлтэн С.Сугар багшийн ангид элсээд 2003 онд төгссөн. СУИС-д гавьяат жүжигчин Мягмар, дараа нь гавьяат жүжигчин Л.Чаминчулуун багшаар тайзны ярианы хичээл заалгасан. Сайхан багш нартаа түмэнтэй талархаж явдаг.

-Танай ангийнхнаас одоо мэргэжлээрээ ажиллаж байгаа хэр олон уран бүтээлч байна вэ?

-Хүүхдийн ордны драмын дугуйланд “Захиалгат инээд” хамтлагийн жүжигчин, одоо “Эмоци” продакшнд байгаа Ө.Мөнх-Эрдэнэ, “ТВ коктейл”-ийн А.Өнөржаргалтай, оюутан ахуйдаа “ТВ коктейл”-ийн Д.Энхбаяр, Э.Цолмонбаяр, “Маск”-ийн Ш.Жавхлан болон П.Хувьзаяа, Б.Чинзориг, Я.Мөнхтулга, Даваажав нартай хамт нэг ангид суралцаж байлаа. Ингээд харахаар бүгд л мэргэжлийнхээ дагуу уран бүтээлээ хийгээд явж байх шив.

-Яагаад орчуулгын киноны жүжигчин болсон юм бэ?

-Намайг дуу оруулагч болоход хамгийн их нөлөөлсөн хүн бол манай ангийн Д.Энхбаяр. Тухайн үед “Гурван марал од” гээд Солонгосын олон ангит киног хүн бүр үздэг байлаа. Д.Энхбаяр Ким Инхагийн дүрд дуу оруулсан. Д.Энхбаяр гоё тослог хоолойтой, дуу оруулалтад гаршсан гэдгийг ч хэлэх үү. Тэгээд орчуулгын киноны дуу оруулагч их л гоё, сайхан мэргэжил санагдсан.

Манай ангиас маш олон орчуулгын киноны жүжигчин төрөн гарсан. Ер нь төгсөгчдийн олонх нь дуу оруулагч болсон. Миний хувьд их сургуулиа төгсөөд драмын театрт орж чадахгүй бол дуу оруулагч болно гэж шийдсэн. Төгсөх ангидаа “UBS” телевизийн кино албанд дуу оруулагчаар дадлагад гарч, улмаар сургуулиа төгсөнгүүтээ шууд тэндээ ажилд орлоо.

Хамгийн анх Энэтхэгийн “Махабахарат” олон ангит киноны өгүүлэгчийн дүрд дуу оруулж байлаа. Байнга зогсож, хоолой уншина. Заримдаа загнуулна. Хэцүү байсан ч дуртай ажлаа хийж байсан болохоор туршлагатай дуу оруулагчдаар заалгаж, тэднээсээ олон ч зүйлд суралцсан. Дунд нь гурван жил завсарлаад, 13 жил дуу оруулагчаар ажиллажээ. Энэ хугацаанд 6,000 орчим кинонд дуу оруулсан байх юм.

Тэгээд нэг кинонд дуу оруулахдаа зөвхөн ганц дүр дээр ажиллана гэсэн ойлголт байхгүй. МҮОНРТ-ийн кино алба бусад телевизийг бодвол олон хоолой салгадаг гэдгээрээ онцлогтой. Тэгэхээр нэг кинонд дор хаяж хоёр дүр дээр ажиллажээ.

-МҮОНРТ-тэй яаж холбогдсон юм бэ?

-2009 оноос МҮОНРТ-ийн кино алба гэсэн сайхан хамт олны дунд орж ажиллаад даруй 10 жил өнгөрчээ. Би өөрийгөө их азтай хүн гэж бодож явдаг. Оюутан байхаасаа л үндэсний телевизийн кинонд дуу оруулахыг хүсэж мөрөөддөг байлаа. Учир нь Д.Энхбаяр маань үндэсний телевизийн кино албанд дуу оруулдаг байсан үе л дээ. Би үндэсний телевизэд дуу оруулагчаар гурван удаа шалгуулж байсан.

Солонгос явахын өмнө хоёр удаа шалгуулсан. Явж ирчихээд ахиад л очиж шалгуулж байлаа. Тэгээд гурав дахь оролдлогоороо орсон. Тухайн үед гавьяат жүжигчин Ж.Дарамсүрэн, Т.Цэмпилмаа, Д.Элбэгсайхан, Н.Нэргүйбаатар зэрэг дандаа мундгууд байлаа. Мөн дууны найруулагч, соёлын гавьяат зүтгэлтэн Л.Сүрэнхорлоо, М.Эрдэнэчимэг эгч байна. Тэдэнтэй хамт ажиллаж, дуу оруулна гэдэг бол баргийн хүнд тохиогоод байхгүй аз завшаан.

