Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

Ц.Чимэддондог: Сэтгүүлзүйд менежментийн шинэ бодлого дутагдаж байна

М.Мөнхтунгалаг, Үндэсний шуудан
2018 оны 9 сарын 13
Үндэсний шуудан
Зураг зураг

Хэвлэл мэдээллийн зөвлөлийн ёс зүйн хорооны орлогч дарга Ц.Чимэддондогтой сэтгүүлчийн ёс зүйн асуудлаар ярилцлаа.

-Хэвлэл мэдээллийн салбарт ажиллаж байгаа сэтгүүлчдийн тоо өмнөх жилүүдийг бодвол буурсан судалгаа гарсан байсан. Давуу болон сул тал нь юу вэ?

-Хэвлэлийн хүрээлэнгээс Монголын хэвлэл мэдээллийн салбарын статистик мэдээллийг сүүлийн 19 жилийн турш тогтмол хийж байна.

1999 оноос хойшхи хэвлэл мэдээллийн салбарын өөрчлөлт, хөгжлийг баримтжуулан, чиг хандлагыг тодорхойлоход хувь нэмрээ оруулж байгаа юм. Судалгаанаас харахад, Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбарт 434 байгууллага үйл ажиллагаа явуулж байна гэсэн тоо байна. Сүүлийн таван жилд уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо буурчээ. Тухайлбал, 2017 онд өмнөх оноос ХМХ-ийн тоо 16-гаар багасчээ.

Нийт хэвлэл мэдээллийн байгууллагуудын 78 хувийг хувийн компани, хувь хүн эзэмшиж байгаа бол хэвлэмэл сонины борлуулалтын тоо өмнөх жилээс тав гаруй хувь, сэтгүүлийн тоо 36 орчим хувиар буурсан үзүүлэлт гарсан байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслийн тоо буурахын хэрээр цахим сайтын тоо жилээс жилд өссөн судалгаа гарсан. Харин 2015 оноос сайтын тоо харьцангуй тогтворжиж, энэ оны эхээр 100 мэдээллийн сайт тогтмол ажиллаж байна. Уламжлалт мэдээллийн хэрэгслээр агуулгаа цацах, сурталчилах, захиалга авах байдал эрчимжиж байгаагаас фэйсбүүк чухал үүрэгтэй болж байна. Тодруулбал, ХМХ-ийн 60 гаруй хувь нь өөрийн байгууллагын фэйсбүүк хуудсыг ажиллуулдаг болсон байна. Өнөөдөр хэвлэл мэдээллийн салбарт 4,500 орчим хүн ажиллаж байгаагаас тал нь сурвалжлагч, сэтгүүлч, редактор байна. Харин нийт сэтгүүлчдийн 49 хувь нь сэтгүүлч мэргэжлээр дээд боловсрол эзэмшжээ. Энэ салбарт ажиллаж байгаа хүний 55 хувь нь телевизид ажиллаж байна.

-Энэ салбарт ажиллаж байгаа 4500 орчим хүний ажиллах орчин, нийгмийн асуудал ямар хэмжээнд байна вэ, шийдвэрлэвэл зохих гол асуудал нь юу байна вэ?

-Сэтгүүлчдийн нийгмийн хамгаалал талын нөхцөлд анхаарахгүй бол үнэхээр болохоо байсан. Үүнд хамааруулж цалин хөлс, орон байр, нийгмийн даатгалын асуудлыг нь сөхөж шийдвэрлэж болно. Өөрөөр хэлбэл, бага цалингаар их ажил хийлгэдгээс болж цаг наргүй, стресс дунд энэ хүмүүс ажиллаж байна. Нийгмийн талын ач холбогдлын хүрээнээс авч үзвэл үйлдвэрлэл буюу уран бүтээл хийхдээ бодлогын шинжтэй, хүний амьдралд ашигтай нөхцөлийг олж харж түүнээ боловсруулж, нягталж, түгээх гэх мэт олон талт үйл ажиллагаа явуулдаг учраас оюун санааны их ачаалал дунд ажиллаж амьдарч байна. Мөн үүн дээр сэтгүүлчийн аюулгүй байдлын асуудал хурцаар яригдах ёстой. Сэтгүүлчийн хөдөлмөрийн үнэлэмжийн асуудлыг нэн тэргүүнд авч үзмээр байна. Нэгэнт хангалттай цалин байхгүй, үнэлэмжгүй, аюулгүй байдлыг нь хэн хангаж, хамгаалаад байгаа нь тодорхойгүй ийм нөхцөлд сэтгүүлч эцсийн ур чадвараа гаргаж ажиллах боломжгүй болдог. Нийгмийн бүхий л талын асуудал нь ийм ундуй, сундуй болоод ирэхээр сэтгэлийн гутралд орох, энэ байдал нь нэр хүндэд нь нөлөөлөх, ажлаа үнэн сэтгэлээсээ  хийхгүй болох, амарчлах, хялбарчлах арга сүвэгчилж эхэлдэг. Нэг хэсэг сэтгүүлчдэд ийм байдал бий болохоор салбарынхаа нэр хүндийг доош нь татах дүр зураг сүүлийн үед ажиглагдаж байна. Тэгэхээр салбараа өөд нь татахын тулд сэтгүүлчдээ чадавхжуулах, тэдний нийгмийн асуудлыг шийдэх зайлшгүй хэрэгтэй.

