-Монголчууд 1.9 сая га ойгоо “устгасан”-
Дэлхий даяар нүүрлэж буй уур амьсгалын өөрчлөлт Монгол Улсад илүүтэй нөлөөлж буйг сүүлийн жилүүдэд бид харж байна. Гамшигт үзэгдлийн давтамж нэмэгдэж, салхи шуургатай өдрийн тоо өсөхийн зэрэгцээ агаарын дундаж температурын өсөлт дэлхийн дунджаас даруй хоёр дахин өндөр байгаа.
Тэгвэл Сэлэнгэ аймагт Монгол орны дунджаас хавьгүй өндөр байгааг өнөөдөр болсон Ойжуулалт, ойн нөхөн сэргээлтийн үндэсний анхдугаар чуулганы үеэр Сэлэнгэ аймгийн БОАЖГ-ын Ойн албаны дарга Г.Цэнгэлзаяа хөндлөө.
Тус аймгийн агаарын дундаж температур 1960 оноос хойш 2.36 градусаар нэмэгдсэн бөгөөд өдөр шөнийн агаарын хэмийн зөрүү хэт их болсноос тарьц, суулгац ургахад хүндрэлтэй болсныг дурдсан юм.
Сэлэнгэ аймгийн хувьд Монгол Улсад ойжуулалтын маш бодитой үлгэр жишээ болсон аймаг. 2003 оноос хойш туш аймагт Тужийн нарсан ойг нөхөн сэргээх ажил эхлүүлж 2015 онд улсад хүлээлгэн өгсөн бөгөөд энэ хүрээнд 15,000 га таримал ой байгуулсан юм. Үүний үр дүнд биологийн төрөл зүйл олширч, баавгай, буга, чоно олноороо камерт бичигдэх болжээ.
Сэлэнгэчүүд энэхүү тарьсан ойгоо арчлахын зэрэгцээ уулын ой бүхий 23,000 га-г ойжуулах шаардлагатай байгаа аж. Уулын ойг ойжуулж эхэлсэн бөгөөд 2018 онд л гэхэд 1,810 га талбайд ойжуулалт хийжээ. Тужийн нарсан ойг сэргээх ажлын үр дүнд тус аймгийн боловсон хүчнүүд аль ч аймгийн нутагт очоод хээрийн бүсийг ойжуулах чадвартай, технологи, арга барилтай болсныг энэ үеэр онцолсон юм. Гэвч хөрөнгө санхүү дутмаг байгааг чуулганд оролцогчид дурдаж байв. Тухайлбал, БОАЖ-ын сайдын тогтоолын дагаа нэг га талбайг ойжуулах зардлыг 695,000 төгрөг хэмээн тогтоосон ч бодит өртөг нь 1 сая төгрөгт байгаа аж. Гэхдээ энэ нэг сая төгрөгт услалт, хашаажуулалтын зардал ороогүй гэдгийг Г.Цэнгэлзаяа дурдаад “Тендерийн хууль гарсантай холбоотойгоор ойжуулалт хийх компаниудыг шалгаруулах болсон. Үүнийг дагаад шаардлага хангахгүй, мэргэжлийн бус хүмүүс тендерээр орж ирж байна. Тарьц, суулгацын нөөцгүй, ойн салбарын мэргэжилтэн, боловсон хүчингүй хүмүүс орж ирж байгаа нь бэрхшээл дагуулж байна. Мөн усны асуудал маш хүнд болсон. Тужийн нарсан ойн хувьд усалгаагүй ойжуулалт хийсэн. Цаашдаа уур амьсгалын өөрчлөлтөөс хамаараад бортогтой тарьц суулгах шаардлага гарч байна. Энэ нь жилийн аль ч улиралд тарьж болдгоороо давуу талтай” гэсэн юм.
Бас нэг хүндрэл нь уур амьсгалын өөрчлөлтийн улмаас үргүйдэлт ажиглагдах болжээ. Боргоцой ургаж байгаа ч дотроо үргүй байдаг болсныг тэрбээр мөн анхааруулав.
