Долларын ханш яагаад өсөөд байна вэ? - Энэ асуултын хариу нь энгийн. Манай зах зээл дээр доллар ховор бараа болж, ханш нь ѳсч байгаа нь дараах 4 шалтгаантай:
“Ханш гэж юу вэ?”, “Ханш юунаас шалтгаалдаг вэ?” гэдгийг суурь ойлголтоос нь арай дэлгэрэнгүй авч үзье. Ер нь аливаа валютын үнийг бид валютын ханш гэж нэрлэдэг. Жишээ нь, зах зээл дээр “1 доллар = 110 иен, 1 евро =75 рубль, 1 юань = 365 төгрөг” г.м. үнэ тогтдог. Яг л бусад барааны нэгэн адил энэхүү үнэ тухайн валютыг хэр олон хүн авах эсвэл зарахыг хүсч байгаа буюу эрэлт, нийлүүлэлтээс хамаарч өөрчлөгддөг. Хэрэв зах зээл дээр зарагдах хэмжээ нь худалдаж авах хэмжээнээс их бол үнэ буурна. Эсрэгээрээ эрэлт нь нийлүүлэлтээс их бол үнэ ѳсдѳг.
Тэгвэл “Авах, зарах хэмжээ юунаас хамаардаг вэ?” гэдэг асуулт гарч ирнэ.
Зарах хэмжээ буюу нийлүүлэлт дараах 2 зүйлээс шалтгаалдаг: 1. Тухайн эдийн засагт валют хэр их хэмжээтэй байх; 2. Зах зээлд оролцогчдын хүлээлт ямар байх. Өөрөөр хэлбэл, хэрэв Монгол руу орж ирэх валютын урсгал их, зах зээлд оролцогчид валютын ханш унана гэсэн хүлээлттэй байвал зарагдах хэмжээ нь нэмэгдэнэ гэсэн үг. Зах зээлд оролцогчид гэдэг нь банкууд, компаниуд, иргэд г.м байж болно.Жишээ нь экспортын орлого сайжрах, ГШХО нэмэгдэх эсвэл зээл бонд хэлбэрээр валют Монголд орж ирэхэд төгрөгийн ханш хэрхэн өөрчлөгдөж байсныг бид мэднэ.
Харин авах хэмжээ буюу эрэлтэд манай улсаас гарах валютын урсгал нөлөөлнө. Түүнчлэн зах зээлд оролцогчдын хүлээлт ч бас чухал.
Тэгэхээр долларын ханш эрэлт ба нийлүүлэлтээр шийдэгддэг байх нь. Эрэлт, нийлүүлэлтийн хэмжээнд валютын орох, гарах урсгал болон хүлээлт нөлөөлж байна. Эдгээрийн аль нь чухал хүчин зүйл болох вэ гэдэг нь харин цаг үеэс шалтгаална.
Ѳнөөдөр маргааш, ойрын сарууд гэх мэт харьцангуй богино хугацаанд улирлын онцлог болон хүлээлт ханшид хүчтэй нөлөө үзүүлдэг. Цагаан сарын ѳмнѳ, эсвэл зуны амралт дуусч бизнес идэвхжих үе /энэ нь яг өнөөгийн ханшийн өөрчлөлтийг тайлбарлаж байгаа/ зэрэг цаг үеэс хамаарч ханш өөрчлөгдөх нь үүний нэг жишээ. Харин хүлээлтийн хувьд, валютаар худалдан авалт хийх бодит хэрэгцээгүй ч доллар уралдаж авснаар ханш өсөх тохиолдлыг нэрлэж болно.
Үүнтэй харьцуулахад 5-10 жил г.м. харьцангуй урт хугацаанд тухайн орны ѳрсѳлдѳх чадвар буюу эдийн засгийн суурь хүчин зүйлс төгрөгийн ханшийг тодорхойлдог. Үүнд:
Даяарчлалын энэ үед улс орнууд хоорондоо худалдаа хийх нь ихэсч, төлбөр тооцоондоо валют ашигладаг. Жишээ нь, Япончуудад iPhone худалдаж авахын тулд доллар хэрэг болно. Тэд Тоёота машин үйлдвэрлээд Америкчуудад зараад хэрэгцээт доллараа олчихно. Харин бид яадаг вэ?
Харамсалтай нь, манай орны хувьд уул уурхайгаас ѳѳр валют олох чадвартай салбар цѳѳн хэрнээ ихэнх хэрэглээгээ гаднаас авдаг “импортын” эдийн засагтай. Ялангуяа приус, ланд круйзер зэрэг автомашинуудын импорт 2017 оны 7-р сард 227.8 тэрбум төгрөгт хүрч нэг жилийн дотор 65 орчим тэрбум төгрөг буюу 39.9 хувь өссөн нь гадаад худалдааны тэнцэл буурахад нөлөөлсөн.
Нөгөө талаас зэс, нүүрс г.м. түүхий эдийн үнэ унах тоолонд валютын ханшийн ѳсѳлт санаа зовоосон асуудал болсоор ирсэн. Энэ байдлыг өөрчлөхийг хүсвэл өрсөлдөх чадвартай холбоотой дээр дурдагдсан суурь асуудлуудаа шийдэх шаардлагатай.
Үүний тулд мэдлэг чадвартай боловсон хүчин бэлтгэж, дэлхийн зах зээлд зарагдах бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх компаниудыг бий болгож, олон улсын шилдэг туршлагыг эх орондоо нутагшуулах ёстой. Тэгвэл “Хэн юу хийвэл эдгээр зорилго биелэх вэ?” гэдгийг Монгол хүн бүр анхаарах нь зүйтэй байна.