Монгол Улсад GMP стандартыг нэвтрүүлсэн мах боловсруулах анхны үйлдвэрт ХасБанк санхүүжүүлэгчээр хамтран ажиллалаа
Мах боловсруулах үйлдвэрлэлийн салбарт 2018 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй “Ийст энд Вест Фүүдс” ХХК олон улсын GMP стандартын шаардлагыг бүрэн хангасан шинэ үйлдвэрээ 2026 оны 6 дугаар сарын 18-ны өдөр албан ёсоор нээлээ.
Өдөрт 20 тонн, жилд 5,280 тонн мах ангилан боловсруулж, нийлүүлэх хүчин чадалтай тус үйлдвэрийн бүтээн байгуулалтын үндсэн санхүүжүүлэгчээр ХасБанк хамтран ажилласан бөгөөд 2024 онд “Азийн Хөгжлийн Банкны Хөдөө Аж Ахуй, Хөдөөгийн Хөгжлийн Төслийн санхүүжилт”, 2025 онд Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хэрэгжсэн “Хөдөө аж ахуйн тогтвортой үйлдвэрлэлийг дэмжих хөрөнгө оруулалтын зээл”-үүдийг тус тус олгосон байна.
Шинэ үйлдвэр нь хэрэглэгчдийн хэрэгцээнд нийцсэн хагас боловсруулсан бүтээгдэхүүний бэлдэц буюу амталсан стейк, хэрчсэн болон хагас боловсруулсан махан бүтээгдэхүүнийг тогтвортой нийлүүлэх боломжийг бүрдүүлсэн.
Орчин үеийн хотын амьдралын хэмнэл, завгүй ажлын ачаалал нэмэгдэж буй өнөө үед хэрэглэгчид хоол бэлтгэх хугацаагаа хэмнэхийн зэрэгцээ чанартай, аюулгүй хүнс хэрэглэхийг эрмэлздэг болсон. Иймээс манай үйлдвэрээс үйлдвэрлэж буй амталсан стейк болон хагас боловсруулсан бүтээгдэхүүнүүд нь богино хугацаанд хэрэглэхэд бэлэн, шим тэжээлээ хадгалсан, хүнсний аюулгүй байдлын шаардлага хангасан шийдэл болж хэрэглэгчдэд хүрч байна.
Манай үйлдвэрийн онцлох давуу тал нь хүнсний үйлдвэрлэлийн олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн GMP (Good Manufacturing Practice) буюу Үйлдвэрлэлийн Зохистой Дадлын стандартыг үйл ажиллагаандаа бүрэн нэвтрүүлсэн явдал юм. GMP стандарт нь түүхий эд хүлээн авахаас эхлээд боловсруулах, савлах, хадгалах, түгээх хүртэлх бүхий л үйл ажиллагаанд чанар, аюулгүй байдлын хатуу хяналтыг хэрэгжүүлэх боломжийг бүрдүүлдэг. Ингэснээр бүтээгдэхүүний чанар, эрүүл ахуй шаардлагыг өндөр түвшинд хангаж, хэрэглэгчдэд аюулгүй, найдвартай гарал үүсэл нь баталгаажсан мах, махан бүтээгдэхүүнийг хүргэх нөхцөл бүрдэж байна.
Үйл ажиллагаагаа өргөжүүлэн, өндөр хүчин чадалтай, дэвшилтэт технологи бүхий энэхүү шинэ үйлдвэрийг ашиглалтад оруулснаар “Ийст энд Вест Фүүдс” ХХК нь Монгол Улсын хүнсний аюулгүй байдлыг шинэ түвшинд хүргэх, мах боловсруулах салбарын хөгжилд бодит хувь нэмэр оруулах, дотоодын болон олон улсын зах зээлд өрсөлдөхүйц чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэх зорилгынхоо хүрээнд үйлдвэрлэл, нийлүүлэлтийн найдвартай байдлыг улам бүр бэхжүүлэн ажиллаж байна.
Түүнчлэн үйлдвэр маань Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачлан хэрэгжүүлж буй “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд хүнсний салбарын бүтээмж, өрсөлдөх чадвар, аюулгүй байдлыг дээшлүүлэх зорилттой бүрэн нийцэж байгаа бөгөөд дотоодын түүхий эдэд тулгуурласан, олон улсын стандартад нийцсэн мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх замаар үндэсний хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

