Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/13-НД НИЙТЛЭГДСЭН

Индонезийн Lion Air компани захиалсан Боингийн онгоцнуудаа солих санал тавьжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2019 оны 3 сарын 13
iKon.MN
Зураг зураг

Индонезийн агаарын тээврийн Lion Air компани Боингтой байгуулсан гэрээгээ өөрчилж, захиалсан онгоцнуудынхаа загварыг солих талаар ярилцаж байгаагаа өчигдөр мэдээлжээ.

Ням гарагт Этиопт гарсан ослын дараа ийм арга хэмжээ авч эхэлсэн байна. Lion Air компанийн Boeing 737 Max-8 загварын нисэх онгоц өнгөрсөн оны аравдугаар сард мөн осолдож, 189 хүний амь үрэгдэж байсан юм.

Тус компани нийтдээ 222 ширхэг Boeing 737 Max 8, 9, 10 загваруудыг $22 тэрбумаар авах захиалгыг АНУ-ын Боинг компанид өгөөд байсан ажээ.

Захиалсан нисэх онгоцнуудыг 2035 онд авч дуусах бөгөөд одоогийн байдлаар 11 нь ашиглагдаж эхэлсэн юм байна.

Гэвч Boeing 737 Max загварын хоёр онгоц таван сар хүрэхгүй хугацаанд дараалан ижил төстэй байдлаар осолдсон нь Lion Air компанийг захиалгаа өөрчлөхөд хүргэжээ.

Тиймээс техникийн хувьд асуудалтай байж болзошгүй болоод байгаа нисэх онгоцыг өөр загварын онгоцоор солих асуудлыг Боинг компанитай хэлэлцэж эхлээд байгааг Lion Air компанийн гүйцэтгэх захирал Даниэл Путу мэдээлжээ.

 

Эх сурвалж: Xinhua