Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/28-НД НИЙТЛЭГДСЭН

Хууль, шүүхийн тогтолцоогоо эрс өөрчилж үзье: “Common Law”-д шилжих үү?

ikon.mn
2019 оны 3 сарын 28
iKon.MN
Зураг зураг

Монгол улс эх газрын эрх зүйн тогтолцоо буюу Ром-Германы эрх зүйн тогтолцоотой улсын тоонд ордог. Тэгвэл Англо-Саксон буюу нийтлэг эрх зүйн (Common Law) тогтолцоогоор яваад үзье. Үнэндээ энэ хоёр тогтолцооны ихэнх шинж чанар адил төстэй болж байгаа гэж зарим эрдэмтэд үздэг.

Хамгийн гол ялгаа нь шүүхийн шийдвэр гаргах процесс. Common Law-д Шүүхийн прецедент буюу өмнөх ижил төстэй хэргийг хэрхэн яаж шийдвэрлэснийг удирдлага болгодог бол, эх газрын эрх зүйн тогтолцоонд тийм практик байдаггүй. Өнгөц бодоход зарчмын ялгаа гарахгүй мэт, эсвэл эх газрын систем нь илүү юм шиг бодогдоно. Гэхдээ аль аль улсынх шүүхийн шийдвэрүүдийг уншаад байхад, хууль хэрэгжүүлэх практик, тогтсон хэв маяг зэргийг мэдэрсний дараа Common Law-ийг туршмаар санагдаад байх юм. Энэ бодлоо зөвтгөх үүднээс олон янзын тайлбар, аргумент гаргаж болох ч, үндсэн хэдийг нь дор дурдъя. Үүнд:

1.Шүүхийн шийдвэр гаргах үйл явцыг “субьектив” биш “обьектив” болгох ёстой.

Субьектив, обьектив гээд гадаад үгнүүд хэрэглэхээр мэдээж ойлгомжгүй ч юм шиг, эсвэл хийсвэр зүйл ярьж буй мэт санагдах байх. Энгийн тайлбарлах гэж оролдъё.

Монголын шүүхээс эхэлье. Шүүгч хууль хэрэглэнэ. Өөрөөр хэлбэл тухайн шийдвэр гаргахдаа хамгийн холбогдолтой гэж үзсэн хуулийн холбогдох зүйл заалтуудыг олох, хэрэглэх хэрэг гарна. Дараа нь тэдгээр зүйл заалтуудыгаа ишилж, шийдвэрээ гаргана. Үүний гол асуудал нь юу вэ? Тухайн хэргийг шийдэж байгаа шүүгч тухайн хуулийн зүйл заалтыг хэрхэн ойлгох, тайлбарлах вэ гэдэг асуудал гарна.  Жишээ нь, нэг хуульд ийм заалт байлаа гэж төсөөлье: “Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь компанид хохиролтой шийдвэр гаргасан тохиолдолд тухайн хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна”. Энэ заалтыг шүүгч хэрхэн тайлбарлах бол? Ялангуяа “компанид хохиролтой шийдвэр гаргасан тохиолдол” гэдэгт юуг ойлгох талаар хуульд дурдаагүй бол яах бэ? Магадгүй “А” шүүгч компанид хохирол учруулсан бүхий л Төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэр үүнд хамаарна гэж үзэж байхад, “Б”шүүгч бүх шийдвэр бус, зөвхөн тодорхой хэлцэл баталсан шийдвэр үүнд хамаарна гэж үзэх боломжтой.

Магадгүй “В” шүүгч бүүр өөрөөр буюу компанид хохиролтой шийдвэр гаргах гэдэгт өөрийн итгэл үнэмшлээр шийдвэрлэсэн шийдвэр орох ёсгүй, зөвхөн сонирхлын зөрчилтэй, эсвэл компанид хохирол учрах боломжтой байсан гэдгийг мэдэх боломжтой байсан боловч хайхрамжгүй хандсан тохиолдолд үйлчилнэ гэж үзэж болно. Энэ мэтчилэн шүүгч яаж тайлбарлах бол гэсэн таамгууд дуусашгүй хөвөрнө. Энийг “Субьектив” оролцоо гэж нэрлээд байгаа юм. Өөрөөр хэлбэл, шүүгч хэргийг шийдэхдээ, тухайн хуулийн зүйл заалтыг тайлбарлахдаа, өөрийн итгэл үнэмшил, туршлага дээрээ үндэслэж байгаа. Үүний буруу байхгүй.

