Цэцэрлэгийн багш, сурган хүмүүжүүлэгчдийн мэдлэг, ур чадварын түвшинг тодорхойлох “Ур чадвар-2018” уралдаан өчигдөр Чингэлтэй дүүргийн 31 дүгээр цэцэрлэгт зохион байгуулагдлаа.
Жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг тус тэмцээнд Чингэлтэй дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг төрийн өмчийн 28 цэцэрлэгийн 250 гаруй багш оролцсоноос төгсгөлийн шатанд 10 багш өрсөлдөж шилдгээ шалгаруулсан байна.
“Ур чадвар-2018” уламжлалт уралдааныг гурван үе шаттай явуулсан бөгөөд нэгдүгээр үед багш нар хүүхэд хөгжүүлэх үйл ажиллагаагаараа цэцэрлэг бүртээ уралдаж, эхний хоёр байранд шалгарсан багш нарыг дараагийн шатанд оролцуулжээ.
Багш нар 3-5 насны хүүхдүүдэд хог хаягдал, усны хэрэглээ, хэмнэлт, мод зэрэг сэдвийн дагуу сургалт явуулсан байна. Тухайлбал, Чингэлтэй дүүргийн 37 дугаар цэцэрлэгийн багш Т.Мөнхтуяа цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдэд “Мод” сэдвээр хичээл заахдаа байгаль, нийгмийн орчны талаар таниулж, багачуудаар өөрсдөөр нь саванд мод суулгуулж, хэрхэн арчлахыг нь заан, цаашид модны үр өгөөжийн талаарх мэдлэгийг нь тэлсэн юм.
Энэ жилийн ур чадварын тэмцээнд ЧД-ийн 126 дугаар цэцэрлэгийн багш Б.Дариймаа шалгарсан байна. Тэрбээр ирэх сарын 23-нд болох Нийслэлийн ур чадварын тэмцээнд оролцож, дүүрэг бүрээс шалгарсан багш нартай өрсөлдөх юм байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!