-Мэргэжлийн бус ажиллах хүчин энэ салбарт хүч түрэн орж ирснээр сэтгүүлчийн ёс зүй алдагдах, захиалгат сэтгүүлзүйг хөгжүүлэх хүчин зүйл болж байна гэсэн олон нийтийн хардалт байдаг. Үүнтэй санал нэгдэх үү?

- Өөрсдийгаа сэтгүүлч гэж боддог мэргэжлийн бус хүмүүс болон нийгмийн сүлжээний сонирхогчдоос ялгарахын тулд сэтгүүлч гэх нэрийг жинхэнэ утгаар нь авч явах мэргэжлийнхнээ дэмжихээс өөр аргагүй. Мөн ажил олгогчдын зүгээс хэвлэл мэдээллийн ажилтныхаа ахуйг дээрдүүлэх, эрэлт хэрэгцээнд нь нийцсэн бодлого хэрэгжүүлэх, ялангуяа менежментийн бодлогоо сайжруулах байдал дутагдаж байна. Үнэхээр ардчилсан төр л юм бол хууль тогтоогчид ардчиллын тулгуур зарчмын нэг болох чөлөөт хэвлэл мэдээллийг жинхэнэ утгаар нь хөгжүүлэх, төлөвшүүлэхэд эрх зүйн бодит туслалцаа, зөв зохицуулалтууд хийх шаардлагатай. Манай салбарын тулгуур хэдэн хуулийн ихэнх нь батлагдаагүй. Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль гэхэд л тухайн үеийн ниийгмийн шилжилтийн байдлыг дагаад төрийн мэдлийн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хувьд шилжүүлэх, төрийн хяналтыг үгүй болгох л зорилготой байснаас сэтгүүлчийг бүх талаар нь хамгаалсан эрхзүйн хамгаалалт болж чадаагүй. Өөрөөр хэлбэл, 20 жилийн өмнө “дэглэсэн” дөрөвхөн залттай хуулиар сэтгүүлчид амьдарч байна. Тэгвэл өнөөдөр бидэнд Монополийн эсрэг хууль, Өргөн нэвтрүүлгийн тухай гэх мэт хэд хэдэн хууль үгүйлэгдэж байна.

-Сэтгүүлч өөрөө өөрийгөө ёс зүйн алдаа руу бараг түлхдэггүй. Тэнд ямар нэгэн редакц, далд эздийн даалгавар, бодлогын чиглэлийн асуудал яригддаг. Гэтэл алдааг нь сэтгүүлчид үүрдэг. Даалгавар биелүүлснийхээ төлөө сэтгүүлчийг ёс зүйгүй ажилалаа хэмээн буруутгах нь шударга бус биш гэж үү?

