Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2019/01/15-НД НИЙТЛЭГДСЭН

Гахайн мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг, худалдаа, үйлчилгээ үзүүлдэг газруудад 24 цагаар шалгалт хийнэ

www.ulaanbaatar.mn
2019 оны 1 сарын 15
ulaanbaatar.mn
Зураг зураг

Булган, Төв, Орхон аймгийн зарим суманд гахайн мялзан өвчин гарсан болох нь тогтоогдон хорио цээрийн дэглэм тогтоон ажиллаж байна. Нөхцөл байдалтай холбогдуулан улсын онцгой комисс хуралдаж, импортын гахайн мах, өөхөнд хорио тогтоосон байна. Түүнчлэн “Гахайн гоц халдварт мялзан өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээг нийслэлийн хэмжээнд зохион байгуулах ажлын хэсэг” өнөөдөр хуралдлаа.

Нийслэлийн Засаг даргын 2019 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн А/20 дугаар захирамжаар уг өвчин тархах эрсдлээс  урьдчилан сэргийлэх зохион байгуулалтын арга хэмжээг шуурхай авах үүргийг холбогдох мэргэжлийн байгууллагуудад үүрэг болголоо.

Мөн Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөрийн баталсан удирдамжийн дагуу 2019 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс эхлэн нийслэлийн 9 дүүргийн хэмжээнд 24 ажлын хэсэг ажиллаж, мах, махан бүтээгдэхүүний үйлдвэр, худалдаа, хоол үйлдвэрлэл үйлчилгээний газруудад хяналт шалгалт хийх юм.

Ажлын хэсэгт Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба, Нийслэлийн Онцгой байдлын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, нийслэлийн Цагдаагийн газар, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар ажиллаж байна.   

Гахайн мялзан өвчин нь хавьтлын замаар халдварладаг, өндөр халуурал, цус төлжүүлэх эрхтний гэмтэл, уушиг, бүдүүн гэдэсний нэвчдэст үрэвсэлээр илэрдэг гоц халдварт өвчин юм. Бүх насны гахай мэдрэмтгий, ялангуяа өсвөр насны гахай өвчилсөн тохиолдолд толгой дараалан үхэх эрсдэлтэй. Гэхдээ хүнд халдварладаггүй, хүн  халдварыг тээгч болдгоороо онцлог юм байна.   

Иймд бусад аймаг, сум, дүүрэг, хорооноос мал, амьтан оруулж ирэхгүй байх, гарал үүсэл нь тодорхойгүй гахайн махыг хүнсэндээ хэрэглэхгүй байх, гахайн мах, түүний эд эрхтэнийг хүнсэнд хэрэглэхдээ бүрэн гүйцэд боловсруулж хэрэглэхийг  АНХААРУУЛЖ байна.

 

Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба