Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/02/26-НД НИЙТЛЭГДСЭН

ЗӨВЛӨГӨӨ: Амины орон сууцаа зөв төлөвлөх нь чухал

Барилга.мн
2019 оны 2 сарын 26
Барилга.МН
Зураг зураг

Сүүлийн үед иргэд хотын төвөөс холгүй боловч агаарын бохирдол багатай, байгальд ойр, очих, буцах зам сайтай, жилийн аль ч улиралд аж төрөх боломжтой, дундаж талбайтай орон сууцыг хямд төсөр зардлаар барихыг илүүд үзэх болов. Мөн хувийн орон сууц барих газарт цахилгааны шугам сүлжээ хүрсэн, халуун, хүйтэн ус хангамж, халаалт, бохир ус зайлуулах асуудлаа шийдэх боломжтой бол илүү сайн. Ийм орон сууцны ашиглалтын зардал ч харьцангуй бага байдаг. 

Өөрийн. хүссэн байшин сууцаа барихын тулд юуны өмнө танд зөв төлөвлөлт, ухаалаг сонголт хийх зайлшгүй шаардлага тулгарна. Ийм хүсэл сонирхолтой иргэдэд зориулан амины орон сууцыг төлөвлөх, барих талаар цуврал зөвлөгөөг хүргэж байна. 

1. Өөрийн төсөөллөө цаасан дээр буулгаарай

 

Өөрийн хэрэгцээ шаардлагад нийцсэн хэмжээ загвар бүхий амины орон сууцаа төсөөлөн бодож, та төсөөллөөрөө оновчтой шийдэл олохгүй бол бусдын барьсан байшин сууцыг судлах, амины орон сууцны сэтгүүл үзэх, “Google” хайлтаас төрөл бүрийн вэб хаягуудаар зочилж, олон янзын санаа авч болно, төсөөллөө болж өгвөл цаасан дээр буулгаад сайхан муухай гэлтгүй зураад үзээрэй. Жижиг гэлтгүй бүхий л санааг цаасан дээр жагсааж бичих нь чухал. 

Байшин барихад ерөнхий шаардлагууд тавигддаг. Эдгээрийг хамгийн эхэнд гаргах нь зүйтэй. Үүнд: давхрын тоо, өрөөний тоо, талбайн хэмжээ, хана, шал, хучилтын бүтэц, ямар дээвэртэй байх, мансардтай эсэх, орох хаалгандаа тамбур хийх, гарааш, зоорийн давхартай байх эсэх зэрэг олон асуудлыг тодорхой болгох хэрэгтэй. Ийнхүү ерөнхий жагсаалт бэлэн болсон бол өрөөний зохион байгуулалтыг шийдэх хэрэгтэй.

Барилгын тухай анхан шатны мэдлэгтэй болох нь чухал бөгөөд энэ нь цаг хугацаа их зарцуулах хэдий ч та шантралгүй мэргэжлийн байгууллагуудаас зөвлөгөө аван тэдгээрийг хооронд нь харьцуулан, барилгын материалуудын шинж чанар, үнэ өртгийн талаарх мэдээлэл цуглуулж, дэвшилтэд технологиудыг судлах нь барилга барих явцад их тус болно.

2. Байршил, зөв төлөвлөлт маш чухал

 

Амины орон сууцны байршлаас тухайн барилгын суурь зоорийн хийц бүтээц, үнэ өртөг ихээхэн хамаарна. Буурь хөрснийхөө шинж чанарт нь нийцсэн суурь хийж чадвал барилгад эвдрэл гэмтэл үүсэхгүй, удаан жил засвар хийлгүй ашиглах боломжтой, чанар сайтай болно. Сонгосон байршил тань үер усны сав газар, мод ургамлын тархалт их, намаг балчигтай эсэхийг анхаарахаас гадна дэд бүтцээс хэр хол байгааг анзаарч, түүнтэй холболт хийх боломжтой байх нь маш чухал. 

