Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2017/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

Хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг ТӨР ЗАСАГТ уриаллаа

А.Үлэмж, iKon.mn
2017 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооноос өнөөдөр Засгийн газар, УИХ, Ерөнхийлөгч болон бусад холбогдох байгууллагуудад шаардлага хүргүүлж байгаа талаар мэдээлэл хийлээ.

Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны тэргүүн Б.Өлзийбат "Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль Монгол Улсын Их Хурлаар 2016 оны нэгдүгээр сарын 1-нээс эхэлж хэрэгжиж эхэлсэн. Энэ хууль хэрэгжээд жил 10 сарыг үдэж байна. Энэ хуулийн зорилго бол цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа 70,000 гаруй хүүхдийг харж, хандах хууль юм. 

Өнгөрсөн жил 5.8 тэрбумыг УИХ-д төсөвлөж 6,000 хүүхэд хамруулах ёстой гэдгийг баталсан. Гэтэл өнөөдөр 5,275 хүүхэд уг үйлчилгээнд хамрагдаж, тогтмол 1,025 ажлын байр бий болж, өнөөдөр 10,000 гаруй эцэг эх ажил хийх боломжтой болж байгаа юм. 

Энэ хуулийн талаар бид Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Монгол Улсын Их Хурлын дарга М.Энхболд, ХНХ сайд С.Чинзориг, БСШУС сайд Ц.Цогзолмаа, УИХ-ын Нийгмийн бодлого, боловсрол соёл, шинжлэх ухааны байнгын хороо, Төсвийн байнгын хороо,УИХ-ын өргөдлийн байнгын хороодод шаардлага хүргүүлж байгаа юм” гэв.

 
Гэрэл зургийг mpa.mn

Хүүхэд Харах Үйлчилгээ Эрхлэгчдийн Нэгдсэн холбооны ажлын хэсгийн ахлагч Б.Мягмардорж "Өнөөдөр Монгол Улсын хүний эрхийн хуулинд "хүн амьд явах, боловсрол эзэмших" эрхтэй гэж заасан байдаг. Гэвч одоогийн сайд, дарга нар эхний эрхийг халаад, хоёр дахийг нь илүүд үзээд байна.

Учир нь 73,524 хүүхэд өнөөдөр цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, цоожтой хаалганы цаана өдрийг өнгөрөөж байна. Үүнээс болж сард 15-17 хүүхэд ертөнцийн мөнх бусыг үзүүлж байгаа. Түлэнхийн төвд гэхэд л очиж байгаа хүүхдүүд нь ихэвчлэн гэртээ харах хүнгүй, эсвэл насанд хүрээгүй хүүхдээр харуулснаас болсон байдаг. 

Үүнийг шийдэх гарц нь бидэнд байна. Жишээлбэл, бид жилийн хугацаанд 5.8 тэрбум төгрөгөөр 6,343 хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлсэн.

Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Өмнөх Засгийн газрууд байнга хаана хавчина, эрхийг чинь хасна гэдэг байсан. Тиймээс одоогийн төр засаг бидэнтэй хамтарч ажиллаж Монголын ирээдүй болсон эдгээр 70,000 гаруй хүүхдийг аврахыг хүсэж байна" гэлээ.

ШААРДЛАГА

Цэцэрлэггүй үлдсэн зөвхөн хоёр настай 23 мянган багачууд, 3-5 настай ах, эгч нарынхаа хамтаар 73,524 хүүхэд гэртээ цоожтой хаалганы цаана байна. Хүүхэд бүрт ижил боломж олгоё.

Монгол Улсын нийт хүн амын 10.0 гаруй хувь болох 300,000 орчим хүн ам бүхий 25 хороо цэцэрлэггүй байгаа нь Монгол төрийн эмгэнэл юм!

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал - 2030, Монгол улсын засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 3.2.2.“Хүүхэд бүр цэцэрлэгт” хөтөлбөрийг хэрэгжүүлж хот суурин газарт хүүхэд бүр цэцэрлэгт хамрагдах боломжийг бий болгоно гэж тусгасан.

