Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/03/06-НД НИЙТЛЭГДСЭН

"Боловсролын зээлийн сан Chevening-ийг 100%, Fulbright-ийн тодорхой хувийг санхүүжүүлдэг"

Б.Бадамгарав, IKon.mn
2019 оны 3 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Боловсролын зээлийн сангаас зээл аван гадаадад суралцагчдын нэрийн жагсаалт саяхан ил тод болсон билээ. Уг жагсаалтад зарим улсын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдсан хүмүүсийн мэдээлэл ч багтсан юм. Үүний учрыг Боловсролын зээлийн сангийн Захиргаа, хүний нөөц, хамтын ажиллагааны Ажлын албаны дарга Б.Отгонтөгсөөс тодрууллаа.

-Танай сангаас зээл авч суралцсан иргэдийн дунд Fulbright тэтгэлгээр суралцсан хүмүүсийн нэр байсан. АНУ-ын Засгийн газрын тэтгэлэг авсан хүний мэдээлэл яагаад Монголын зээлийн санд бүртгэлтэй байгаа талаар тодруулахгүй юу?

-Fulbright тэтгэлэгт хөтөлбөр нь хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагддаг. Сонгон шалгаруулалтыг АНУ-ын Элчин сайдын яам болон Боловсролын яам зохион байгуулдаг. Харин санхүүжилтийг АНУ болон Монгол Улсын Засгийн газраас ихэвчлэн тэнцүү хуваан гаргадаг бөгөөд Монголын талаас гаргадаг хувийг нь Боловсролын зээлийн сангаас санхүүжүүлдэг гэсэн үг.

-Chevening, Australian awards-д тэнцсэн хүмүүсийн төлбөр, амьжиргааны зардал нь хэрхэн шийдэгдэж байна вэ. Fulbright-тай адил байдаг уу?

-Олон улсын тэтгэлэгт хөтөлбөрүүд маш олон төрөл бөгөөд тухайн гэрээнд юу гэж зааснаас хамаардаг. Австралийн тэтгэлэгт хөтөлбөр нь тухайн улсаасаа 100 хувь санхүүждэг. Харин Chevening хөтөлбөрийн санхүүжилт 100 хувь манай сангаас гардаг. Мөн гадаадын их, дээд сургуульд тэнцэн, урилгаа авсан ч төлбөрийн чадамж хүрэхгүй бол Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд хандаад шалгаруулалт, ярилцлагад орж болдог. Яамны сонгон шалгаруулалтын эцсийн шатанд тэнцсэн хүмүүсийн сургалтын төлбөрийг манайхаас санхүүжүүлдэг. Харин сонгон шалгаруулалтын явцад манай сан огт оролцдоггүй. 

-Хятад, Япон, Орос зэрэг хэд хэдэн улсын Засгийн газрын тэтгэлэг жил бүр зарлагддаг. Эдгээр улсаас тэтгэлэг авахад санхүүжилт нь мөн Засгийн газар хоорондын гэрээгээр зохицуулагддаг уу?

-БНСУ, Япон, ОХУ зэрэг бусад орны тэтгэлэг нь 100 хувь тухайн улсаас санхүүждэг. Үүнийг Засгийн газар хоорондын гэрээгээр бус, Элчин сайдын яам нь зохион байгуулан, тэтгэлэг олгодог. Харин Украин, Польш, Унгарын Засгийн газрын тэтгэлгээр суралцах хүмүүсийн сургалтын төлбөрийг тухайн улсын Засгийн газар гаргадаг бол амьжиргааны төлбөрийг нь Боловсролын зээлийн сангаас олгодог.