Их Долоогийн чуулганы үеэр авхуулсан гэрэл зурагтай холбоотой маргаан Трамп, Мелони нарын хооронд эрчимжив
Энэ долоо хоногийн эхээр Францын нуурын эргийн амралтын газарт зохион байгуулагдсан Их Долоогийн дээд хэмжээний чуулганы үеэр Италийн ерөнхий сайд Жоржиа Мелони өөртэй нь зургаа хамт авхуулахыг аминчлан гуйсан тухай АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп ярьсан нь хоёр улсын харилцаанд маргаан үүсгээд байгаа.
Мелони түүний ярьсныг “зохиомол түүх” хэмээн эрс няцааж, “Би ч, Итали улс ч бусдаас гуйдаггүй юм” гэж мэдэгдсэн.
Ерөнхий сайдыг нь доромжилсны хариуд Италийн гадаад хэргийн сайд АНУ-д хийх айлчлалаа цуцалсан билээ.
Тэгвэл Бямба гарагт Трамп энэ асуудлыг улам хурцатгасан мэдэгдэл хийжээ.
Ингэхдээ Мелонийг АНУ-ын Ираны эсрэг дайныг дэмжээгүйн улмаас дотооддоо нэр хүнд нь унасан тул харилцаагаа сэргээхийн тулд зураг авхуулахыг дахин дахин гуйсан мэтээр сошиал хуудсандаа бичсэн байна.
“АНУ цэрэг зэвсгийн хүчээр Ираныг ялсны дараа тэр ‘тоогоо өсгөхийн тулд’ дахин найзууд болохыг хүсэж байна. Үгүй ээ, баярлалаа!” гэж Трамп мэдэгджээ.
Тэр бас “НАТО-гийн холбоотнууд” гэгддэг улсуудыг хамгаалахад АНУ их хэмжээний мөнгө зарцуулдаг талаар байнга ярьдаг гомдлоо дахин илэрхийлсэн байна.
Мелони түүний энэ мэдэгдэлд дахин хариу барьжээ.
"Миний нэр хүндийн тухайд, энэ нь тантай найз байхаас хамаардаггүй нь тодорхой, тантай харилцах харилцаанаас хамаардаг юм биш. Энэ нь зөвхөн Италийн үндэсний эрх ашгийг би хэрхэн хамгаалж байгаагаас хамаардаг юм. Миний нэр хүндэд санаа зовох хэрэггүй. Харин өөрийнхөө нэр хүндэд анхаарвал зохино" гэж мэдэгдсэн байна.
Ираны эсрэг дайны үеэр Италийн засгийн газар нутаг дэвсгэр дээрх цэргийн баазуудаа АНУ-д ашиглуулахаас татгалзсан нь Трамп, Мелони нарын харилцааг муутгасан юм.
Уг нь Италийн барууны үзэл баримтлалтай ерөнхий сайд Мелони нь Европ дахь Трампын хамгийн ойрын холбоотонд тооцогдож, АНУ-Европыг холбогч гүүр хэмээн өргөмжлөгддөг байв.
Тэрбээр Трампын хоёр дахь бүрэн эрхийн тангараг өргөх ёслолд уригдсан баруун Европын цорын ганц удирдагч байсан юм.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
