Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан нэг жилийн дотор ерөнхийлөгчийн цалингаас 6.3 дахин их мөнгийг шоронд зарцуулжээ

С.Мөнхцэцэг, ikon.mn
1 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг Reuters агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Өмнөд Солонгосын ерөнхийлөгч асан Юн Сүк Ёл өнгөрсөн нэг жилийн хугацаанд гаднаас шоронгийн дансаараа дамжуулан 1.7 тэрбум вон ($1.15 сая) авч хэрэгцээндээ зарцуулсан нь одоогийн ерөнхийлөгчийн нэг жилийн цалин болох 271 сая воноос 6.3 дахин их мөнгө болжээ.

Мягмар гарагт Солонгосын Сэргээн Босголтын Намын хууль тогтоогч Пак Ын Жун 2025 оны долдугаар сарын 10-наас 2026 оны долдугаар сарын 10-ны хооронд Сөүлийн цагдан хорих төвийн хамгийн их мөнгө зарцуулсан хоригдол 1,714,700.137 вон зарцуулсныг тогтооход тэр хоригдол нь экс ерөнхийлөгч байсныг сэтгүүлчдэд мэдээлсэн байна.

Юн Сүк Ёл өнгөрсөн оны долдугаар сард тус төвд хоригдож эхэлснээсээ хойш нийт 39,829 удаагийн шилжүүлгээр ийм хэмжээний мөнгө авч ашиглажээ.

Хоригдлууд бэлэн мөнгөтэй харилцах хориотой байдаг тул тэд шоронгийн дансаар дамжуулан авсан мөнгөөрөө бэлэн бус төлбөр тооцоо хийж, хувийн хэрэгцээгээ хангадаг байна.

Юний зарцуулсан мөнгөний хэмжээ тус төвийн хоёр дахь өндөр хэрэглээтэй хоригдлын хүлээн авсан 131 сая воноос 13 дахин өндөр байжээ.

Ерөнхийлөгч асан хүлээж авсан нийт мөнгөнийхөө 99.46 хувийг 511 удаагийн гүйлгээгээр зарцуулсан байсан гэнэ.

Түүний гэргий, тэргүүн хатагтай асан Ким Кон Хи бас Сөүлийн Намбу цагдан хорих төвийн хоригдлуудаас өнгөрсөн оны наймдугаар сарын 12-ноос энэ оны долдугаар сарын 10-ныг хүртэл хугацаанд 171 сая вон дансандаа авсан үзүүлэлтээр тэргүүлжээ.

Тэрбээр 8,119 удаагийн шилжүүлгээр энэ мөнгийг хүлээн авч, 94.5 хувийг нь 92 удаагийн гүйлгээгээр зарцуулсан байсан гэнэ.

Цагдан хорих төвүүд хоригдлын дансан дахь мөнгөний дээд хэмжээг 4 сая воноор хязгаарлаж, хэтэрснийг нь суллагдах болон өөр шоронд шилжих үед хүсэлтийг үндэслэн хувийн дансанд нь шилжүүлдэг журамтай юм байна.

 

Эх сурвалж: Korea Times