Хичээлийн шинэ жил эхлэхэд сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. Гэвч Монгол Улсын боловсрол, нийгмийн салбарт тулгамдаж буй томоохон асуудлуудын нэг сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал бахь байдгаараа.
Зуны адаг сарын, хот хөдөлгөөнд орж, хаа сайгүй сургууль, цэцэрлэгийн бэлтгэлээ базааж эхэлдэг энэ үед цэцэрлэгийн насны хүүхдүүдтэй эцэг, эхчүүдийн дунд хүүхдээ хэрхэн улсын цэцэрлэгт хамруулах вэ гэдэг толгойн өвчин болдог.
Улсын хэмжээнд жил бүр цэцэрлэгт хамрагдах насны 250-300 мянган хүүхэд байдаг ч тэдний 70-80 мянган хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадалгүй, гэртээ харгалзах хүнгүй цоожлогдон, болзошгүй эрсдэлд өртөж, халамж хамгаалал, нийгэмших боломжоос ангид, эрсдэлтэй нөхцөлд үлддэг гэсэн харамсалтай тоо баримт бий.
Энэхүү хууль 2016 онд анх хэрэгжиж эхлэхэд төрийн зүгээс жилд тутам 10 тэрбум төгрөгийг төсөвлөснөөр жилд нийт 15 мянга гаруй хүүхдийг энэхүү үйлчилгээнд хамруулах боломжтой гэж тооцоолж байсан ч төрөөс үүний тал мөнгө буюу 5.8 тэрбум төгрөгийг л олгодог болсныг Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн гишүүн, зохицуулагч Б.Өлзийбат онцоллоо.
Тус хууль 2016 онд батлагдсан ч ердөө жил гаруй хугацааны дараа хуулийг зогсоох талаар хэлэлцэж, өнгөрсөн оны 11 дүгээр сард Монголын хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийн нэгдсэн холбоо үүнийг эсэргүүцэж төр засагт шаардлага хүргэсэн талаар бид өмнө мэдээлж байсан билээ.
Цэцэрлэгийн насны хүүхэдтэй эцэг, эхчүүдийн дийлэнх нь 23-35 насны буюу манай улсын гол ажиллах хүч юм. Гэвч бага насны хүүхдээ эцэг, эхийн хэн нэг нь заавал харж хандах асуудалтай тулгарч, нэг нь хөдөлмөр эрхлэх боломжгүй болдог.
“2016 онд хүүхэд харах үйлчилгээнд улсаас 5.2 тэрбум төгрөг төсөвлөж, 4,000 хүүхэд хамрагдсан. 2017, 2018 онуудад харин 5.8 тэрбум төгрөг болгож, тус бүр 4,900 хүүхэд хамруулсан. Энэ тоо бараг л нэг хэвэндээ, өсөхгүй байгаагийн шалтгаан нь жил бүр төрөөс олгож буй төсөвтэй холбоотой. Хэрэв цэцэрлэггүй үлдсэн хүүхдүүдээс тус үйлчилгээнд илүү олноор нь хамруулахыг хүсвэл төрөөс олгож буй жилийн төсвийг нэмэх хэрэгтэй байна” хэмээн МХХҮЭНХ-ны УЗ-ийн гишүүн, зохицуулагч Б.Өлзийбат ярилаа.
Цэцэрлэггүй үлдэж буй хүүхдүүдийн тоог нэмж, аюулгүй орчинд байлгахын хажуугаар дагаад илүү 1,000-2,000 шинэ ажлын байр бий болж, өрхийн орлого нэмэгдэж, цаашлаад улсын эдийн засаг, ядуурлын түвшинд эергээр нөлөөлөх боломжтой юм.
Ер нь хүүхэд харах үйлчилгээг гадны улс, орнууд цэцэрлэгийн асуудлаа аль хэдийнэ шийдсэний дараа илүү дээд түвшний, ганцаарчилсан сургалт авах, хүүхдэдээ илүү зүйл сургах зэрэг үйлчилгээг эцэг, эхэд санал болгодог байна. Харин манай улсад энэ нь эсэргээрээ, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдлаас болж гэртээ үлдэж байгаа хүүхдүүдийн хэдхэн хувь нь тус үйлчилгээнд хамрагдаж, аюулгүй орчинд байх бололцоогоор хангагдаж байгаа юм. Үүнийг ард иргэд, төр засгийн бодлого төлөвлөгч, шийдвэр гаргагчид ажилгүй хэдэн хүмүүсийн бизнес, эсвэл аливаа нам, хууль санаачлагч нарын ашиг сонирхолд нийцсэн хууль гэх мэтээр харж буй нь харамсалтай.
Хүүхэд харах үйлчилгээ анх хэрэгжиж эхлэхэд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам хариуцаж байсан бол угаас ачаалал ихтэй, асуудал нь дийлдэхгүй, төсөв нь хүрэлцэхгүй байгаа Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын яаманд өнгөрсөн жилээс Засгийн газар шилжүүлсэн. Тухайн үед УИХ-ын гишүүдийн дунд энэ хууль аль яаманд харьяалагдах ёстой талаар багагүй маргаан дэгдсэн ч эцэст нь дээрх шийдвэр гарсан байдаг.
