Австралийн Qantas компани 24 цаг, 24 минутын нислэгээр хамгийн урт зорчигч тээврийн нислэгийн дээд амжилтыг тогтоов

С.Мөнхцэцэг, ikon.mn
2 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Агаарын тээврийн Qantas компанийн Австралийн Мельбурн хотоос хөөрсөн Airbus үйлдвэрийн нисэх онгоц 24 цаг, 24 минут зогсолтгүй ниссэний дараа Францын Тулуз хотод өчигдөр газарджээ.

Энэ нь зорчигч тээврийн түүхэнд хамгийн урт үргэлжилсэн нислэг болон бичигдэж байна.

Тус компани 2027 оноос эхлэн Сидней-Лондон чиглэлд шууд нислэг үйлдэх Project Sunrise хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр бэлдэж байгаа бөгөөд энэ ажлынхаа хүрээнд тусгайлан тоноглосон Airbus компанийн A350-1000ULR агаарын хөлгөөр дээрх нислэгийг үйлджээ.

Airbus компани хоёр сар үргэлжлэх туршилтын нислэгүүдээ зургаадугаар сард эхлүүлсэн юм.

Тус компанийн мэдээлснээр түлшний нэмэлт савтай онгоц нь Номхон далай, Атлантын далайг дамнан 23,075 км замыг туулахдаа 24 цаг, 24 минутыг зарцуулсан байна.

Францын баруун өмнөд хэсгийн Тулуз хотод Airbus компанийн үйлдвэр байрладаг юм.

Зорчигч тээврийн өмнөх дээд амжилт нь 2005 онд Хонконг-Лондон чиглэлд Номхон далай дээгүүр үйлдсэн 22 цаг, 42 минутын урт нислэг байжээ.

Өнгөрсөн долоо хоногт хийсэн туршилтаар Airbus компанийн онгоц Тулузаас Мельбурн хүртэл Энэтхэгийн далай дээгүүр 19 цаг гаруй хугацаанд ниссэн юм.

Qantas компани Австралийн зүүн эргийг Лондон, Нью-Йорк хотуудтай шууд холбосон нислэг үйлдэхийн тулд 12 ширхэг A350-1000ULR хөлөг захиалаад байгаа.

Одоогоор тус улсын иргэд Лондон хотод хүрэхийн тулд дамжин өнгөрөхтэйгөө нийлээд таван өдөр үргэлжилдэг “Kangaroo Route” гэгддэг замаар нисдэг.

20,000 литрийн нэмэлт түлшний савтай, 238 зорчигчийн суудалтай эхний онгоц 2027 оны дөрөвдүгээр сард нислэгээ үйлдэх юм.

Улмаар ирэх оны аравдугаар сараас эхлэн Сидней-Лондон чиглэлд өдөр бүр нислэг үйлддэг болохоор Qantas төлөвлөжээ.

 

Эх сурвалж: AFP