Монгол Улсын нийт хүн амын 9,3 хувь буюу 2-5 насны цэцэрлэгт хамрагдах ёстой 280,000 хүүхэд байна. Үүнээс улсын болон хувийн цэцэрлэгт 206,476 хүүхэд хамрагдсан бол Хүүхэд харах үйлчилгээний тухай хууль хэрэгжсэнээр өнгөрсөн жил хоёроос таван нас хүртэлх 5,496 хүүхэд хамгаалагдсан байна. Мөн 297 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хамгаалагдсан. Үлдсэн 73,524 хүүхэд гэртээ харгалзах хүнгүйгээр цоожлогдон аливаа болзошгүй эрсдэлд өртөх, халамж, хамгааллаас ангид, эрсдэлтэй үлдэж байна.

2017 оны Улсын төсөвт 5.8 тэрбум төгрөгөөр Хүүхэд харах үйлчилгээнд, цэцэрлэгт хамрагдаж, чадахгүй байгаа нийт хүүхдийн 9 хувь болох 6,343 хүүхдүүдэд ХАМГААЛЛЫН ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж, ажилгүй иргэд, залуу гэр бүл, эмэгтэйчүүдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, төрийн бодлогыг хэрэгжүүлсэн.

Хууль хэрэгжсэнээс хойш 426 хүүхэд харах төвд 2016 онд 5,496, 2017 онд 5,275 хүүхдүүд хамгаалагдаад байна. Үүний үр дүнд 10,000 гаруй иргэн ажил хөдөлмөр эрхлэх нөхцөл бүрдсэн нь уг хууль иргэдэд, нийгэмд ямар их хүлээлттэй, ач холбогдолтой нь харагдаж байна.

Иймд хүүхэд хамгааллыг нэмэгдүүлэхэд анхаарч ажиллах шаардлагыг хүргэж байна.
  1. 73,524 хүүхдүүдийг дахиад цоожтой хаалганы цаана байлгасаар байх уу? Хүүхдийн эрх, хүүхэд хамгааллын талаарх хуулийг олон нийтэд зөв ойлгуулж, хүүхэд хамгаалал, соён гэгээрүүлэх ажлыг онцгойлон анхаарч ажиллах
  2. 2018.01.01-нээс Удирдлага зохион байгуулалт, санхүүжилт Хөдөлмөр Нийгмийн Хамгааллын сайдаас боловсролын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад шилжүүлсэнтэй холбогдуулан тус яамдын сайд нар цаашид ямар бодлого барьж ажиллах талаараа бидэнтэй уулзалт хийнэ үү? Мөн хуулийн хэрэгжилт, нэмэлт өөрчлөлт оруулахтай холбогдуулан хамтарсан ажлын хэсэг байгуулах
  3. 73,524 цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүд нийгмийн хамгаалал, эрүүл аюулгүй орчинд байх боломжийг олгож 2018 онд төсөвлөсөн төсвийг цаашид нэмэгдүүлэхэд анхаарч ажиллана уу?

Энэ хууль хэрэгжсэн хугацаанд стандарт журмын дагуу өнөөдөр 426 Хүүхэд харах төв нь сум, дүүргийн Засаг дарга, мэргэжлийн хяналт, нийслэлийн онцгой байдлын газар зэрэг эцэг эхийн хараа хяналт, зөвшөөрлийн үндсэн дээр 1025 хүний тогтмол ажлын байрыг бий болгож, 6,343 хүүхэд өсөж хүмүүжих, амь нас, эрүүл, аюулгүй орчинд хамгаалагдлаа.

Төр 80 тэрбум төгрөгөөр шийдэх асуудлыг Хүүхэд харагчид бид 5.8 тэрбум төгрөгөөр шийдэж төрд ирэх хүнд ачааллыг бууруулж байгаа хүүхэд харах үйлчилгээ эрхлэгчдийг дэмжиж ажиллахыг уриалж байна.

Хүүхэд харах үйлчилгээ бол нийгмийн халамж биш энэ бол ирээдүйдээ хийж буй хөрөнгө оруулалтын асуудал, ХҮҮХЭД ХАМГААЛАЛ, ХҮҮХДИЙН ЭРХ, тэгш эрхийн асуудал, аав, ээж нь ажилгүй, танилгүйгээс болж хүүхэд хохирч, сугалааны ард үлдэх ёсгүй!

Шаардлагын хариуг 2017 оны 11 сарын 08-ны дотор өгнө үү?