Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/06-НД НИЙТЛЭГДСЭН

Эстони улс Оросын талд тагнуул хийсэн хэрэгт сэжиглэн хоёр иргэнээ баривчилжээ

Э.Сэмүүн, ikon.mn
2018 оны 9 сарын 6
iKon.MN
Зураг зураг

Эстоний армийн офицер болон түүний эцгийг Оросын талд тагнуул хийж, эх орноосоо урвасан хэрэгт сэжиглэн баривчилсныг тус улсын эрх баригчид өчигдөр мэдээлжээ.

Эстони улсын Прокурорын газар, Дотоодыг Аюулаас хамгаалах байгууллагын хамтарсан мэдэгдэлд Денис Мецавас, Пётр Волин нарыг хоёр өдрийн өмнө баривчилсныг мэдээлсэн байна.

38 настай Мецавас, түүний 65 настай эцэг хоёр Эстоний төрийн нууцад хамаарах мэдээллийг 2013 оноос хойш Оросын цэргийн тагнуулын газар буюу ГРУ-д дамжуулж байсан хэмээн сэжиглэгджээ.

Мецавас нь 1998 оноос хойш Эстоний армийн янз бүрийн албанд ажиллаж, NATO-гийн хүчний бүрэлдэхүүнд багтан Афганистанд алба хааж байсан нэгэн гэнэ. Тэр 2015 онд армийн хошууч цол хүртжээ.

Харин эцэг Волин нь Зөвлөлтийн үед КГБ-д алба хааж байсан хүн гэнэ. Тэд 1990-ээд оны үед Эстоний иргэн болж байжээ. Прокурорын төлөөлөгч Инна Омблер “Мецавас нууц мэдээлэлд хандах эрхтэй байсан. Харин ГРУ-д дамжуулах ажлыг тэд хоёул гүйцэтгэж байсан гэж сэжиглэж байна” хэмээн хэвлэлд ярьсан юм.

Эстоний зэвсэгт хүчний командлагч, генерал Рихо Террас баривчлагдсан Мецавасыг Эстони болон түүний NATO-гийн холбоотнуудад ноцтой хохирол учруулсан “урвагч” гэж нэрлэжээ.

Дэлхийн хоёрдугаар дайны үеэр ЗХУ-д эзлэгдсэн Эстони 1991 онд тусгаар тогтнолоо олж, NATO болон Европын Холбооны гишүүн болсон юм.

Тусгаар тогтносноос нь хойш энэ улсад ОХУ-тай холбоотой тагнуулын хэрэг хэд хэдэн удаа илэрч байсан.

Өнгөрсөн хоёрдугаар сард Эстони, Орос улсууд харилцан баривчлагдсан хоёр тагнуулаа солилцож байсан юм.

 

Эх сурвалж: Associated Press