-Нэвтрүүлэгч, дуу оруулагчдын хоолой үзэгчдэд танил дотно болсон байдаг. Хоолойг тань сонсоод таньж байсан тохиолдол бий юү?

-Соёлын гавьяат зүтгэлтэн Ж.Дарамсүрэн ахын хоолойг хүн болгон мэднэ. Дарамаа ахыг таксинд суугаад очих газраа хэлэхэд жолооч царайг нь хараагүй байж хоолойгоор нь таньчихдаг. Миний хувьд тэгж хоолойгоороо танигдсан нь юу л бол. Харин хачир болгоод ярихад дэлгүүрт ороод авах бараагаа хэлтэл худалдагч нь гайхаж харснаа “кино гарч байна гэж бодлоо” гэж байсан. Ийм мэр сэр тохиолдол бий.

-Сүүлийн үед Колумбын олон ангит “Цагаан боол” кино үзэгчдийг байлдан дагуулаад байна. Та энэ киноны ямар дүр дээр ажиллав?

-Викторигийн өргөж авсан аав буюу Томас, хуульч Резрепов, боолуудыг харгалзагч Хульёон, эсрэг талын Франциско Гранадус, Гранудусын хамтрагч Кая гэх мэт туслах дүрд дуу оруулсан.

-Дуу оруулагчийн ажлаасаа гурван жил завсарлах хугацаандаа Солонгост ажиллажээ. БНСУ-д очиж амьдарч, ажиллах хүсэлтэй залуус олон бий. Тэдэнд юу гэж зөвлөх вэ?

-2004-2007 онд БНСУ-д ажилласан. Ер нь хүн эх нутагтаа л байх жаргал. Харийн газар аав, ээж, эхнэр хүүхдээсээ хол байх ямар л олиг байх вэ. Мөн Солонгост хүн өөрөө сонгоод дуртай ажлаа хийх боломжгүй. Бөхөлзөж тонголзоно, хүний заавраар хий гэснийг нь л хийнэ гэхээр хэцүү биз дээ. Гэхдээ хүн зорилгодоо хүрэхийн тулд ямар ч саад бэрхшээлийг давдаг байх ёстой. Тэнд ажиллах хугацаанд зогсоо зайгүй зүтгэсний дүнд орох оронтой, унах машинтай болсон.

-“Тусгай салаа” олон ангит киноны Дэндэвийн дүрийн сонгон шалгаруулалтад 800 орчим хүн оролцоод гурван жүжигчин тунаж үлдсэн юм билээ?

-“Тусгай салаа” бол миний анхны дэлгэцийн бүтээл. Би МҮОНРТ-д ороод удаагүй байлаа. Цэргийн тухай олон ангит киноны пробод орно гээд эрчүүд телевизийн байраар гүйлдээд л. Би ч нэг их тоож, ач холбогдол өгөөгүй. Тэгсэн нэг орой ажил дуусаад харих гэж байтал тухайн үеийн “Чандмань” студийн спортын сэтгүүлч Д.Баярсайхан ах таараад “Та нар ажил чинь тарчихсан юм бол дээшээ гарч киноны пробод орооч” гэлээ. 

Бид нар маргааш шалгуулъя гэсэн чинь “юун маргааш, одоо оч” гээд оруулсан. Тэгээд намайг ортол “Чи сая шалгуулаа биз дээ” гэж байна. Би “Үгүй надтай адилхан хүн л шалгуулсан байх” гэтэл маргааш хүрээд ир гэв. Тэгсэн маргааш нь надтай төстэй хоёр нөхөр ирчихэж. Бид гуравт нэг, нэг хуудас текст өглөө. Текстээ уншаад шалгууллаа. Тэгсэн ерөнхий найруулагч Ж.Батбаяр “Та гурвыг гурил байсан бол нийлүүлээд нэг Дэндэв гаргачих юмсан” гээд хэнийг нь сонгохоо мэдэхгүй их эргэлзсэн. 

Гэтэл тухайн үеийн телевизийн захирал Ц.Оюундарь эгч бид гуравтай ярилцаад “Телевизийнхээ хүүхдийг авъя” гэснээр би сонгогдсон. Үнэхээр азтай. Ингэж л Дэндэв болсон түүхтэй.

-“Ааваа зорино” дууг “Тусгай салаа” кино гарахаас ч өмнө зохиосон гэж сонссон. Яаж яваад энэ кинотой холбогдсон юм бол?

