Трампын сүрдүүлгийн хариуд Ираны тал Швейцарт үргэлжилж буй яриа хэлэлцээг орхин явлаа
Ням гарагт АНУ, Ираны төлөөлөгчид Ойрх Дорнодын дайныг бүрмөсөн зогсоох яриа хэлэлцээг Швейцарт эхлүүлээд байсан ч ерөнхийлөгч Дональд Трампын ээлжит сүрдүүлгийн дараа Ираны тал уулзалтын танхимыг орхин явсан байна.
Ливан дахь Хезболла зэвсэгт бүлгийг дэмжсэнийх нь төлөө Ираныг бөмбөгдөхөөр Трамп сүрдүүлсний дараа ийм үйл явдал болжээ.
Хэрвээ талууд харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурж чадсан бол АНУ-Ираны харилцаанд тулгарч буй өргөн хүрээтэй асуудлуудыг эцэслэн шийдвэрлэх 60 хоногийн яриа хэлэлцээний хугацаа эхлэх байсан юм.
Гэвч Ливаны нөхцөл байдал үүнд саад болжээ.
“Исламын Бүгд Найрамдах Иран Улсын төлөөлөгчид зуучлагч талуудын нэг болох Катарын төлөөлөгчидтэй уулзсаны дараа хэлэлцээ явагдаж буй байрыг орхин явлаа. Швейцарт яриа хэлэлцээ эхлэхтэй зэрэгцэн Дональд Трамп сошиал хуудсандаа Ираны эсрэг заналхийлсэн утгатай мэдэгдэл нийтэлсэн юм” гэж Ираны IRNA агенлаг мэдээлсэн байна.
Гэхдээ нэгэн дипломат эх сурвалж Ираны тал хэлэлцээгээ бүрмөсөн зогсоогоогүйг мэдээлжээ.
Ерөнхийлөгч Трамп “Ливан дахь өндөр цалин хангамжтай төлөөлөгчдөө асуудал үүсгэхийг нь зогсоохгүй бол Ираныг бөмбөгдөнө” гэж сүрдүүлсэн юм.
Хариуд нь Ираны төлөөлөгчдийн ахлагч Мохаммад Багер Галибаф “Мэдэгдэлдээ болгоомжтой хандахгүй бол манай зэвсэгт хүчин өөр аргаар хариу өгөхөд бэлэн байгаа. Юу хэлэхээс нь үл хамааран бид хийх зүйлээ хийнэ” гэж мэдэгджээ.
Энэ зуур Израилийн ерөнхий сайд Бенжамин Нетаньяху цэргийн хүч нь Ливаны өмнөд хэсэгт шаардлагатай хугацаагаар үлдэхийг мэдэгдэж, Ираныг цөмийн зэвсэгтэй болгохгүйгээ амласан байна.
Харин Ираны төв телевиз 80 минут үргэлжилсэн эхний ээлжийн хэлэлцээгээр цөмийн зэвсэгтэй холбоотой асуудал огт хөндөгдөөгүй, зөвхөн харилцан ойлголцлын санамж бичигт гарын үсэг зурах болон Ливаны асуудал яригдсан тухай мэдээлжээ.
АНУ-ын төлөөлөгчдийг дэд ерөнхийлөгч Жэй Ди Вэнс ахалж, Трампын элч төлөөлөгчид болох Жаред Кушнер, Стив Виткофф нар дагалдсан байна.
Харилцан ойлголцлын санамж бичигт Израил болон Хезоллагийн хооронд Ливанд үргэлжилж буй мөргөлдөөнийг зогсоох нөхцөл тусгагдсан.
Гэвч энэ мөргөлдөөн зогсох шинжгүй байгаа тул Ираны тал Ормузын хоолойг дахин хаахаар сүрдүүлсэн юм.
Үүний дараа Баасан гарагт Трампын засаг захиргаа Израил-Хезболлагийн хооронд гал зогссон тухай мэдээлснээр Швейцарын уулзалт эхлэх боломж нээгдсэн байна.
Ираны эсрэг дайн эхэлсний дараахан Хезболла бүлэглэл Израилийн нутаг дэвсгэрт агаараас довтолж эхэлснээр Ливанд өөр нэг дайн зэрэгцэн эхэлж байв.
Өнгөрсөн хугацаанд Ливанд амиа алдсан хүний тоо 4,100 давсныг тус улсын эрүүл мэндийн яам сүүлийн байдлаар мэдээлжээ.
Эх сурвалж: AFP
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

