Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/12/19-НД НИЙТЛЭГДСЭН

А.Ундраа: Ерөнхий сайдын төрсөн дүү нь ЖДҮХС-гийн удирдлагын түвшинд найман жил ажилласан

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 12 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ-ын гишүүн А.Ундраагаас МАН-ын Бага хурлын явцын талаар тодрууллаа.

- Яг одоо хурлаар ямар асуудал хэлэлцэж байна вэ?

- УИХ-ын даргыг өөрийн хүсэлтээр чөлөөлөгд гэсэн асуудлаар санал хураалт явуулах гэж байна. Намын Бага хурлын гишүүний хувьд, УИХ-ын гишүүний хувиар ч тэр үүнийг хууль зөрчсөн үйлдэл гэж үзэж байна. УИХ-ын даргыг томилох, чөлөөлөх асуудлыг намын Бага хурал биш, УИХ шийддэг. Тиймээс Бага хурлын гишүүдийг хууль зөрчсөн үйлдэл рүү түлхэж болохгүй гэдгийг мэдэгдээд гарч ирлээ.

- Энэ удаагийн хурал яагаад ийм өндөр хамгаалалттай байгаа юм бэ?

- Би олон удаагийн хуралд оролцож байсан. Хэзээ ч ийм өндөр хамгаалалттай явагдаж байгаагүй. Хурлын танхимаас гараад үүдэнд ирэхэд хоёр янзын хамгаалалтын компанийн хүмүүстэй таарлаа. Энэ хүмүүстэй хэн гэрээ хийсэн, яагаад ийм хамгаалалттай байгаа юм, мэдэхгүй. Боксын 200 орчим тамирчныг авчирсан гэж байна. Хэнийг хэнтэй маргалдаан, тэмцэлдээнд уриалаад байгаа нь ойлгомжгүй, түгшүүртэй байна.

- Ерөнхий сайд ЖДҮХС-тай холбогдсон асуудал яригдаж эхлээд байна. Та энэ талаар ямар байр суурьтай байгаа вэ?

-Н.Номтойбаяр гишүүн энэ асуудлыг баримттайгаар дэлгэсэн байсан. Намайг хамгийн их гайхашруулсан зүйл бол Ерөнхий сайдын төрсөн дүү нь ЖДҮХС-гийн удирдлагын түвшинд найман жил ажилласан. Санг яамнаас яаманд шилжээд байхад тухайн яам болгонд очиж ажиллаад байсан нь хачирхалтай. Үүнийг тохиолдол гэж бодохгүй байна.