Өнөөдөр ойжуулалт түүний үр дүнг нэмэгдүүлэх зайлшгүй шаардлагатай байна. Ялангуяа, цаг уур өөрчлөгдөж байгаатай холбоотойгоор бид өөр технологи, өөр арга ашиглах шаардлага тулгарч байгаа учраас үнэсний хэмжээний чуулганыг анх удаа зохион байгуулж байгаа. Шинжлэх ухаан, технологийн ололтууд ихээр бий болсон энэ үед бид технологи, бодлогоо өөрчлөх, санхүүжилтээ нэмэгдүүлэх асуудлуудаа ярьж байна.
Монгол Улсын хэмжээнд доройтсон 500,000 га ойг нөхөн сэргээх шаардлагатай. Говь, хээрийн бүсэд бол хэд л бол хэдэн га талбайг ойжуулах боломж байна. Гагцхүү хөрөнгө мөнгө дутдагийг салбарын хөндсөөр.
Жилд ойжуулалтад нэг тэрбум төгрөг зарцуулдаг нь хаанаа ч хүрдэггүй. Энэ мөнгөөр хээрийн бүсэд 100 га талбайг ойжуулж, доройтсон 3,000-аад га-г ойжуулах ажил хийж байгаа. Хэрэгцээтэйгээ харьцуулахад хаанаа ч хүрэхгүй байгаа нь эндээс харагдаж байна.
“БОАЖЯ-наас хөрөнгө босгох ажлуудыг ярьж байгаа. Жишээ нь Хэнтий аймгийн Эрээний нурууг ойжуулах ч гэдэг юм уу төвлөрсөн том төсөл боловсруулж, хандивчлагч байгууллагууд руу хандаж байгаа. Мөн ХАА-г ойжуулалттай хослуулах буюу агро ойн аж ахуйг хөгжүүлэх шаардага гарч байна” хэмээн БОАЖЯ-ны Ойн бодлого зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн И.Дорж ярилаа.
Монгол Улсад ойжуулалтын төсөл хэрэгжүүлдэг ганц улс бол БНСУ. Анх 2005 онд тус улсын эхлүүлсэн “Ногоон хэрэм” төслийн үр дүнд Төв аймгийн Лүн, Баянхангай суманд 500 га, Өмнөговь аймгийн Даланзадгад суманд 505 га, Булган суманд 1,540 га газрыг ойжуулж дууссан байна. Үүний үр дүнд Монгол орны цөлжсөн газар нутагт ойжуулах технологи гаргаж иржээ. Тус төслийнхний ойжуулсан талбайн 200 га нь зөвхөн заган ой гэнэ.
“Ногоон хэрэм” төслийн захирал Жон Сон Пил “Нүх ухаж тарихаасаа илүү шан татаж ойжуулах үр дүнтэй байна. Ингэснээр чийгээ сайн хуримтлуулахаас гадна салхи болон гадны бусад нөлөөнд суулгац өртөхөөс сэргийлдэг тул бидний хийсэн ойжуулалтын амьдрах чадвар өндөр хувьтай байсан” гэдгийг онцолсон юм.
Улаанбаатар хотын агаарын бохирдол, тоосжилт маш өндөр байгаа тул хотын ойжуулалтад “Ногоон хэрэм” төсөл чиглэж ажиллахаар төлөвлөж байгаагаа энэ үеэр мэдээлсэн юм. Эхний ээлжинд Дамбадаржаад байдаг хуучин Модлог ургамлын цэцэрлэгийн 50 га орчим талбайг бүрэн ойжуулж, тохижуулах нь. “Монгол Солонгосын найрамдлын ой” хэмээх төслийн зураг төслийг гаргаж, бэлэн болгожээ.
Ганцхан ширхэг мод 35.7 гр тоосыг өөртөө шингээж, агаарыг цэвэршүүлдэг байна. Тиймээс Улаанбаатар хотын төвөөс хойш 15 км-т, гэр хорооллын бүс дунд байгуулагдах энэхүү ой нь нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад хувь нэмрээ оруулна хэмээн “Ногоон хэрэм” төслийнхөн үзэж байгаа аж. Дөрвөн тэрбум воннын өртгөөр босох уг төслийг 2021 онд дуусгах бөгөөд түүнээс гадна 2020 он гэхэд нийт ойжуулсан 2,275 га газрыг хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!