Мөн байгаль, цаг уурын онцлог, нарны тусгалыг анхаарах, өвөл цас, зун шавартай үед халтиргаа гулгаанаас үүдэн тээврийн хэрэгсэл хүрч очих эсэх зэрэг бүгдийг бодолцох хэрэгтэй.

Дараах үндсэн шаардлагуудыг архитектур төлөвлөлтөд тусгах хэрэгтэй.

  • Гадна гадаргуугийн талбайн хэмжээ буюу барилгын хэлбэр овор багатай байх
  • Өмнө зүг рүү харсан хаших бүтээцийн талбайг аль болох их байлгах;
  • Материалын сонголтод анхаарах, байгалийн гаралтай барилгын материал хэрэглэх;
  • Дулааны алдагдалгүй байх;
  • Барилгын нарны эрчим хүчний ашиглалтыг нэмэгдүүлэх;
  • Өрөөний зохион байгуулалтад дулаан солилцоо болон агаар сэлгэлтийн онцлогийг харгалзах;
  • Байгалийн гэрэлтүүлгийг аль болох урт хугацаатай байхаар тооцоолох;
  • Барилгын талбай их байх нь анхдагч зардлыг ихэсгэхээс гадна ашиглалтын зардлыг мөн адил ихэсгэдэг.
  • Унтлагын 1-3 өрөө, зочны, гал зуухны, ариун цэврийн гэсэн үндсэн өрөөтэйгөөр төлөвлөх нь зүйтэй
  • 1 хүнд ногдох талбай 8м2-аас их байвал зохимжтой.
  • Барилга нь баруунаасаа зүүн тийшээ сунасан, өргөтгөх боломжтой, өргөн: урт нь 2:3 гэсэн харьцаатай байвал тохиромжтой. 
 

Та байшингаа төсөfлөх, өрөөний зохион байгуулалтаа хийхдээ орон сууцны барилгын зураг төсөл зохиоход баримталдаг барилгын норм дүрэм “БНбД31-05-05 Нэг айлын сууц”, “БНбД31-01-10 Орон сууцны барилгын зураг төсөл төлөвлөлт”-ийн /www.Legalinfo.mn-с харж болно/ доорхи заалтуудыг харгалзаж үзээрэй. БНбД31-01-10 нормыг нийтийн орон сууцанд баримталдаг ба хувийн орон сууцанд үүнийг жишиг болгон ашиглаж болох юм. 

Сууц нь дараах өрөө тасалгаануудтай байвал зохино: унтлагын ба зочны өрөө, гал тогоо, ариун цэврийн буюу шүршүүрийн өрөө, бие засах өрөө, агуулах, ханын шүүгээ; төвлөрсөн дулаан хангамжгүй үед, дулаацуулгын зориулалттай тоног төхөөрөмж байрлуулах болон спортын хэрэгсэл хадгалах зэрэг өрөө байна.

Сууц нь дулаан, агааржуулалт, усан хангамж, бохирын шугам, цахилгаан хангамж ба холбооны шугам сүлжээтэй байх нөхцөлийг харгалзсан байна. 

  • Заавал байрлуулах шаардлагатай тавилга ба тоног төхөөрөмжийг харгалзан сууцны өрөөнүүдийн талбайн хэмжээг тогтоох ба хамгийн бага хэмжээ нь: зочны өрөө -12м2, унтлагын өрөөнүүд- 8м2 (мансардын давхарт байгаа бол -7м2), гал тогоо- 6м2 байна.
  • Өрөөнүүдийн хамгийн бага өргөн нь: гал тогооны хэсэгт – 1.7м, үүдний хэсэгт- 1.4м, хонгил-0.85м, ариун цэврийн өрөө- 1.5м, бие засах өрөө- 0.8м байх ба харин бие засах өрөөний хамгийн бага гүн нь хаалга гадагшаа онгойход- 1.2м, дотогш онгойход- 1.5м байна.
  • Орон сууцны барилгын сууцны өрөөний өндрийн доод хязгаар 2.5 м байна.
  • Нар тогтмол тусах өрөөний хэмжээг 1-3 өрөө сууцанд нэг өрөөтэй тэнцэхээр тооцож төлөвлөнө.
  • Унтлагын, зочны өрөө ба гал тогоо нь байгалийн гэрэлтүүлэгтэй байх ёстой. Сууцны өрөө ба гал тогооны цонхны талбайг шалны талбайтай харьцуулсан хэмжээ 1:8 -аас багагүй байна. Адрын (мансард) давхарт энэ хэмжээ нь 1:10-аас багагүй байхыг зөвшөөрнө.
  • Нэг марштай шатны гишгүүрийн тоо 3-аас багагүй 18-аас ихгүй байна. Гишгүүрийн өргөн 25 см-ээс багагүй, өндөр 15 см-ээс багагүй ба 18 см-ээс ихгүй байна. 
  • Айлын сууцны гаднах хонгилын өргөн 1.8 м, хаалганы өргөн нь 0.9 м-ээс багагүй байх ёстой.