Хамгийн гол нь шүүгч болгон өөр өөр итгэл үнэмшил, дадлага туршлагатай. Яг ижил төрлийн хэрэг дээр өөр өөр шүүгч, өөр өөр шийдвэр гаргавал яах вэ?   Шүүгчдийн шийдвэрүүдийн аль нь зөв, аль нь бурууг тогтоох нь чухал биш. Харин олон янзын хариу гарах магадлалыг бий болгож байгаа нь илүү том асуудал болоод байна. Ийм орчин нөхцөлд авлигач, эсвэл ашиг сонирхлын зөрчилтэй шүүгч ажиллавал юу болох бэ? Хуулийн зүйл заалтыг дур зоргоороо тайлбарлах, гүрийх, мэдэн будилах, гүжирдэх боломжийг олгож байна.     

Одоо Common Law-ын систем рүү оръё. Дээрхтэй яг адил жишээ авч үзье. Шүүгч нар “төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн нь компанид хохиролтой шийдвэр гаргасан тохиолдолд тухайн хохирлыг өөрийн хөрөнгөөр хариуцна” гэдгийг тайлбарласан өмнөх шүүхийн шийдвэр байна уу гэдгийг шалгана. Хэрэв байхгүй бол энийг юу гэж үзэх ёстой бэ гэдэг томьёо, томьёолол гаргаж ирнэ. Яг тоонд хэрэглэдэг шиг. Дараа дараагийн шүүгч нь тэр томьёог хэрэглээд явна. Мэдээж уг томьёог хэрэглэх бүрдээ сайжруулаад, эсвэл засаж залруулаад, буруу байвал өөрчлөөд явна.

Хамгийн гол нь томьёо, томьёололтой байх нь чухал. Ингэснээр шүүгч бүр “Субьектив” байдлаар хандах хандлагыг багасгаж, харин томьёо хэрэглэх буюу шүүгч бүр “обьектив” байдлаар хандах, ингэснээр ард иргэд, бусад этгээдүүдэд илүү ойлгомжтой байдал бий болгож байна. Одоо жишээ руугаа буцаж оръё. Энэ тохиолдолд эхний хэрэг шийдсэн шүүгч нь “Компанид хохиролтой шийдвэр гарсан гэдэг”-ийг тогтоохын тулд эхлээд тухайн шийдвэр нь “бизнесийн энгийн шийдвэр” (business judgment rule) гаргах жамаар байсан эсэхийг эхэлж тогтооно.

Хэрэв шийдвэр нь “бизнесийн энгийн шийдвэр” байсан бол “компанид хохиролтой шийдвэр гарсан” гэж үзэхгүй гэдэг томьёо гаргав. Ингэснээр ТУЗ-ын шийдвэр нь бизнесийн энгийн шийдвэр” (business judgment rule) байсан бол ийм хариуцлага хүлээхгүй юм байна гэдэг ойлгомжтой гаргалгаа, хамгаалалтыг бий болгов. Дараагийн шүүгч нь “бизнесийн энгийн шийдвэр” (business judgment rule) гэдгийг юу гэж ойлгох вэ гэдэг үргэлжлэл томьёог нь гаргав. Ингэхдээ шийдвэр гаргахдаа ийм 4 төрлийн элемент буюу шаардлагыг (сонирхлын зөрчилгүй, шийдвэр гаргахдаа холбогдох мэдээллийг бүрэн танилцсан, компанийн эрх ашгийг тэргүүн ээлжид тавьсан, өөрийн итгэл үнэмшлээр хандсан) хангасан бол бизнесийн энгийн шийдвэр гаргасан гэж үзнэ гэв.

