Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/24-НД НИЙТЛЭГДСЭН

Г.Занданшатар: Үсэргээний үеэр биш морины ажил хийж байх үедээ бэртэж нас барсан гэсэн

А.Төгөлдөр, iKon.mn
2019 оны 1 сарын 24
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд УИХ-ын дарга М.Энхболд хэлэлцэх асуудлын дарааллыг танилцуулав. Хэлэлцэх асуудлын дараалалтай холбогдуулан гишүүд асуулт асуух үеэр УИХ-ын гишүүн М.Оюунчимэг хурдан морины үсэргээний үеэр хүүхэд амиа алдсан явдлыг хөндлөө. 

Тэрбээр Сүхбаатар аймагт хурдан морины үсэргээний үеэр 10 настай хүүхэд амь насаа алдсан байна. 2018 оны туршид бид энэ асуудлыг ярьсан ч дахин ийм хэрэг гарлаа. Хүний эрхийн комиссоос гаргасан судалгаагаар сүүлийн 20 жилд 30 гаруй хүүхэд амь насаа алдаж, 300 гаруй хүүхэд эрүүл мэндээрээ хохирсон байна. 

Засгийн газраас өвөл хурдан морины уралдаан зохион байгуулахыг хориглосон. Өвлийн тэргүүн сарын шинийн 1-нээс тавдугаар сарын 1-н хүртэл хугацаанд 12 хүртэлх насны хүүхдээр хурдан морь унуулахыг хориглоно гээд заачихсан. Гэтэл яагаад төрийн байгууллага, аймаг, нийслэлийн удирдлагууд Засгийн газрын шийдвэрийг биелүүлэхгүй байгаа юм бэ. 

Салбарын сайд нарт 10 настай хүүхэд амь насаа алдсан явдлын талаар ямар мэдээлэл байна вэ. Бид үүнийг нухацтай авч хэлэлцэх хэрэгтэй. Хариуцлага тооцсон нэрээр албан тушаалаа өгөөд явдаг. Эсвэл өөр хүнд шилжүүлдэг. Тиймээс энэ асуудлыг чуулганы хуралдааны хэлэлцэх асуудлын дараалалд оруулах саналтай байна.

Холбогдох албан тушаалтнуудаас яг юу болсныг тодруулж, арга хэмжээ авах хэрэгтэй. Хүүхэд амь насаа алдаж байгаа, эрүүл мэндээрээ хохирч байгаа тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэдэг байх хуулийн төсөл оруулж ирэх зайлшгүй шаардлага байна

Тиймээс өнөөдөр юм уу маргаашийн чуулганы хуралдаанд холбогдох хүмүүсийг оролцуулж, тайлбар авах нь зүйтэй гэсэн саналтай байна" гэв.  

Түүний асуултын хариуд Шадар сайд Ө.Энхтүвшин: ЗГХЭГ-ын дарга, ХНХ-ын сайд нар хүүхдийн амь нас эрсдэх аюул байгаатай холбоотойгоор албан бичиг, анхааруулга явуулж байгаа. Уг нь Засгийн газрын шийдвэр гарсан. Засгийн газраас тавдугаар сарын 1-н хүртэл 12 хүртэлх насны хүүхдийг морины уралдаанд оруулахгүй байх шийдвэр гаргасан

Монголын уяачдын хурал өнөөдөр эхэлж байгаа. Энэ асуудлыг ярьж байгаа гэсэн. Уламжлалт зан заншлыг алдагдуулах гэлээ, гадны даалгавараар ажиллаж байсан гэж эсэргүүцдэг хүмүүс бас бий. Аймгийн Засаг дарга нарт бид үүрэг өгнө. 

ЗГХЭГ-ын дарга Г.Занданшатар: Засгийн газраас бүх аймгийн Засаг дарга нарт албан бичиг хүргүүлж, 12 нас хүртэлх насны хүүхдээр морь унуулахгүй байхыг даалгасан. М.Оюунчимэг гишүүний ярьсан асуудлыг бид аймгийн удирдлагуудаас асуулаа. Үсэргээний үеэр биш, морины ажил хийж байх үедээ унаж бэртэж нас барсан гэсэн хариу өглөө. Үүнийг хууль хяналтын байгууллага шалгаж байгаа юм байна.