 -Ёс зүй гэдэг бол үндсэн утгаараа бусдаас шалтгаалахгүйгээр өөрөө өөрийгөө зохицуулах асуудал. 2015 онд Монголын хэвлэл мэдээллийн зөвлөлийг сэтгүүл зүйн салбарынхан өөрсдөө хамтран байгуулсан. Өнгөрсөн хугацаанд тус зөвлөлд ирсэн өргөдөл, гомдлыг үзэхэд ихэвчлэн ямар заалт, үндэслэлээр иргэд сэтгүүлчийг буруутгадаг вэ гэхээр, “Та нар хүний нэр төрд халдлаа, доромжиллоо” гэдэг. Яг үүнд дүгнэлт хийхээр 20 хувь нь үнэхээр бусдын нэр төрд халдсан байдаг бол 80 хувь нь санамсаргүй алдаа гаргасан байдаг. Хэнээс  ч шалтгаалахгүй санамсаргүй алдсан гэсэн үг. Уг нь маш энгийн дүрмийг сэтгүүлч мэддэг байхад л ёс зүйн алдаанд орохгүй. Наад зах нь “Мэдээлэл нь үнэнд нийцсэн эсэхийг баталгаажуулж, санамсаргүй алдаа гаргахаас зайлсхийнэ” гэсэн мөрдлөгө биелээгүйгээс сэтгүүлчийн бүтээл ёс зүйн хувьд унадаг. Гэтэл хэвлэл мэдээллийн үүрэг нь үнэн, бодит мэдээллийг олон нийтэд шуурхай хүргэх. Эх сурвалжаа тодорхой болгож дурьдаагүйгээс алдаа гардаг. Тэгвэл санамсаргүй алдаа гэдэг нь сэтгүүлч тоо баримтаа хянаагүйгээс, мэдээллээ дахин нягтлаагүй , хүний овог нэр, албан тушаал, орон зай, цаг хугацааг андуурах, буруу мэдээлэх, ижил нэртэй хүний гэрэл зураг, дүрсийг солих,үйл явдлын өрнөлийн дараа болсон үйл явцыг орхигдуулсан гэх мэт алдаанаас бий болдог. Ийм алдаа элбэг.

-Ёс зүйн зарчимд “Санамсаргүй алдаа” гэж оруулсан нь сэтгүүлчид санаатай алдаа гаргадаг уу гэсэн асуулт тавихад хүргэж байна?

-Хэрвээ сэтгүүлч санаатай алдаа гаргаж байгаа бол энэ нь ёс зүйн маш том зөрчил төдийгүй мэргэжлийн бус гэсэнтэй дүйцэхүйц үйлдэл юм. Мөн үзэл бодол, баримт хоёрыг зааглахгүй, баримтын төвшинд үзэл бодлыг гаргаж ирж ярьснаар алдаанд хүрч байгаа юм. Жишээлбэл, сэтгүүлч хувийн бодлоо бичих, таамаглах, үнэлэлт дүгнэлт өгөх, уншигчдад үлдээх ёстой үзэл бодлын эрх чөлөөг нь уншигчдын өмнөөс эдлээд байгаа алдаа түгээмэл. Уншигчдад үзэл бодлынх нь эрх чөлөөг олгож чадаж байгаа бол энэ нь хэвлэл мэдээллийн эрх чөлөөг хангаж байгаа маш том баталгаа. Тэгэхээр бид өөрсдөө хэвлэл мэдээллийн эрх чөлөөний баталгаат байдлыг хойш нь татаж чангаадаг үзэгдэл байна. Мөн нийгмийн сүлжээг эх сурвалжаа болгосон нэлээд тохиолдол байна. Гэтэл нийгмийн сүлжээг эх сурвалж болгож тэндээс шууд дамжуулалт хийх, мэдээ, нийтлэл бичих зэрэгт болгоомжтой хандах ёстой. Нийгмийн сүлжээ бол баримт биш. Тэнд үзэл бодлын давалгаа байдаг.

Цахим орчинд байгаа мэдээллийг эх сурвалж болгож болно, гэхдээ түүнийг батлах мэргэжлийн эх сурвалжуудтай холбогдох ёстой. Саяхан бид өдөр тутмын сонин, сайт, телевизийг хамруулан Hate speech буюу үзэн ядалт, ялгаварлан гадуурхлын үг хэллэг, агуулгыг тандах  судалгаа явуулсан. Гэтэл өдөр тутмын сонины хувьд байдал харьцангуй гайгүй байгаа бол сайтуудын тухайд анхаармаар зүйл нэлээд байсан.

-Сэтгүүлчдэд ёс зүй яагаад чухал гэдгийг тодруулж өгөөч?