Өөрөөр хэлбэл “бизнесийн энгийн шийдвэр” (business judgment rule) = A + B + C + D гэдэг томьёо зохиов. Дараа дараагийн шүүгчид А, B, C, D-г яаж ойлгох талаар тус бүр томьёог баяжуулав. Нийгэм хөгжихийн хирээр томьёонд өөрчлөлт оруулж болно. Улмаар зарим төрлийн хэрэг дээр “бизнесийн энгийн шийдвэр” (business judgment rule) = A + B + C + D + Е гэж хэрэглэх ёстой болж, томьёонд нэмэлт элемент оруулж ирэв. Ингэснээр бүх шүүгч нар томьёоны дагуу тоогоо бодох болов. Авлигач шүүгч “томьёо”-ны дагуу илт буруу шийдвэр гаргана гэдэг нь хэцүү болж хувирна.  Томьёонуудаа мэдэхгүй бол ажлаасаа халагдана. Хуулийн сургуулийн оюутнууд, эрдэмтэд, өмгөөлөгчид, багш нар, улмаар байгууллагууд, иргэд хүртэл нөгөө томьёонуудаа мэддэг, боддог, шүүмжилдэг болно. Ингэснээр томьёонууд сайжирна уу гэхээс муудахгүй. Хууль шинээр гарлаа гэхэд асуудал байхгүй. Шинэ хуулийн тодорхойгүй зүйл заалтуудад нийцсэн шинэ “томьёо”-нуудаа зохиогоод, хэрэглээд, сайжруулаад явна. 

2.Шүүхийн шийдвэр гаргахад “томьёо” хэрэглэснээр (субьектив хандлагыг багасгаснаар) хуулийн хэрэгжилт сайжирч бусад давуу талууд бий болно. 

Шүүх дээр хэрэг маргаан шийдэхэд шүүгчийн “субьектив” хандлагыг бууруулчихвал бусад “субьектив” хандлагууд бас аяндаа буурна. Тухайлбал, хуулийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтнуудын хуулийг дор зоргоороо тайлбарлах хандлагыг бууруулж өгнө. Хуулийг хэрэгжүүлдэг байгууллага, албан тушаалтнууд ихэвчлэн хуулийн зүйл заалтыг өөрсдийн ойлголт, үзэмжээр тайлбарлах хандлагатай байдаг. Жишээ нь мэргэжлийн хяналтын байцаагч, татварын байцаагч нарын үйлдлийг дурдаж болно.

Хүссэн үедээ хүссэн хуулийн заалтаа үндэслэж байгаад янз бүрийн акт тавьж чаддаг. Эсвэл хууль зөрчсөн үйлдэл байхад мэдэн будилаад, хайхрахгүй яваад байдаг. Улмаар бөөн маргаан үүсэж, эцэст нь шүүхээр шийдүүлдэг. Шүүхийн шийдвэр яаж гарах нь дээр дурдсанчлан тодорхой бус. Энэ мэтчилэн “тодорхой бусын хонгил” дотор хууль хэрэгжүүлэгч, шүүгч нарын “субьектив” нөлөө ихсэхээр хуулийн хэрэгжилт ижил тэгш үйлчлэхээ байж, шударга ёс алдагдана.  Хэрэв шүүхийн шийдвэр хэрхэн гарах нь ойлгомжтой, хуулийн зүйл заалтыг хэрхэн тайлбарлах нь тодорхой томьёо, томьёололтой болчихвол, шүүгч өөрийн үзэмжээр хандахыг хязгаарлаж чадвал, улмаар хууль хэрэгжүүлэгч нар мөн адил дур зоргоороо, өөртөө ашигтайгаар хуулийг тайлбарлах, хэрэглэхийг хязгаарлаж чадна.

3. Хэн шийдвэр гаргах нь чухал биш болно.

“Субьектив” хандлагыг бууруулчихвал хэн гэдэг шүүгч шийдвэр гаргах нь чухал биш болно. Эсвэл шүүхийн шатанд очихоос өмнө хэн гэдэг татварын байцаагч татварын хяналт хийх, эсвэл хэн гэдэг прокурор яллах дүгнэлт үйлдэх нь хамаагүй болж ирнэ. Ингээд ирэхээр тухайн хувь хүмүүстэй холбоо тогтоох,  хувь хүмүүсийг судлах, авилгадах, нөлөөлөх гэж оролдох нь багасна.

