Ерөнхий сайд Н.Учрал "Зуны Давос" чуулга уулзалтад оролцоно
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал БНХАУ-ын Засгийн газрын урилгаар Далянь хотноо болох “Зуны Давос” чуулга уулзалтад оролцохоор 2026 оны зургаадугаар сарын 22-ны өдөр морджээ.
Түүнийг ЗГХЭГ-ын дарга Б.Энхбаяр, Гадаад харилцааны дэд сайд Г.Амартүвшин нар “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас үдэн гаргав.
Энэ жилийн “Зуны Давос” чуулга уулзалт нь “Инновацыг өргөн хүрээнд нэвтрүүлэх нь” сэдвийн дор зохион байгуулагдах бөгөөд дэлхийн 30 гаруй орны төр, засгийн удирдлага, хувийн хэвшил, инновацын салбарт нэр хүндтэй судалгааны хүрээлэн зэрэг 1,500 гаруй төлөөлөгч оролцоно.
Ерөнхий сайд Н.Учрал “Зуны Давос” чуулга уулзалтын нэгдсэн болон салбар хуралдаануудад оролцоно.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Ли Чян, Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайд Олжас Бектенов, Бүгд Найрамдах Солонгос Улсын Ерөнхий сайд Ким Мин Сог нартай хоёр талын уулзалт хийхээс гадна чуулга уулзалтад оролцож буй олон улсын бизнесийн төлөөлөгчидтэй уулзахаар төлөвлөж байна.
Швейцарын төрийн бус байгууллага болох Дэлхийн эдийн засгийн форумын санаачилгаар “Шинэ манлайлагчдын уулзалт” буюу “Зуны Давос” чуулга уулзалтыг 2007 оноос хойш БНХАУ-ын Далянь болон Тяньжин хотуудад ээлжлэн зохион байгуулж иржээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

