Трамп, Зеленский нар Цагаан ордонд уулзахдаа Америкийн зэвсгийг Украинд үйлдвэрлэх талаар хэлэлцсэн гэнэ

Т.Давааням, ikon.mn
5 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Мягмар гарагт сенатор Линдси Грэмийн оршуулгын ёслолын өмнө АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп, Украины ерөнхийлөгч Володимир Зеленский нар Цагаан ордонд уулзжээ.

Энэ үеэр тэд Америкийн зэвсгийг Украинд үйлдвэрлэх арга замууд болон Оросын эсрэг дайныг үргэлжлүүлэхэд Вашингтоны зүгээс туслах санаануудыг хэлэлцсэн гэнэ.

Цагаан ордны Зууван танхимд болсон энэ уулзалтад хэвлэл мэдээллийнхнийг оролцуулаагүй байна. Хамгийн сүүлд энэ сарын эхээр Туркийн нийслэл Анкара хотод болсон НАТО-гийн дээд хэмжээний чуулганы үеэр Трамп, Зеленский нар уулзаж байв.

Тэр үед Украины талд АНУ өөрийн Patriot системийн үйлдвэрлэх зөвшөөрлийг өгөхөөр болсныг Трамп мэдээлсэн юм.

Patriot нь Украины хувьд Оросын пуужингийн довтолгоог эсэргүүцэхэд чухал шаардлагатай зэвсэг болоод байгаа.

Өчигдрийн уулзалт “маш сайн” болсныг Зеленский сошиал хуудсаараа мэдэгдээд Оросын эзлэн түрэмгийллийн эсрэг тэмцэлд нь урт хугацааны турш тусалж буй Трампын засаг захиргаанд талархлаа илэрхийлжээ.

“Ерөнхийлөгч бид хоёр Patriot пуужинг үйлдвэрлэх лиценз болон бусад хэд хэдэн санаануудын талаар ярилцлаа” гэж тэр бичсэн байна.

Зеленский бас ойрын холбоотон нь байсан Грэм таалал төгссөн явдалд Трампад эмгэнэл илэрхийлснээ мэдээлжээ.

Мягмар гарагт Fox News сувагт өгсөн ярилцлагадаа Трамп талийгаач сенаторыг дайнч үзэл бодолтой, Украиныг дэмжих тал дээр хэзээ ч гуйвж байгаагүй хүн гэх зэргээр дурссан байна.

Сүүлийн саруудад Украины талаар Трампын үзэл бодол нэлээд өөрчлөгдөөд байгаа. Жил хагасын өмнө Трамп, Зеленский нарын Цагаан ордон дахь уулзалт хэрүүл маргаанаар өндөрлөж байсан бол өчигдөр эрс өөр уур амьсгалтай болж өнгөрсөн юм.

Үүнийг дагаад Трампыг дэмжигч, хэт барууны үзэлтэй суртал нэвтрүүлэгчдийн хандлага ч өөрчлөгдөөд байгаа.

Тухайлбал Трампын нүд, чих болдгоороо алдартай нийтлэлч Лаура Лүүмер саяхан Украинаар аялж, нөхцөл байдалтай танилцаж, Зеленскийтэй ярилцлага хийснийхээ дараа “Оросын суртал нэвтрүүлэгт автсан” байснаа хүлээн зөвшөөрсөн юм.

Тэрбээр өнгөрсөн долоо хоногт Associated Press агентлагт ярилцлага өгөхдөө “Нөхцөл байдал Украины хувьд сайн байна. Ирэх долоо хоногт Зууван танхимд болох уулзалт нэлээд сайн болох төлөвтэй” гэж хэлж байв.

Уулзалтын өмнө Зеленский бас Ойрх Дорнод дахь АНУ-ын баазууд руу довтлоход нь Оросын тал хиймэл дагуулын мэдээллээр Ираныг хангаж байгааг анхааруулсан юм.

Гэвч Даваа гарагт сэтгүүлчидтэй уулзахдаа Трамп үүнд төдийлөн ач холбогдол өгөхгүй байгаагаа илэрхийлжээ.

“Тэд ийм зүйл хийж байгаа гэж би бодохгүй байна. Ялангуяа өндөр түвшинд. Хэрвээ хийсэн бол энэ нь тийм ч их нөлөө үзүүлээгүй” гэж Трамп энэ үеэр хэлсэн юм.

Гэхдээ тэр энэ асуудлыг ОХУ-ын ерөнхийлөгч Путинтэй ярихдаа хөндөхөө амласан байна.

Сенатор Грэмийн санаачилсан Оросын эсрэг шинэ хориг арга хэмжээний тухай хуулийг АНУ-ын Конгресс энэ долоо хоногт батлах төлөвтэй байгаа. Хуулийн төслийг хоёр гол намын гишүүд дэмжиж байгаа бөгөөд батлагдвал энэ сарын дундуур зүрх судасны өвчний улмаас гэнэт нас барсан Грэмийн дурсгалд зориулсан хүндэтгэл болохоор байна.

Шинэ хоригт Оросын газрын тос, байгалийн хийн гол таван худалдан авагч улсын бараа бүтээгдэхүүнд татвар оноох, Кремлийн өндөр албан тушаалтнууд, Оросын банк санхүүгийн байгууллагууд, эрчим хүчний төслүүдийг шийтгэх зэрэг арга хэмжээнүүд багтжээ.

 

Эх сурвалж: Associated Press