Харин үүний оронд асуудлын факт, мөн чанарт илүү анхаарлаа хандуулна. Нөгөө томьёо, томьёоллуудаа бодох хэрэг гарна. Үүнийгээ нотлохын тулд хуульчид нь жинхэнэ утгаараа мэтгэлцэх, асуудлын мөн чанарыг олохыг эрмэлзэнэ. Шүүгчийг таньдаг, үгсэн хуувилддаг хулхи хуульчдын эрин үе дуусаж, кинон дээр гардаг шиг супер хуульчдын эрин үе ирнэ. Өрсөлдөөн шударга болсноор хуульч, өмгөөлөгчдийн арга барил, мэргэжлийн ур чадвар сайжирна. Ингэснээр хуульч, өмгөөлөгчдийн нэр хүнд нийгэмд өснө. Улмаар шударга ёс, хууль, шүүхэд итгэх итгэл төгөлдөржих учиртай. 

4. Улс төрийн нөлөө багасна.

Шүүгчийг томилох, эсвэл сонгох эсэх нь тусдаа асуудал. Харин сонгогдсон, эсвэл томилогдсон шүүгч тухайн томилсон этгээддээ үйлчлэх боломжийг хаах ёстой. Дээр дурдсан шүүгчийн “субьектив” нөлөөллийг хаахгүйгээр ингэх боломжгүй мэт санагдана. Улс төрчид, эрх мэдэлтнүүд өөрсдөдөө үйлчлэх шүүгчийг томилохыг эрмэлзэнэ. Үүнийг хаахын тулд дээр дурдсанчлан шүүхийн шийдвэр гаргах үйл явцыг “субьектив” биш “обьектив” болгох ёстой. Ингэснээр томилогдсон шүүгч улайм цайм шийдвэр гаргах, үзэмжээрээ хандахыг болиулж чадна. Улс төрч хувь этгээд, намуудын хувьд шүүгчийн томилгооны ач холбогдол багасаад ирэхээр (томилсон талдаа үйлчлэх боломжгүй) улс төрчид илүү мэргэжлийн зөв томилгоо хийх боломжтой болно. 

Энэ мэтчилэн Common Law-ын давуу талыг үргэлжлүүлэх боломжтой ч энд хүрээд өндөрлүүлье. Монголчуудад ялангуяа илүү тохиромжтой санагдаад байгаа. Монголчууд бидний ураг төрөл хамаатан саднаа гэсэн сэтгэлгээ, хүнд хахир цагт нэг нэгэндээ тус болдог үзэл баримтлал, хамтран амьдрах нүүдэлчин зан заншил нь Монголчуудыг нэг нэгэнтэйгээ ойр дотно, элгэмсэг, харилцаа холбоотой байхад сургасан. Энэ нь мэдээж авууштай тал санагддаг.

Гэхдээ энэхүү хувийн харилцааг хувийн бус зүйлд ашиглах нь бараг нийтлэг үзэгдэл болсон. Ураг төрөл, хамаатан садан, нэг сургууль, нэг нутаг, нэг байр, нэг хороолол, нэг ажил гэх мэтээр янз бүрийн хүрээлэл бий болно. Бас үүн дээр нэмэгдээд нэг нам, нэг төрийн бус байгууллага (JCI, Rotary), нутгийн зөвлөл гэх мэтээр танил талаа ихэсгэх, харилцан танилцах боломж, нөхцөлүүд зөндөө. Үүнийг хориглох боломжгүй, бас хориглох гэж оролдох нь угаасаа утгагүй.  Харин энэхүү танилын харилцаа холбоо нь албаны хэрэгт давуу тал үүсгэдэггүй байх нь чухал. Ингэхийн тулд шийдвэр гаргах үйл явцыг “субьектив” биш болгох нь хамгийн үр дүнтэй арга байх гэж үзэж байна. 

Common Law-д шилжинэ гэдэг нь системийн томоохон өөрчлөлт учраас улс төрийн зоригтой шийдвэр, зардал мөнгө, цаг хугацаа шаардах нь тодорхой. Гэхдээ ингэж эрс шинэчлэл хийхгүй л бол хэдэн хүн солигдоод л байдаг, суурь асуудал нь хэвээрээ л байсаар байх болно. Зарим хүний санал болгосон шиг эхний үедээ Common Law-ын мэргэшсэн гадаад шүүгчдийг түр хугацаагаар ажиллуулж, Монгол шүүгчдээ дадлагажуулж яагаад болохгүй гэж? 

Одхүүгийн Эрдэнэдалай, 

“Мелвилл Эрдэнэдалай (M&E)” ХХН-ийн гүйцэтгэх захирал, нөхөрлөлийн гишүүн (партнер)

 

2019.03.28