Польшийн ерөнхийлөгч олгосон шагналаа хураах шийдвэр зарласны дараа Зеленский түүнийг нь буцааж өглөө
Өнгөрсөн долоо хоногт Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий өмнө нь Украины ерөнхийлөгч Володимир Зеленскийд олгосон тус улсын төрийн дээд шагналыг хураах шийдвэрийг зарласан юм.
Польшийн “Цагаан бүргэд” одонг Зеленскийд 2023 онд тухайн үеийн ерөнхийлөгч Анджей Дуда олгож байжээ.
Гэвч Украины эрх баригчид өнгөрсөн сард зэвсэгт хүчний нэг ангиа Дэлхийн Хоёрдугаар Дайны үеийн зэвсэгт бүлэг болох Украины Босогчдын Армийн нэрээр нэрлэх шийдвэр гаргасан нь Польшийн ерөнхийлөгчийг ийм арга хэмжээ авахад хүргэсэн юм.
Зеленский шийдвэрээ хамгаалахын тулд Польш улсад авсан шагналаа буцааж өгөхөөр болсон байна. Украины төрийн өндөр албаны гурван хүн ерөнхийлөгчтэйгөө эв санааны нэгдэлтэй байгаагаа харуулах зорилгоор Польш улсаас авсан шагналаа мөн буцаажээ.
1940-1950-аад оны үед оршин тогтнож байсан Украины Босогчдын Арми нь улс орноо тусгаар тогтнуулахын тулд Зөвлөлт, Нацист Герман болон Польшийн түрэмгийллийн эсрэг тэмцэж байсан гэж Украинд олон хүн үздэг.
Тус армийн улаан, хар өнгө хосолсон тугийг өнөөдөр Украины армийн цэргүүд фронтын шугам дээр хэрэглэж байгаа.
Харин Польш улс уг армийг 1943-45 онуудад одоогийн Украины Волынь бүс нутагт 100,000 орчим польш үндэстнийг аймаглан устгасан гэж буруутгадаг юм.
Зеленский сошиал хуудсандаа “Манай өнгөрсөн түүхийн эмгэнэлтэй хуудаснуудыг ялгаатай тайлбарлахаас зайлсхийхийн тулд бид Польш улстай бүх хэлбэрээр харилцахад нээлттэй хэвээр байх болно. Польшийн ард түмний дэмжлэг, хамтын ажиллагаанд би талархаж явдаг”гэж мэдэгджээ.
Оросын эзлэн түрэмгийлэх дайны турш Польш улс нь Украины гол холбоотнуудын нэг байж, хэдэн зуун мянган дүрвэгчийг нь хүлээн авч, тусламж дэмжлэгийн ложистикийн төв болж байгаа.
Украины Босогчдын Армийн нэрийг ашиглах Киевийн эрх баригчдын шийдвэрийг Польшийн ерөнхийлөгч Карол Навроцкий “жигшүүртэй”, “ойлгомжгүй”, “маш их урам хугалсан” гэж дүгнэж байлаа.
“Польшийн нийгмийн дийлэнх олонхын хувьд УБА нь дэлхийн хоёрдугаар дайны үеэр Бүгд Найрамдах Польш Улсын иргэдийн эсрэг үйлдсэн харгис хэрцгий гэмт хэргийг хариуцагч хэвээр байгаа” гэж тэр мэдэгджээ.
Гэхдээ Навроцкий энэхүү түүхэн маргаан нь Оросын эсрэг Украины тэмцлийг дэмжихэд нөлөөлөхгүйг мэдэгдсэн юм.
Энэ үеэр Польшийн ерөнхий сайд Дональд Туск тэдний зөрчил Владимир Путинийг “баярлуулж” байгааг анхааруулаад Зеленский, Навроцкий нарт “сэтгэл хөдлөлөө барьж, хурцадмал байдлаас зайлсхийхийг” уриалж байв.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

