Шалгалтын материал задарсан гэх дуулианы дараа Энэтхэг даяар хоёр сая гаруй сурагч дахин шалгуулж байна

С.Мөнхцэцэг, ikon.mn
39 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Шалгалтын материалын зарим хэсэг задарсан гэх дуулианы дараа Энэтхэгийн эрх баригчид анагаах ухааны мэргэжил эзэмших хүсэлтэй хоёр сая гаруй сурагчийн шалгалтын дүнг хүчингүй болгож, дахин шалгахаар болсон байна.

Ням гарагт тэднийг хоёр дахь удаагаа шалгуулахаар ирэхэд металл илрүүлэгч, биометрийн шинжилгээний төхөөрөмж, сканнер зэргээр зэвсэглэсэн нисэх буудлын аюулгүй байдлын албаны ажилтнууд угтан авчээ.

Энэтхэгт анагаах ухааны их сургуулиудад элсэх өрсөлдөөн маш ширүүн байдаг. Нийт шалгуулагчдын ердөө 5-6 хувь нь тэнцдэг юм.

Энэтхэгийн боловсролын сайд Дхармендра Прадхан дахин шалгалтыг “шударга, ил тод” зохион байгуулахаа амласан бол засгийн газар нь эхний шалгалтын материалууд задарсан гэх дуулианы мөрөөр мөрдөн шалгах ажлыг эхлүүлжээ.

зураг
 

Шалгалтын зарим материал Телеграм платформ дээр зарагдаж байгаа тухай цуу яриа гарсны дараа эрх баригчид тус мессенжэрийн ажиллагааг түр хааж байв.

Indian Express сонин эрх баригчид шалгалтын аюулгүй байдалд анхаарал тавиагүйгээсээ болоод өнөөдөр дахин шалгалтыг зохион байгуулахад их хэмжээний хөрөнгө мөнгө зарж байгааг болон сурагчдын айдас түгшүүрийг улам нэмэгдүүлж, сэтгэл санааны хохирол учруулж байгааг шүүмжлэн бичжээ.

Өөрсдийгөө Жоомны Жаната Нам гэж нэрлэх болсон залуучуудын улс төрийн сөрөг хүчний хөдөлгөөний удирдагч Абхижит Дипке “Энэ бүтэлгүйтлийг үл тоомсорлож болохгүй. Эрх баригчдад үр дагаврыг нь заавал амсуулах ёстой” гэж мэдэгдсэн байна.

Энэ хавар байгуулагдсан тус хөдөлгөөн сошиал орчинд 22 сая гаруй дагагчтай болоод байгаа юм.

 

Эх сурвалж: AFP