-“Тусгай салаа” киноны 14 дүгээр ангийн зохиолд байлдагч Дэндэв тангаргийн баяраараа уртын дуу дуулна гэж бичсэн байдаг юм. Би зохиолоо уншаад “Миний буурал аавд зориулж, нагац ах маань 2000 онд цэргийн алба хааж байхдаа зохиосон дуу байдаг. Тэрийгээ дуулж болох уу” гэж найруулагчаасаа асуусан. Тэгсэн найруулагч сонсъё гэж байна. Дуулж өгтөл “цэрэг эх орны сэдэвтэй уусах юм байна” гээд зөвшөөрсөн.

Намайг Солонгост байхад буурал аав минь өөд болсон. Буурал аав минь намайг урлагийн хүн болно гэж дэмждэг. Дэргэдээ суулгаж байгаад л байнга дуулуулдаг сайхан буурай байсан юм. Буурал аав минь хүүгээ дээрээс харж, буян заяа нь намайг үргэлж ивээдэг гэж боддог. Тиймээс би буурал аавынхаа дурсгалд зориулсан энэ сайхан дуугаа дуулж, буурай аавдаа хүндэтгэл үзүүлье гэж бодсон. Зохиогч нь миний нагац ах Л.Отгонцэнд гэж хүн бий. Одоо Төв аймгийн Цээл сумандаа амьдардаг мянгат малчин залуу бий.

-Жүжигчин Эрдэнэбаярт Дэндэвтэй төстэй ямар зан байдаг вэ. Мөн эрс тэс зүйл гэвэл юуг нэрлэх вэ?

-Би яг Дэндэв шиг гэж байна гэж юу байх вэ. Төстэй нь гэвэл бага байхдаа сургуулийн амралт эхэллээ л бол хөдөө буурай өвөө, эмээгийндээ очно. Хонь, хурга хариулна. Мөн морь мал, адуу ярих дуртай. Энэ талаараа Дэндэвтэй их төстэй. Дэндэвийн дүрийг бүтээхэд эдгээр зүйл ч нөлөөлсөн байх. Зан чанар гэвэл ойрхон төстэй тал нэлээд бий. Эрс тэс гэвэл би Дэндэвийг бодвол бичиг үсэг мэднэ (инээв).

-Дэндэв Үндэсний их баяр наадамд зодоглодог. Тэр хэсгийн зураг авалтыг хийхэд Г.Өсөхбаяр аварга кинонд “тоглож” байгаа гэдгээ мэдээгүй гэсэн?

-Тийм ээ. Аваргад кино зураг авч байгаагаа ерөөсөө хэлээгүй юм билээ. Найруулагч надад “Өсөхөө аварга ерөөсөө мэдэхгүй байгаа. Тиймээс чи эрэмгий, хөдөөний эршүүд залуугийн байр байдлыг гаргаад, 30 секунд уначихгүй тэсээрэй” гэж үүрэгдсэн. 

 

Тэгсэн Г.Өсөхбаяр аварга зүүн талыг магнайлаад гараад ирэхэд засуул цэцэрлэгийн хүүхдийг аав ээжид нь тушааж өгөх гэж байгаа аятай намайг тохойноос минь бариад аварга дээр аваачаад “Аварга аа, энэ таны учраа” гэж хэлж билээ. Би хоёр тийшээ кино камер руу харлаа. MNB-ийн лого, камертай зураглаач нар бэлэн болчихсон надад дохио өгч байна.

Тэгээд л би Г.Өсөхбаяр аваргатай өрсөн дөө. Яг хэдэн секунд болсныг мэдэхгүй. Нэг мэдсэн намайг сэнжигний барьцаас гуд татаад л сэгсрээд унагаачихсан. Тухайн үед маш их сандарсан. Хугацаа сунгах гээд ухарч зугтсан. Тэгсэн аварга хоёр гараа унжуулаад, уурласан байртай өөдөөс ирж байна.

Аваргыг уурлуулж болохгүй гэж бодоод шууд л дайраад орсон чинь нэг мэдэхэд тэнгэр харчихсан байсан. Гэхдээ Монгол Улсын аварга, арслан, заануудтай наадмын зүлэг ногоон дэвжээн дээр гараад огшсон шүү.

-Киноны санал хэр олон ирж байна. Ирээдүйд ямар дүр бүтээхийг хүсдэг вэ?

-“Тусгай салаа” киноноос хойш цөөнгүй бүтээлд тоглосон доо. Киноны санал ирэхээрээ ажилтай давхцаад цаг зав боломж гардаггүй. Харин ирээдүйд моно жүжигт тоглохыг хүсдэг. Мөн дэлгэцийн бүтээлд эерэг дүрд ажиллаж үзсэн болохоор эсрэг талын дүрд өөрийгөө сорьж үзэх юмсан гэж боддог.

Зураг