-Ёс зүйн зарчим гэдэг нь сэтгүүлчийн мэргэжлийн гол шалгуур үзүүлэлт. Яагаад гэвэл, ёс зүйн зарчмаа мөрдлөгө болгож бичих нь сэтгүүлчээс том ур чадвар шаарддаг. Жишээлбэл, эх сурвалжаа баталгаатай эсэхийг нягталж, баталгаатай эх сурвалж мөн гэдгийг ямар арга замаар батлах вэ гэх мэтээр өөрийн онолын мэдлэгээ ашиглаж байж мэргэжлийн ур чадвар нь сайжирна. Мэргэжлийн ур чадвар сайжирвал алдаа гарахгүй, алдаагүй бүтээл чанартай болно. Үүнийг дагаад уншигчийн тоо ахина. Тэгэхээр ёсзүйтэй байх нь редакц, уншигч, марктенгийн хэмжээнд нөлөөлдөг. Олон улсад ёс зүйн гурван асуудлыг чухалд тооцжээ. Нэгдүгээрт, бодит байдлыг мэдээлэхийн тулд нягталж баталгаажуулдаг байх, хоёрдугаарт, аливаа төрлийн доромжлол, гүтгэлгийг газар авахуулахгүй байх, хол байх, гуравдугаарт, бусдад болон өөртөө хор уршигтай мэдээлэл тараахаас зайлсхийх гэсэн санааг мөрдлөг болгож байна.

-Сэтгүүлчийн алдааг ёс зүйн хороогоор шийдэх нь зөв үү, эсвэл хуулийн хүрээнд авч үзэх нь чухал уу?

-Сэтгүүлчийн ажил, эрх чөлөөнд төрийн зүгээс хэтэрхий их зохицуулалт орж ирээд байвал хэвлэлийн эрх чөлөө үгүй болох суурь бүрддэг. Тэгэхээр бид өөрөө өөрсдийгөө аврахын тулд ёс зүйгээ мөрдөх шаардлагатай болж байна. Хуулийг нийгмийг зохицуулах төрийн шаардлага гэж ойлгож болно. Хуулийг эрх мэдэлтнүүд боловсруулан олон нийтийн оролцоогүйгээр хэлэлцээд баталдаг. Мөн урьдчилан сэргийлэх арга хэрэглэнэ гэхээсээ илүү үр дагаврыг чухалчилдаг. Тухайлбал, хариуцлагын тогтолцоо яригддаг. Ийм хэмжээний мөнгөөр торгоно, ийм хугацаагаар баривчилна гэдэг. Үүнийгээ албадлага, шахалтаар хэрэгжүүлдэг. Ёс зүйн зарчмыг салбарынхан өөрсдөө ярилцаж байгаад ийм зарчмыг мөрдлөг болгоё, алдаа гаргавал ийм арга хэмжээ авья гэдэг байдлаар баталдаг.

Өөрсдөө гар өргөж баталж байгаа болохоор хууль шиг албадлагаар мөрдөх шаардлагагүй. Өөрөө өөрсдийгөө зохицуулна. Хэн ч албадахгүйгээр сайн дураараа хэрэгжүүлнэ. Ийм давуу талтай бол хор уршиг нь урт удаан хугацаанд, өргөн хүрээг хамарч сэтгүүлчийн ёс зүйн алдаа яригддаг. Тухайлбал, монголчууд муу муухай хэрэг үйлддэг нөхөдийг удам угсаагаар нь ярьдаг, тэднээс сэрэмжилдэг шиг ёс зүйн алдаа гаргасан сэтгүүлчийг салбараараа хэлэлцэж ярьдаг учраас илүү ичгэвтэр. Гэтэл хуулиар шийтгэгдээд шүүх дээр хэрэг нь очсон сэтгүүлч эсрэгээрээ бараг баатар болдог. Намайг хэлмэгдүүллээ, хэвлэлийн эрх чөлөө хаана байна гэдэг байдлаар олон нийтэд танигддаг. Ёс зүйг сэтгүүлч хэнд ч гайхуулахгүйгээр өөрөө өөртөө мөрдөөд явж болдог. “Би энэ хүний талаар олон нийтийн өмнө ингээд мэдээллэвэл үүний цаана үр хүүхэд, хань ижил, аав ээж нь зовно. Тиймээс энэ асуудлыг газар авахуулахгүй өнгөрөөчихье” гэдэг байдлаар ёс зүйгээ эрхэмлэж болох учраас хувь хүнээс хамаарч хэрэгждэг. Үүнийг ойлгож байж мэргэжлийн сэтгүүлчид сайн дурын уран сайханчдаас ялгарна. Сэтгүүлзүйн тогооноос бидэнтэй хамт нэг халбагаар хоолоо халбагадаж байгаа сайн дурын уран сайханчдаас мэргэжлийн сэтгүүлчид өөрсдөө ялгарч, нэр хүнд, үнэлэмжээ ахиулах хэрэгтэй байна.

-Редакц болон эзэд сэтгүүлчийг ёс зүйгээ зөрчихөд тодорхой хэмжээгээр нөлөөлдөг үү?

