Украины агаарын цохилтын улмаас Крымийн хойгт бензин шатахуун худалдаалахыг зогсоолоо
Украины агаарын цохилт эрчимжсэнтэй холбоотойгоор эзлэгдсэн Крымийн хойгийн эрх баригчид бензин шатахуун нийтэд худалдаалахыг зогсоож байгаагаа Ням гарагт зарлажээ.
Тус бүс нутагт үүнээс өмнө бензинийг хязгаарлалттай зарж байсан юм.
Украины зэвсэгт хүчин Оросын эх газраас Крымийн хойгт хүрэх хангамжийн замуудыг агаарын цохилтоор таслан хаасан нь ийм хомсдолд хүргээд байгаа.
Москвагаас томилогдсон Крымийн захирагч Сергей Аксёнов хувь хүмүүс, бизнесийн байгууллагуудад шатахуун зарахыг зогсоож, зөвхөн Крымийн үйл ажиллагаа, аюулгүй байдлыг хангах үүрэгтэй засгийн газрын агентлагуудад зарахаар болсныг мэдэгджээ.
Өмнө нь тэрбээр Керчийн газрын тосны агуулах руу Украины нисгэгчгүй онгоцнууд шөнийн турш довтолсныг мэдээлж байсан юм.
Үүний улмаас дөрвөн хүн алагдаж, 28 хүн шархадсан байна.
Ням гарагийн шөнө Керчийн хоолой болон түүнтэй залгаа Оросын Краснодар мужийн газрын тосны ложистикийн байгууламжуудад довтолсноо Украины ерөнхийлөгч Володимир Зеленский мэдээлжээ.
Эдгээрээс гадна цэргийн байгууламжууд, радарын системүүд цохилтод өртсөнийг тэр мэдээлсэн ч тодорхой байрлал дурдаагүй байна.
“Орос улс зөвхөн хүч чадлыг л ойлгодог тул манай алсын зайн цохилтууд энх тайвны төлөө ажиллаж байгаа нь гарцаагүй” гэж Зеленский сошиал хуудсандаа бичжээ.
Амралтын өдрүүдэд Оросын талаас явуулсан агаарын довтолгоонд Украин даяар долоон хүн алагдаж, 30 гаруй хүүхэд шархадсаныг тэр бас мэдээлсэн байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

