Украины шинэ дроны тусгал 3,000 км зайд хүрч, Оросын Тюмень мужид довтолсныг Зеленский мэдэгджээ
Украины дронууд баруун Сибирийн бүс нутаг болох Оросын Тюмень мужид байрладаг газрын тос боловсруулах үйлдвэрт довтолсныг тус улсын ерөнхийлөгч Володимир Зеленский өчигдөр мэдээлжээ.
Энэ үйлдвэр нь Украины хилээс 2,000 гаруй километр зайд байрладаг юм.
3,000 км хүртэл тусгалтай шинэ нисгэгчгүй онгоцны тусламжтай уг цохилтыг гүйцэтгэснээ Зеленский тайлбарлажээ.
Тюмень мужийн захирагч Александр Моор халдлага болсныг баталсан ч “ямар нэг хохирол учраагүй, үйлдвэрийн ажилчдыг нүүлгэн шилжүүлсэн” гэж урьдчилсан байдлаар мэдээлсэн байна.
Тюмений газрын тос боловсруулах үйлдвэр бол Оросын хамгийн орчин үеийн үйлдвэрүүдийн нэг бөгөөд жилийн 8 сая тоннын дээд хүчин чадалтай юм.
Албаны тоо баримтаас үзвэл тус үйлдвэр жилд 6 сая тонн орчим түүхий газрын тос боловсруулж, 0.5 тонн бензин, 2.5 сая тонн дизель түлш үйлдвэрлэдэг байна.
“Шинэ дрон 3,000 км хүртэл зайд хүрдэг боллоо. Энэ бол манай улсын эсрэг явуулж буй Оросын халдлагын эсрэг авсан зүй ёсны хариу арга хэмжээ юм. Украины алсын зайн ажиллагаа амжилттай хэрэгжлээ” гэж Бямба гарагийн орой Зеленский мэдэгджээ.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
