Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/14-НД НИЙТЛЭГДСЭН

О.Бавуудорж: Манай улсын сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 200 мВт-д ойртсон

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 14
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Эрчим хүчний яамнаас 2019 оныг Ухаалаг эрчим хүчний жил болгон зарласан билээ. Үүний хүрээнд тус яам өнөөдөр Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант Улсын элчин сайдын яамтай хамтран “Ухаалаг эрчим хүч” форумыг зохион байгуулж байна.

Форумд Эрчим хүчний яам, Эрчим хүчний зохицуулах хороо, Эрчим хүчний хөгжлийн төв, Диспетчерийн үндэсний төв, эрчим хүчний салбарын үйлдвэр компаниуд болон Монгол Улс дахь гадаадын элчин сайдын яамдын төлөөлөл, эрчим хүчний салбарын мэргэжлийн холбоод, хувийн хэвшлээс бүрдсэн 170 гаруй төлөөлөгч оролцож буй юм.

О.Бавуудорж: Тээвэр, санхүүгийн хувьд томоохон хүндрэл гарч байна
 
Гэрэл зургийг mpa.mn

Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхэд тулгамдаж буй асуудлын талаар Эрчим хүчний яамны Бодлого, төлөвлөлтийн газрын Сэргээгдэх эрчим хүчний хэлтсийн дарга О.Бавуудоржоос тодрууллаа. 

-Одоогоор манай улсад хэдэн нарны болон салхин цахилгаан станц ажиллаж байна вэ?

-Салхин цахилгаан станц гурав, дөрвөн нарны цахилгаан станц ажиллаж байна. Мөн дахин нэг нарны цахилгаан станц ашиглалтад орох дөхсөн. Энэ бүгд хувийн хэвшлийн хөрөнгө оруулалттай. Ингэснээр нийтдээ сэргээгдэх эрчим хүчний нийт хүчин чадал 200 мВт-д ойртсон. 2020 он гэхэд Монгол Улсын нийт эрчим хүчний 20 хувь нь сэргээгдэх эрчим хүч байна гэсэн зорилт дэвшүүлсэн. Үүнд 2019 онд хүрэх төлөв ажиглагдаж байна. 

-Тулгамдаж байгаа асуудал юу байна вэ. Мөн үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ?

-Сэргээгдэх эрчим хүчний чадал нэмэгдэж байгаа нь сайн боловч нөгөө талдаа тээвэр, санхүүгийн хувьд томоохон хүндрэл гарч байна.

Нэгдүгээрт, тохиолдож буй том хүндрэл нь эрчим хүчний тогтвортой байдлыг хангах асуудал. Манай эрчим хүчний системийн 80 гаруй хувийг нүүрсээр ажилладаг дулааны цахилгаан станцууд нийлүүлж байна. Эдгээр станц нь хагас суурь горимд ажилладаг бөгөөд гаралт тогтвортой байдаг бол сэргээгдэх эрчим хүч нь нар, салхины хүчин чадлаа дагаад үргэлж хувьсан өөрчлөгддөг.

Гэтэл эцсийн хэрэглэгчийн хүсэл нь эрчим хүч тогтвортой байх. Сэргээгдэх эрчим хүчний хувьсамтгай эх үүсвэр нэмэгдээд эхлэхээр нийт эрчим хүчний систем тогтвортой байдлаа алдах нөхцөл үүсэж байгаа юм. Үүнийг цаашид тогтвортойгоор нэмэгдүүлэхгүй бол эрчим хүчний системд хүндрэл үүсэх эрсдэлтэй. 

Хоёрдугаарт, дамжуулах шугам сүлжээний асуудал. Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр нь нар, салхины нөөцөө дагаад хол байрласан байдаг бол хэрэглээ нь Улаанбаатар хотыг тойрсон байдаг. Тэгэхээр үүнийг хэрэглэгчид рүү буюу төв суурин газартаа яаж авчрах вэ гэдэг асуудал бий учраас шугам сүлжээг өргөтгөхөөс өөрөөр эх үүсвэрийг хүлээж авах боломжгүй. 

Гуравдугаарт, сэргээгдэх эрчим хүчийг Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу өндөр үнээр худалдан авдаг. Уламжлалт эх үүсвэрийн үйлдвэрлэж буй эрчим хүч нь харьцангуй бага үнэтэй. Хоёр төрлийн эрчим хүчний үнийн зөрүү их байна. Одоогоор мөрдөж буй Сэргээгдэх эрчим хүчний хуулийн дагуу дэмжих тарифыг эцсийн хэрэглэгч ашигласан эрчим хүчний кВт цаг тутамд сэргээгдэх эрчим хүчинд зориулан төлдөг.

Хэрэв сэргээгдэх эрчим хүчний салбар цаашид тодорхой төлөвлөлтгүй хувьссаар байвал эцсийн дүндээ төлж чадахгүй хэмжээнд хүрэх магадлалтай байна. Эдгээрийг шийдвэрлэхийн тулд эн тэргүүнд хууль, эрх зүйн орчинд шинэчлэлт оруулах шаардлагатай. Мөн техник технологийн асуудалд анхаарлаа хандуулж, ухаалаг техник технологийг  нэвтрүүлэх шаардлагатай. 

Роберт Сонога: Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлэхийн тулд гадны хөрөнгө оруулагчдад үүдээ нээж өгөх хэрэгтэй
 
Гэрэл зургийг mpa.mn

"Hydroplan" компанийн Техник хариуцсан захирал Роберт Соногагаас сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд хэрхэх нь зөв бэ хэмээн асуухад гаднын хөрөнгө оруулагчдад үүдээ нээж өгөх хэрэгтэйг онцолсон. Үргэлжлүүлэн тэрбээр, "Сэргээгдэх эрчим хүчийг хөгжүүлж, хүчин чадлыг нэмэгдүүлэхийн тулд нэг том станц барихын оронд олон тооны жижиг станц барих нь ашигтай бөгөөд зөв шийдэл.

Мөн нийт эрчим хүчний хэдэн хувийг ногоон эрчим хүчээр хангах вэ гэдэгт бус хэдэн мВт-ын чадалтай эрчим хүч үйлдвэрлэж чадах вэ гэдэгт анхаарах ёстой" гэлээ.  

"Ухаалаг эрчим хүч" форумд оролцогчид эрчим хүчний салбарт шинээр нэвтрүүлж болох эрчим хүчний ухаалаг шийдлүүдийн талаарх Их Британи Умард Ирландын Нэгдсэн Вант улсын туршлагууд болон Монгол улсад эрчим хүчний салбарт нэвтрүүлж ухаалаг технологийн талаар санал солилцохын зэрэгцээ Европын сэргээн босголт, хөгжлийн банкны Монгол дахь эрчим хүчний системийн үйл ажиллагаа болон Азийн хөгжлийн банкны Сэргээгдэх эрчим хүчний төслийн талаар хэлэлцэж байна.