Айлын сууцны талбайн доод хязгаар, өрөөний тоог сууцны талбайгаар нь ангилсан зэрэглэлээс хамааруулан дараах байдлаар төлөвлөнө.

 

Сууцны зэрэглэл

Сууцны талбайн доод хэмжээ (м2), өрөөний тоо

1

2

3

4

5

6 түүнээс дээш

Дээд

-

-

-

88

96

108

Дунд

40

50

60

70

78

-

Доод

30

36

44

-

-

-

Айлын сууцны нэг өрөөний талбайн доод хязгаарыг сууцны зэрэглэлээс хамааруулан  дараах байдлаар төлөвлөнө.

Айлын сууцны өрөө тасалгаа

 Өрөөний талбайн доод хэмжээ, м2

Их орлоготой иргэдийн

Дунд орлоготой иргэдийн

Бага орлоготой иргэдийн

Нийтлэг өрөө (зочны)

30

18-24

18

Хоёр хүний ортой унтлагын өрөө

12-16

10-16

12

Хүүхдийн өрөө

18

8-10

8-10

2 ортой унтлагын өрөө

12

8-10

8-10

Гал тогооны өрөө

18

10-18

10

Ажлын өрөө

12-18

--

 

 

Ингээд төсөөллөө бодит үйл хэрэг болгохын тулд мэдээж мэргэжлийн хүн, байгууллагад  хандаж ажлын зураг, төсөв хийлгэнэ.

3. Мэргэжлийн байгууллагаар зураг төслөө хийлгээрэй

Хүмүүсийн нийтлэг гаргадаг алдаа бол зураг төсөл хийлгэхэд зардал өндөр учир түүнд зарцуулах мөнгийг барилга барихдаа нэмэрлэсэн нь дээр гэж бодон барилгын ажлыг шууд эхлүүлснээр дараах асуудлуудыг өөрсдөө бий болгодог. Үүнд:

  • Барилгын өртөг тодорхойгүй
  • Илүү зардал гаргах, цаг хугацаа алдах
  • Чанар муутай барилга барих
  • Төлөвлөлт оновчтой бус хэт жижиг, эсвэл том өрөөнүүд хийгдсэнээр тавилга байршуулахад төвөгтэй болох
  • Дулааны алдагдалтай барилга барих /халаалтын зардал өндөр гарах, тав тух алдах, өвөл амьдрах боломжгүй болох/
  • Барилга суулт өгч, ан цав үүсэх
  • Анх төсөөлснөөс өөр болох гэх мэт хүндрэлүүд бий болох бөгөөд зураг төсөл хийлгэснээр дээрх хүндрэлүүд үүсэх нөхцөлөөс урьдчилан сэргийлж чадна.
 

Та жижиг ч бай, том ч бай амины орон сууц барих гэж байгаа л бол мэргэжлийн хүмүүсээр зураг төсөл, төсөв заавал хийлгүүлсэн байх шаардлагатай. Амины орон сууцны ажлын зураг нь эскиз буюу эх загвар зураг гаргахаас эхэлнэ. Эх загвар зураг нь таны төсөөлөн буулгасан санааг тантай зөвшилцөн харагдах байдал, хэлбэр хэмжээ, дотоод зохион байгуулалтыг тодорхой харуулсан зураг байна. Уг зургаас үндэслэн барилга архитектурын зургийг зурж, тухайн зургаас барилга бүтээц, халаалт агаар сэлгэлт, цэвэр бохир ус, цахилгааны инженерүүдэд даалгавар өгч зургийн ажлыг эхлүүлнэ.

