Монгол Ардын Намын Бага хурал Тусгаар тогтнолын ордонд хаалттай явагдаж байна. Хурал эхлэхээс өмнө тус намын гишүүдийн байр суурийг сонслоо.
НИТХ-ын тэргүүлэгч С.Амарсайхан "Бага хурлаар хэлэлцэх асуудлын хүрээнд намын даргын илтгэл орсон байсан. Тэр хүрээнд л асуудал яригдах байх".
УИХ-ын гишүүн М.Билэгт "Ямар асуудал хэлэлцэх талаар мэдээлэл алга. МАН-ын Бага хурал бол намын Их хурлын хоорондох удирдах байгууллага нь. Бага хурлын гишүүд иргэдийн дунд байдаг хүмүүс. Тийм учраас энэ хурлаар нэлээд сайн илэн далангүй яриасай гэж бодож байна".
УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ "Нам учир зүйгээ олохоос өмнө юунаас болж ийм байдалд хүрэв гэдгээ ярилцах хэрэгтэй. Намтай холбоотой асуудлууд улс орны түүхтэй холбоотой. Хэн нэг нь цэвэрхэн нөгөө хэсэг нь бузар булай болоод байгаа явдал байхгүй. Ерөнхий сайд нь, УИХ-ын дарга нь ч тэр аль аль нь хариуцлагаа хүлээх ёстой.
Өчигдөр намайг АТГ дуудсан. ЖДҮ-ийг хөгжүүлье гэж зөндөө ярьсан. Үүний үр дүнд ганц сүүний үйлдвэр Булган аймагт бий болсон. Тэрийг л татаж авчирч надтай нааж байгаа юм байна. Ер нь өчигдөр л лав Засгийн газрыг огцруулах санал гаргасан 27-гоос 3-4 хүнийг АТГ-т дуудсан. Намын дүрэмд хөөдөг туудаг зүйлээ больсон. Сэтгүүлчид гадаа зогсоод байх шаардлагагүй. Дотор ороод яриа хөөрөөгөө авч байх ёстой. Дотроо юу болж байгааг мэдээлэх эрхтэй".
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва "Энэ хурлаар чухал шийдвэр гарах болов уу гэж итгэж байгаа. Ийм хүнд үед Бага хурал болж байсан түүх 1990 оноос өөр байхгүй. Тийм болохоор орон нутгаас ирсэн гишүүдээ байлгаж байгаад 3 минутаар ч юм уу үг хэлүүлж, ямар байр суурьтай байгааг нь сонсох хэрэгтэй. ЖДҮ-тэй холбоотой, 60 тэрбумтай холбоотой асуудлыг энд ярих хэрэгтэй".
УИХ-ын гишүүн Ч.Улаан "Хурлаар хэлэлцэх асуудлын талаар мэдээлэл алга. ЖДҮХС-гаас гадна хэд хэдэн ЖДҮ-тэй тэнцэх хэмжэээний мөнгийг ганцаараа авчихсан хүмүүс байна шүү дээ. Хэдэн мянган ЖДҮ-тэй тэнцэх мөнгө авсан байхад бид зүгээр л хараад суугаад байна. УИХ чадамжгүй болсон нөхцөлд тардаг юм".
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!