Хүүхэд харах үйлчилгээний төвүүд үйл ажиллагаа явуулж эхэлсэн нь хувийн цэцэрлэгүүдэд хамгийн хүнд тусдаг гэж хэлж болно. Учир нь орлого багатай эцэг, эхийн хувьд сарын 400-500 мянган төгрөгийн төлбөртэй хувийн цэцэрлэгт хүүхдээ явуулснаас илүү хямд зардлаар, цөөхөн хүүхэдтэй, хүүхэд харах төвүүдэд явуулах сонирхолтой болсон гэж болно. Энэ нь хувийн цэцэрлэгүүдээс хүүхэд харах төвүүдэд үзүүлэх дарамт, шахалтын үзүүлэх шалтгаан болж буй тул төрөөс дэмжиж ажиллах хэрэгтэй байгааг зохицуулагч Б.Өлзийбат онцолж байлаа.
“Хүүхэд харах үйлчилгээний тухай хуульд төрөөс олгож буй хүүхдийн мөнгийг сар бүр олгох ёстой гэж заасан байдаг ч төрийн албаны хүнд сурталт газрын дарга, доогуур нь ажилладаг хүмүүсийн үйл ажиллагаанаас болж бүтэн 9 сарын дараа мөнгө нь орж байсан удаатай. Төрөөс мөнгө орох хүртэл үйл ажиллагаа эрхэлж буй хүн өөрөөсөө хүүхдүүдийн мөнгийг гаргаж явсан үе зөндөө бий” хэмээн тэрбээр ярьсан. Уг нь хуулиндаа энэ тухай тодорхой зааж, төрөөс мөнгө олгохыг баталасан байтал хүүхэд харагчдад төрөөс мөнгө гуйж үйл ажиллагаа явуулж байгаа мэт ханддаг нь бас нэгэн бэрхшээл болдог аж.
Хүүхэд харах үйлчилгээ зөвхөн нийслэл хотод хэрэгжээд зогсохгүй хөдөө орон нутаг, аймгийн төвүүдэд үйл ажиллагаа явуулдаг. Хамгийн их хүүхэд харах үйлчилгээтэй аймгуудыг дурдвал:
МХХҮЭНХ-ны УЗ-ийн гишүүн, зохицуулагч Б.Өлзийбат “Хүүхэд харах үйлчилгээ эрхлэх зөвшөөрлийг тухайн аймаг, сум, дүүргийн Боловсрол, соёлын газраас авдаг болсон. Жил бүр хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах хүүхдийн тоог төрөөс тогтоож өгдөг. Жишээ нь өнгөрсөн хичээлийн жилд нийслэлийн хамгийн олон оршин суугчтай Баянзүрх дүүрэгт л гэхэд цэцэрлэгийн насны 26,222 хүүхэд байсан бөгөөд 8,040 хүүхэд цэцэрлэгт орж чадаагүй. Тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй хүүхэд харах төвүүдэд 8,040 хүүхдээс 937 хүүхэд нь хамрагдах боломжтой гэсэн квотыг олгосон" гэлээ.
Дүүрэг болгонд олгодог хүүхэд харах үйлчилгээ эрхлэх квотыг харахад хаана нь ч хүрэлцэхээргүй байдаг аж. Тухайлбал, нийслэлийн нэг дүүрэгт ойролцоогоор 20-25 мянган цэцэрлэгийн насны хүүхэд байдаг бөгөөд 10 гаруй мянга нь жил бүр цэцэрлэггүй үлддэг байна. Харин 600-900 хүүхэд нь жилд хүүхэд харах үйлчилгээнд хамрагдах боломж бүрддэг ажээ.
Энэ оны нэгдүгээр сараас хойш хүүхэд харах үйлчилгээ эрхлэхээр хүсэлт гаргаж буй хүмүүст зөвшөөрөл олголтыг түр хугацаагаар зогсоож байгааг БСШУСЯ мэдэгджээ. Эл шийдвэрээс өмнө 298 хүн сургалтанд сууж, хүүхэд харах зөвшөөрлөө аль хэдийнэ авсан байсан ч ийнхүү тодорхой бус шалтгааны улмаас зөвшөөрөл одоог хүртэл олгоогүй хэвээр байна. Гэсэн ч хүүхэд харагчдын зүгээс шинэ хичээлийн жилийн төсвийг нэмэгдүүлэх талаар Засгийн газарт хүсэлт тавиад байгаа аж.
Ийнхүү хууль нь батлагдаж, цэцэрлэгийн насны хүүхдүүдийг тодорхой хэмжээнд боловсролоор хангах боломж бүрдчихээд байхад хариуцсан яам нь зөвшөөрлөө тодорхойгүй шалтгаанаар зогсоож, үйл ажиллагаа явуулж буй хүмүүст хүүхдийн мөнгөө өгөлгүй уддаг зэрэг нь төрөөс цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаагүй хүүхдүүдэд сэтгэл гаргахгүй байна гэсэн ойлголтыг л төрүүлж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!