Зураг төсөл хийлгэхгүйгээр зөвхөн төсөөлөл санаа төдийхнөөр, эсвэл аль нэг сэтгүүл, сайтаас авсан зургаар байшин барина гэвэл эцсийн үр дүнд нь сууц тань дулааны алдагдалтай, цан цохисон, агааржуулалт муутайгаас мөөгөнцөртсөн, ашиглалтын зардал өндөр халаалтын шийдэлтэй, бөглөрч хөлдсөн бохирын системтэй болж, урсгал засварт маш их мөнгө зарцуулахад хүрнэ.

4. Барилгын төсвийг бодитоор тооцох хэрэгтэй

Амины орон сууцны барилга угсралтын ажлын зайлшгүй гүйцэтгэх баримт бичиг бол төсөв юм. Амины орон сууцны төсвийг бодохдоо үндсэн зардлуудыг зах зээлийн бодит үнэ ханшаар нь буюу ажиллах хүчний зардлыг гүйцэтгэлийн бригадын ханшаар, машин механизмын зардлыг өдрийн болон цагийн хөлсөөр эсвэл гүйцэтгэлийн нэгжээр нь, материалын зардлыг тухайн сарынх нь зах зээлийн ханшаар, тээврийн зардлыг хот дотор тээвэр хийдэг ачааны машины зардлаар тооцож байж бодит төсөвт өртөг гарна.

Мөн барилга баригдах үеийн олон төрлийн бусад урсгал зардлууд гарна. Энэ бол үндсэн төсвөөсөө тусад нь тооцоолох шаардлагатай зардал юм. Төсөвт өртөг бодитой зөв байж барилга угсралтын ажил эмх цэгцтэй, түргэн шуурхай баригдана.

Нэг барилга хоёр өөр байршилд адил өртгөөр баригдах нь тун ховор. Учир нь тухайн сууцны баригдах газар, байгаль цаг уур, хөрсний бүтэц зэргээс хамаарч барилгын хийц бүтээц ялгаатай байх ба түүнээс хамааран барилгын төсөв харилцан адилгүй гардаг.

5. Санхүүгийн боломжоо сайн судлах хэрэгтэй

Та өөрийн санхүүгийн боломжоо бодитоор үнэлэн түүндээ тохируулан барих сууцаа төлөвлөх хэрэгтэй. Тооцоо судалгаа хийлгүйгээр барилгаа барьж эхэлснээр ажлын явц саатаж удаашрах, бүр цаашилбал санхүүжилтгүй болон зогсоход хүрдэг.

Амины орон сууц барих болон бариулахаар төлөвлөж байгаа хүмүүсийн хувьд сууцын үндсэн өртөгөөс тусдаа гардаг нэмэлт зардлууд болох газар худалдан авах, хашаа барих, цахилгааны шугам татах, худаг гаргуулах, бохирын цооног хийх, гадна тохижилт, шаардлагатай бол автозам тавих, харуул хамгаалалт болон бусад ашиглалтын зардлыг заавал урьдчилан тооцох шаардлагатай.

Эцэст нь хэлэхэд та мөрөөдлийн байшингаа бариулах гээд төлөвлөлтөө оновчгүй хийлгэх, төсөв тооцоогоо алдаатай гаргах зэргээс болоод цаг хугацаа алдаж, зардал их гаргах эрсдэлтэй юм. Ашиглалтын зардал багатай, тав тухтай сууцтай болохын тулд юун түрүүнд зураг төслөө маш сайн хийлгэх хэрэгтэй. Тиймээс мэргэжлийн хүнээс тусламж зөвлөгөө авч, насан туршдаа амьдрах байшингаа чанар сайтай, бат бөх бариулаарай. Танд амжилт хүсье.

 


Эх сурвалж: Барилга.мн

Зураг