Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/05-НД НИЙТЛЭГДСЭН

Симон Нивен: “Рио Тинто” Монголын оюуны баялгийг дэлхийд экспортлоход анхдагч болж байна

ikon.mn
2018 оны 9 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

Улаанбаатар хотын “Шангри-Ла” төвд саяхан төвхнөсөн “Рио Тинто” группийн шинэ оффист тус группийн хоёр салбар байрлан үйл ажиллагаа явуулж буйн нэг нь мэдээллийн систем, технологийн “Монголиа Дэливэри Цэнтр” (MDC) юм. Анх 2014 онд ганцхан хүнтэй үйл ажиллагаагаа эхэлж байсан MDC төв өдгөө 60 орчим чадварлаг монгол мэргэжилтнээр хүрээгээ тэлжээ.

Дэлхийн 35 оронд нийт 47,000 ажилтантай “Рио Тинто” группийн мэдээллийн систем, технологийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх замаар монгол залуусын оюуны бүтээлийг экспортолж байгаа MDC төвийн албан ёсны нээлт энэ сарын 3-нд “Шангри-Ла” оффист болсон юм. Энэхүү нээлтийн ажиллагаанд оролцохоор хүрэлцэн ирсэн “Рио Тинто” группийн Харилцаа, хамтын ажиллагаа эрхэлсэн захирал, хатагтай Симон Нивентэй энэ үеэр ярилцсанаа хүргэж байна.

-Танд энэ өдрийн мэнд хүргэе. Юуны өмнө шинэ оффисын нээлт болж байгаад баяр хүргэе. Оффисынхоо талаар танилцуулахгүй юу?
 
-Баярлалаа. Монголд дахин ирж, шинэ оффисынхоо нээлтийг хийж байгаадаа маш баяртай байна. Энэ бол “Рио Тинто”-ийн Монгол дахь урт хугацааны үйл ажиллагаа, хамтын ажиллагааг харуулж чадах сайхан боломж юм.
 
Шинэ оффис нь гурван төрлийн үйл ажиллагаа явуулна. Юун түрүүнд монгол залуусаас бүрдсэн хайгуулын баг ажиллана. Хоёрдугаарт, хамтын ажиллагааны баг “Рио Тинто” групп болон Монгол Улсын урт хугацааны хамтын ажиллагааг өрнүүлэх талаар чухалчилж ажиллах болно. Гурав дахь нь буюу хамгийн сонирхолтой, шинэлэг баг бол MDC юм.

MDC нь “Рио Тинто”-ийн Мэдээлэл, технологийн группийн (Information Systems and Technology) нэгж бөгөөд “Рио Тинто”-ийн дэлхий даяарх үйл ажиллагаа, төслүүдийг дэмжиж ажилладаг. Тухайлбал дата анализ, мэдээлэл технологийн шийдэл, төслийн менежментийн дэмжих үйлчилгээг үзүүлдэг. Анх дөрвөн жилийн өмнө ганцхан ажилтантай үйл ажиллагаагаа эхэлж байсан MDC төв одоо авьяас чадвартай 54 монгол залуу ажилтантай болжээ. Өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд MDC аажмаар тэлж хөгжсөөр ирсэн.

Дэлхий даяар мэдлэг, мэдээллийн эрин зуунд амьдарч буй өнөө цагт энэ нь Монгол Улсын хөгжилд ч мөн сайнаар нөлөөлнө гэж бодож байна.

-"Рио Тинто" групп яагаад мэдээлэл технологийн салбар нэгжийг Монголд нээсэн бэ? MDC “Оюутолгой”-той ямар холбоотой вэ?

-MDC нь “Оюутолгой”-оос тусдаа, “Рио Тинто”-ийн хөрөнгө оруулалтаар байгуулагдсан бөгөөд баг бүрэлдэхүүн нь “Рио Тинто”-ийн нэг хэсэг гэсэн үг.   
Бид Монголд энэ салбарыг нээх болсон шалтгаан нь монгол залуусын авьяас, чадвартай холбоотой. Энэ нь зөвхөн мэдлэг боловсрол биш, харилцаа хандлагыг мөн хэлж байгаа юм.

Монголд уг төвийг нээх болсон өөр нэгэн шалтгаан нь бид энд боломж байгааг олж харсан. Энэ хугацаанд бид амжилттай ажиллаж чадсан учраас цаашид ч үйл ажиллагаагаа өргөжүүлэх бүрэн боломжтой гэж үзэж байна.

-Уул уурхайн дэлхийн тэргүүлэх компанийн удирдлагад ажилладгийн хувьд та Монгол ажилчдаас юуг хүлээж байна вэ?
 
-Би өөрийгөө азтайд тооцдог. Учир нь би ажлын цагийнхаа 85 хувийг томилолтоор гаднын улсуудад ажиллаж өнгөрөөдөг. Би компанийнхаа орон нутгийн бүх салбар оффисыг хариуцаж ажилладаг учраас маш олон хүнтэй уулздаг. Монголд сүүлийн долоон жилийн туршид ирж байна. Энэ жил л гэхэд 9 долоо хоногийг Монгол Улсад өнгөрүүлсэн.
 
Энэ бүхнээс дүгнэж хэлэхэд монголчууд маш чадварлаг, авьяастай, боловсролтой. “Оюутолгой” бол үүний нэг жишээ. Монгол дахь ажилтнуудын сэтгэл ханамжийн индекс Рио Тинто групп дотор хамгийн өндөр гардаг. Түүнчлэн MDC-ийн хэрэглэгчид тэдний ажилд өндөр үнэлгээ өгч байна.

“Рио Тинто” Монголын оюуны баялгийг дэлхийд экспортлоход анхдагч болж байна.
 
-MDC-ийн баг бүрэлдэхүүн Монголын чадварлаг мэргэжилтнүүдийн хувьд нээлттэй гэж ойлгож болох уу?

-Мэдээж MDC-д орох хүсэлтэй монгол мэргэжилтнүүдэд нээлттэй. Гэхдээ бид аажмаар, үе шаттайгаар шалгаруулж авах төлөвлөгөөтэй байгаа.

Ц.Алунгуа: Дэлхий даяар хэрэгжиж буй мэдээллийн технологийн олон төсөлд Монголоос үйлчилгээ үзүүлж байна

 
Гэрэл зургийг MPA.mn

MDC-д 2016 оны дөрөвдүгээр сараас төслийн шинжээчээр ажилд орсон Ц.Алунгуа өдгөө тус төвийн таван багийн нэгийг ахлан ажиллаж байна. Түүний ахалдаг баг “Рио Тинто”-ийн Мэдээлэл, технологийн групптэй байнгын харилцаатай ажиллаж, төслийн хэрэгжилтэд туслалцаа үзүүлж, хяналт тавих зэргээр бизнесийн үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлдэг байна. 

Монгол залуус, бидний хүүхдүүд, үр хойч маань ажиллах дэлхийн хэмжээний том байгууллагыг бий болгох зорилготой

“Рио Тинто”-ийн Мэдээлэл, технологийн группийн дэлхий даяар хэрэгжүүлдэг олон төсөл дээр Монголоос үйлчилгээ үзүүлж байна. Тэд энэ олон төслийг хэрэгжүүлж байгаа баг хамт олныг нэг ойлголттой болгож, Рио Тинтогийн стандартын дагуу төслийг хэрэгжүүлж гүйцэтгэхэд нэгдсэн арга барилаар дэмжлэг үзүүлдэг байна. Тухайлбал санхүүгийн мэдээллээс эхлээд судалгаа хийх, шаардлагатай хүмүүстэй нь холбох, төслийг төсөвт өртөтгөө багтаан үр дүнтэй хэрэгжүүлж дуусах хүртэлх бүх дэмжлэгээр хангадаг ажээ. 

“Монголчууд ямар нэгэн ажлыг хүлээж аваад зааврын дагуу хийхээс гадна хайрцагнаас гадуур сэтгэж, илүү хурдан, хялбар болгох аргыг эрэлхийлдэг учраас үйлчлүүлэгчид маань бидэнтэй хамтарч ажиллах дуртай байдаг. Бид энэ ажлын суурийг зөв тавьснаар цаашид монгол залуус, бидний хүүхдүүд, үр хойч маань ажиллах дэлхийн хэмжээний том байгууллагыг бий болгох зорилготой” хэмээн Ц.Алунгуа ярилаа. 

“Рио Тинто” шинээр орж байгаа хүмүүстээ ажиллах нөхцөлийг нь илүү хялбар болгох үүднээс компанийн соёл, ажиллах тогтсон арга барил, стандарт, системийн талаар төрөл бүрийн сургалт явуулдаг байна. Мөн “Рио Тинто коллеж” гэх дотоод онлайн сургалтын платформоор дамжуулан хувь хүний хөгжил болоод мэргэжил дээшлүүлэх цахим сургалтуудад хамрагдаж маш их зүйлийг сурч мэдэж байгаагаа тэрбээр дурдсан юм.

