Нөхөн сэргээлт хийх нэрийдлээр ашигт малтмал олборлосон байж болзошгүй ААН-үүдийн үйлдлийг илрүүлжээ

П.Сайнжаргал, IKON.MN
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Цагдаагийн байгууллагаас Сэлэнгэ аймгийн Ерөө сумын нутагт хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэрэг үйлдэж байж болзошгүй иргэн, ААН-ийн үйлдлийг таслан зогсоох, илрүүлэх зорилгоор хяналт шалгалтыг зохион байгуулан ажиллаж байна.

Хяналт шалгалтаар Сэлэнгэ аймгийн Ерөө сумын гуравдугаар баг Бугант тосгонд нэр бүхий иргэн, ААН-үүд нөхөн сэргээлт хийх нэрийдлээр тусгай зөвшөөрөлгүй ашигт малтмал олборлосон байж болзошгүй үйлдлийг илрүүлэн, хүнд даацын тээврийн хэрэгслийг битүүмжлэн Ерөө сумын Бугант тосгонд татан буулгахаар ажиллаж байгааг мэдээллээ.

Эрүүгийн хуулийн 24.2 дугаар зүйлийн хоёр дахь хэсэгт:

“Тусгай зөвшөөрөлтэйгөөр ашигт малтмалын хайгуул, ашиглалт, олборлолт, боловсруулалт явуулсан талбайд нөхөн сэргээлтийн ажлыг зохих журмын дагуу хийгээгүйн улмаас байгаль орчинд их хэмжээний хохирол учирсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсвэл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан.

Иймд хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн талаар цагдаагийн байгууллагын 102, 70191070 тусгай дугаарын утсанд холбогдохыг Экологийн Цагдаагийн Албанаас мэдээллээ.

ВИДЕО: