Саяхан АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп цөмийн зэвсгийг хязгаарлах чухал гэрээнээс гарах тухай санаагаа ил болгосон. Хариуд нь Москвагийн эрх баригчид Вашингтон ийм алхам хийснээр дэлхий нийтийг аюулд автуулна хэмээн анхааруулжээ.
Өнөөдөр Трампын үндэсний аюулгүй байдлын зөвлөх Жон Болтон АНУ яагаад Дунд Тусгалын Цөмийн Зэвсгийг хориглох гэрээнээс гарах гэж байгааг тайлбарлахаар Москвад ирээд байна.
Тэгвэл энэхүү чухал гэрээний талаар дараах тайлбаруудыг хүлээн авна уу.
Уг гэрээг 1987 онд АНУ-ын ерөнхийлөгч Рональд Рейган, ЗХУ-ын ерөнхийлөгч Михайл Горбачев нар байгуулж байв. Гэрээ ёсоор газраас хөөргөх ангиллын 500-5,000 км тусгал бүхий баллистик, далавчит пуужингуудыг бүхэлд нь хориглож, талууд ийм ангиллын зэвсгүүдээ устгах үүрэг хүлээсэн юм.
1991 оны зургаадугаар сарын байдлаар АНУ 846, ЗХУ 1,846 зэвсгээ гэрээний дагуу устгажээ. Гэрээг байгуулснаас хойш 10 жилийн дараа харилцан бие биедээ шалгалт хийж баталгаажуулсан юм.
INF гэрээ нь дэлхий дахинд стратегийн тогтвортой байдлыг бий болгож, АНУ-ЗХУ-ын дайсагналыг бууруулж, хүйтэн дайныг төгсгөл болгосон ач холбогдолтой.
Хуучирсан гэрээг АНУ дагаж мөрдөх нь утгагүй болсон гэж Трамп үзэж байна. Учир нь нөгөө тал болох ОХУ гэрээг зөрчиж, Хятад улс уг гэрээнд багтаагүй гэж тэр үндэслэлээ тайлбарлажээ. Хэрвээ ОХУ, Хятад хоёр улс зэвсэглэлээр хөөцөлдөхөө зогсоовол АНУ мөн гэрээг дагана гэж тэр амлаж байна.
Хүч нөлөө нь нэмэгдэж байгаа Хятад улс энэхүү гэрээнд нэгдэхгүй бол ач холбогдолгүй гэж Вашингтон тайлбарлаж байгаа.
Гэрээг зөрчсөн гэх шүүмжийг ОХУ огт хүлээж авахгүй байна. Харин буцаагаад АНУ-ыг гэрээгээ зөрчиж байгаа хэмээн буруутгажээ.
Тухайлбал Румыньд байрлуулсан АНУ-ын пуужингийн байгууламж газар-газар ангиллын дунд тусгалын пуужин харвах чадвартай нь үүний баталгаа хэмээн Москва тайлбарладаг.
Одоогоор Оросын эрх баригчид хоёр талын гомдлыг хэлэлцэх уулзалт зохион байгуулах саналыг АНУ-д тавиад байна.
Гэрээнээс талууд гарснаар зэвсэглэлээр хөөцөлдөх явдал эрчимжиж, дэлхий нийтийн тогтвортой байдалд аюул учруулна гэж АНУ, Европын зарим улс төрчид үзэж байна.
Дунд тусгалын баллистик пуужин нь хэдхэн минутын дотор байндаа хүрдэг бол тив хоорондын баллистик пуужингууд илүү урт цаг авдаг. Ийм богино хугацаанд удирдагчид оновчтой шийдвэр гаргахад хэцүү тул хуурамч түгшүүрийн дагуу цөмийн мөргөлдөөн гарах боломж өндөртэй.
АНУ-ын холбоотнууд Трампын санаачилгад янз бүрээр хандаж байна. Британи улс дэмжиж, Герман улс болгоомжилж байна.
Европын Холбоо гэрээнээс гарахын үр дагаварыг дахин бодож үзэхийг АНУ-д уриалжээ.
INF гэрээнээс гадна ганцхан цөмийн зэвсгийн гэрээ АНУ, ОХУ-ын дунд бий. Энэ бол New START Treaty гэгддэг 2011 онд байгуулсан, 2021 онд дуусах гэрээ юм. Гэрээ ёсоор талууд цөмийн цэнэгт хошуу, пуужин харвагчийн тоогоо тус бүр 1,550-аас хэтрүүлэхгүй байх амлалт авсан байдаг. Өчигдөр Жон Болтон энэхүү гэрээг дахин таван жилээр сунгах талаар ОХУ-ын албаныхантай ярилцсан мэдээлэл байгаа ч эцсийн шийдвэрт хүрээгүй байна.
Эх сурвалж: Associated Press
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
18 СЭТГЭГДЭЛТЭЙ
|