С.Энхтүвшин: Бид оюуныхаа бүтээлийг экспортолж, Монгол Улсдаа хувь нэмрээ оруулж байгаа

Гэрэл зургийг mpa.mn

MDC-ийн анхны 10 ажилтны нэг С.Энхтүвшин одоо Бизнесийн өгөгдлийн шинжилгээний багт Техникийн мэргэжилтнээр ажилладаг. Түүний ажиллаж буй баг “Рио Тинто”-ийн дэлхий даяарх уурхай, салбар нэгжүүдэд мэдээлэл цуглуулах, олон төрлийн тайлан, үзүүлэн гаргах ажлыг гүйцэтгэж өгдөг. Мөн тайлангийн програм, түүнийг ашиглах талаар хэрэглэгчдэдээ сургалт явуулдаг ажээ.
Одоогийн байдлаар Рио Тинтогийн бизнес компаниудад төрөл бүрийн тайлан бэлтгэж өгч байгаа бөгөөд хамгийн сүүлд “Рио Тинто”-ийн Гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жакт түүний баг тайлан хийж өгсөн тухайгаа С.Энхтүвшин сонирхуулсан юм. 

Facebook, Apple, Google зэрэг томоохон компаниуд шиг глобал орчинд ажиллах нөхцөлийг Монголд “Рио Тинто”-ийн MDC олгодог

Тэрбээр “Манай анхны менежер Стивэн Бест хамгийн эхний 10 ажилтан болох биднийг “Рио Тинто”-ийн гол дата мэдээлэлтэй сайн ойлгож ажилладаг болгох зорилгоор Энэтхэгт гурван сар сургалтанд хамруулсан. Улмаар бид SAP-ийн системийн мэргэжилтэн болж төгссөн юм. Үүний дараа манай баг мэргэжил дээшлүүлж, үйл ажиллагаагаа тэлсэн” хэмээн ярилаа.

Мэдээлэл технологийн мэргэжилтэй монгол залуусын мөрөөдөл нь Facebook, Apple, Google зэрэг томоохон компаниудад ажиллах. Технологийн тэр компаниудын соёл, глобал орчин нөхцөл залуусыг татдаг учраас тэр ажээ. Тэгвэл Монголдоо яг тэр орчин нөхцөлд ажиллах боломжийг MDC олгодог учраас гадаадад мэргэжил эзэмшсэн төдийгүй төгсөөд тухайн улс оронд мэргэжлээрээ ажилласан инженер залуус “Рио Тинто”-ийн энэхүү төвд ажиллахаар ирсээр байна.

“Манайд ажиллахаар орсон хүмүүсийн 70 хувь нь гадаадад төгссөн. Тэд гадаадад ажиллаж байгаа мэт мэдрэмжийг авахын зэрэгцээ Монголдоо хувь нэмрээ оруулах үүднээс манайд ажиллахаар ирсэн байдаг. Товчхондоо, бид оюуныхаа бүтээлийг экспортолж, Монгол Улсынхаа эдийн засаг, хөгжилд хувь нэмрээ оруулж байгаа” хэмээн С.Энхтүвшин хэлсэн.

Ийнхүү монгол залуус дэлхийн хэмжээний группт нэгдэн, өөрсдийн оюуны баялгийг түгээж, олон улсын компани, төслүүдэд оролцон ажиллаж байна. Энэ боломжийг олгож байгаа MDC төвийн талаар Улаанбаатар дахь “Рио Тинто”-ийн оффиссын нээлтийн үеэр тус группийн Гүйцэтгэх захирал Жан-Себастъян Жак “Бид Монгол дахь хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлснээрээ дэлхий даяарх манай бизнесийн нэгжүүдийг удирдах ирээдүйн манлайлагчдыг бэлтгэхийн сацуу монголчуудын оюуны нөөц чадавхыг дэлхийн бусад улстай холбох гүүр болж байна. Энэ бол яах аргагүй харилцан ашигтай хамтын ажиллагааны хэлбэр юм” хэмээн онцолсон билээ. 

 

Сэтгүүлч Р.Оюунцэцэг, А.Үлэмж