Японд газар хөдлөлтийн улмаас нурсан худалдааны төвд дарагдсан хүмүүсийг аврах ажиллагаа үргэлжилж байна
Орон нутгийн цагаар Мягмар гарагийн 16:27 цагт Японы Кюүшү аралд 6.8 магнитудын хүчтэй газар хөдөлжээ.
Энэ үеэр Күмамото хотын Aeon Mall худалдааны төв нурсны улмаас хоёр эмэгтэй амь үрэгдэж, олон хүн сураггүй болсон байна.
Гэрчүүдийн мэдээлж байгаагаар тус худалдааны төвийн хоёрдугаар давхар газар хөдлөлтийн үеэр нурсан гэнэ. Албаныхан эхлээд дөрвөн хүн аврагдсан, 10 хүн сураггүй байгааг мэдээлж байв.
Сүүлд аврагдсан хүний тоо найм болсныг нэмж мэдээлжээ.
Тэдгээрийн дөрөв нь дунд зэргийн бэртэлтэй, нэг нь хөнгөн бэртсэн, бас нэг хүн зүрхний шигдээс болсон гэнэ.
Аврах ажиллагаа шөнийн турш үргэлжилсэн байна.
Газар хөдлөлтийн хүчийг Японы цаг уурын агентлаг эхлээд 7.1 магнитуд гэж мэдээлсэн бол сүүлд АНУ-ын геологийн алба 6.8 магнитуд болгон бууруулж мэдээлжээ.
Худалдааны төвөөс гадна Күмамото хотоос өмнө зүгт оршдог Яцүширо хотын Nippon Paper цаасны үйлдвэрийн яндан нурсны улмаас хоёр хүн зүрхний шигдээс болж, есөн хүн сураггүй алга болсон байна.
Күмамото хот даяар хэдэн арван мянган хүний цахилгаан болон усны хангамж тасалдаж, эрүүл мэндийн 45 байгууламж эвдэрч, 17 дугаар зууны үеийн хэрмийн гадна хана нуржээ.
Японы ерөнхий сайд Санае Такаичи сэргээн босголтын ажилд туслуулахаар 3,600 хүнийг гамшгийн газарт илгээсэн байна.
Газар хөдлөлтөөс хойш хэдэн цагийн дараа ч чичиргээ байнга мэдрэгдэж байгааг гэрчүүд мэдээлжээ.
Японы цаг уурын агентлаг дахин газар хөдөлж болзошгүй тул сонор сэрэмжтэй байхыг орон нутгийн иргэдэд анхааруулсан байна.
2016 онд Күмамото мужид хэд хоногийн зайтай дараалсан газар хөдлөлт болоход 278 хүн амиа алдаж байсныг NHK мэдээлжээ.
Өмнө зүгт оршдог Кюүшү бол Японы гол дөрвөн арлын нэг бөгөөд газар нутгийн хэмжээгээрээ гуравдугаарт, хүн амын тоогоороо хоёрдугаарт ордог юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