-Миний хувьд 13 жил сэтгүүлзүйд боловсон хүчин бэлтгэж өгч байна. Орон нутгийн хэвлэл мэдээллийн байгууллагаар ч нэлээд явлаа. Нөхцөл байдлыг нь чихээр сонсож, нүдээр үзсэн. Ерөнхий дүр зураг таны хэлсэнтэй агаар нэг байдаг. Жишээлбэл, тавдугаар сарын 3. Хэвлэлийн эрх чөлөөний өдөр. Бүгдээрээ болохгүй, бүтэхгүй байгаагаа сайхан шүүмжлье гэвэл хэзээ ч бүтэхгүй нэг зүйл манай салбарт бугшсан. “Өдрийн сонин” ерөнхийлөгч асан Ц.Элбэгдоржийг, “Өнөөдөр” сонин мөн ерөнхийлөгч асан Н.Багабандийг, “Зууны мэдээ” мөн ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг, “Ардчилал” сонин өнөөдрийн ерөнхийлөгч Х.Баттулгыгаа  шүүмжлье гэвэл хэзээ ч биелэхгүй. Яг үүн шиг орон нутагт МАН, АН гэсэн хоёр намын нөлөөгөөр хэвлэл мэдээллийн суваг нь амьтай явж байна. Аль нам нь төрийн эрх барьж байна гэдгээс гэрээ байгуулдаг, хөрөнгө оруулалт орж ирдэг, тухайн намын үйл хэргийг дамжуулдаг. Нөгөө ялагдсан намын хэвлэл мэдээллийн хэрэгсэл дөрвөн жилийн турш нам гүм болдог. Ийм л байдалтай байна. Сүүлийн дөрвөн Ерөнхийлөгч гэхэд л өөр өөрийн хэвлэл мэдээллийн сувагтай, түүгээрээ улс төрийн ажлаа хийдэг байх жишээтэй. Дөрөв дэх засаглалдаа хянуулж байх ёстой төрийнхөн нь өөрсдөө хэвлэл мэдээллийн салбараа хянадаг. Ийм урвуу нөхцөл үүссэнээс болж иргэд сэтгүүлзүйгээс зайгаа барьж байна. Итгэл нь алдарч байна. Ийм согогийг нарийвчлаад хуулиар нь зохицуулах шаардлагатай. Харамсалтай нь Ц.Элбэгдорж ерөнхийлөгчийн  үед ийм хуулийн төсөл орж ирсэн ч дэмжлэг авч чадалгүй унасан. Энэ хуулийг хэн унагаасан бэ гэхээр, өдөр тутмын сонины эрхлэгч нар өөрсдөө унагасан. Энэ хуульд захиалгат сэтгүүлзүйн асуудлыг яах вэ, редакцийн хараат бус байдлыг тодорхой болгох, хэвлэл, мэдээллийн салбарыг өмчлөгчөөс нь хэрхэн хараат бус байлгах вэ зэрэг чухал санаанууд байсан ч парламентад суудалтай хэвлэл мэдээллийн эрх ашиг бүхий гишүүд дэмжээгүй. Хуулиар энэ бүхнийг зохицуулчихвал, хэвлэл мэдээллийг санхүүгийн эрх чөлөөгөөр нь боомилдог, гар хөлөө болгодог улс төрчдийн нөлөө байхгүй болох байв. Өдөр тутмын сонинууд зах зээлийнхээ шалгарлаар үлдэх байв. Хэн чанартай, ёс зүйтэй сэтгүүлзүйн зарчмаар ажиллаж байгаа нь энэ талбарт тунана. Нэгэнтээ чанартай нь үлдэж байгаа болохоор уншигчдын тоо ахина, цөөн хэвлэл рүү урсах эдийн засгийн урсгал нэмэгдэнэ.

-Тэгэхээр таны хэлээд байгаа шиг сэтгүүлч нь ахуйдаа хүлэгддэггүй, ёс зүйн хүрээнд ажлаа хийдэг, улс төрийн нөлөөлөлгүй, хууль, эрхзүйн хамгаалалт нь чанга гэх мэт гоё орчин үүсэх боломж байна уу?

-Бий. Менежментийн шинэ бодлого хэрэгжүүлж чадвал ийм байх боломжтой. Бид яг одоо энэ чиглэлээр шинэ хэлбэрийг эрэлхийлж эхний модулаа боловсруулаад редакциудад танилцуулахаар бэлтгэж байна. 

Зураг