Сэлбэ дэд төвд баригдаж байгаа орон сууцнуудыг ипотек, түрээслээд өмчлөх зэрэг олон төрөлт эх үүсвэрийг ашиглаж, худалдан борлуулна

Д.Янжиндулам, ikon.mn
22 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Сүхбаатар дүүргийн 14, Чингэлтэйн 14, 15 дугаар хороодын нутаг дэвсгэрт нийт 158 га талбайд 113 блок бүхий 8,575 айлын орон сууц, 5,780 хүүхдийн суудалтай таван сургууль, 1,520 хүүхдийн суудалтай найман цэцэрлэг, дөрвөн өрхийн эмнэлэг, соёл болон спорт цогцолбор, гал унтраах анги зэргийг байгуулахаар болоод байгаа. Нийт талбайн 58.11 га газар дээр ногоон байгууламж байгуулна. Төслийн газар чөлөөлөлт 96 хувьд хүрчээ.

НЗДТГ-ын хэвлэлийн хэлтсээс мэдээлснээр өнөөдрийн байдлаар "Сэлбэ" орон сууцжуулах төслийн нийт гүйцэтгэл 36.7 хувьтай үргэлжилж байгаа бөгөөд барилгын талбайд өдөрт дунджаар 1,700 орчим инженер техникийн ажилтан, 70-80 машин, механизмтай ажиллаж байгаа бөгөөд орон сууцны барилгын цэвэр усны дотоод шугам сүлжээг зэс хоолой, гурван давхар шилэн цонх, металл фасад, өндөр үзүүлэлттэй шилэн хөвөн дулаалгыг ашиглаж байгаа аж.

Дөрвөн багц ажлын хүрээнд хэрэгжиж буй тус бүтээн байгуулалтад долоон ААН ерөнхий гүйцэтгэгчээр шалгарсан бол бараа материал нийлүүлэгчдийн 60-70 хувь нь үндэсний аж ахуйн нэгжүүд байна.

2027 онд орон сууцны хэсгийг ашиглалтад оруулах бол 2028-2030 онд олон нийтийн үйлчилгээний бүсийг бүрэн ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй байна.

Орон сууцыг ипотек, түрээслээд өмчлөх, хамтын өмчлөлийн хэлбэрийг тусгаж, санхүүжилтийн олон төрөлт эх үүсвэрийг ашиглаж, иргэдэд худалдан борлуулах гэнэ.

Орон сууцны иж бүрэн цогцолбор хорооллыг нийслэлээс гаргасан гадаад бондын ₮1.6 их наядаар санхүүжүүлж байгаа билээ.

зураг