Гана улс өвчний улмаас нас барсан хамгийн өндөр хүнийхээ араас эмгэнэн гашуудаж байна
Баруун Африкийн Гана улсын хамгийн өндөр хүн болох Сулемана Абдул Самед өвчний улмаас нас барсан нь тус улсын ард иргэдийг уй гашууд автуулжээ.
33 настай тэрбээр Даваа гарагт төрөлх Гамбага тосгоноосоо өмнө зүгт 160 км зайд оршдог Тамале хотын эмнэлэгт нас барсан байна. Хөлийн шарх нь халдвар авсан тул Самед эмнэлэгт эмчлүүлж байжээ.
Тэрбээр хамгийн сүүлд 2022 оны сүүлээр хэмжүүлэхэд 223 см өндөр байсан бөгөөд нас барах хүртлээ өссөөр байсан гэж үзэж байна.
Нутгийн хауса хэлээр Авуче (Явцгаая гэсэн утгатай үг) хочтой болсон тэр Марфаны хам шинж хэмээх удамшлын өвчтэй нэгэн байжээ. Ийм өвчтэй хүний хөл, гар маш урт болж сунадаг.
Авуче эмчилгээний зардлаа гаргахад хүндрэлтэй тулгарсан бөгөөд Гана улсын ерөнхийлөгч Жон Махамагийн ах, бизнесмэн Ибрахим Махама саяхан түүний ивээн тэтгэгч болсон юм.
Эмч нар Авучегийн эмчилгээ сайн болж байгаа талаар мэдээлж байсан ч Даваа гарагт гэнэт нас барсан нь хүмүүсийг цочроосон эмгэнэлт мэдээ байлаа.
Тэрбээр төрөлхийн ийм өндөр байгаагүй. Харин 22 настайгаасаа эхлэн гэнэт хурдтай өсөж эхэлжээ.
Авуче нийслэл Аккра хотын махны дэлгүүрт ажиллаж байхдаа гэнэт бие эрхтэн нь анх хэрхэн сунаж эхэлсэн тухай хэвлэлд ярьж байсан юм.
“Хэл маань амандаа багтахгүй томорч, амьсгалж чадахгүй болсноо би анх анзаарсан” гэж тэр ярьж байжээ. Дараа нь түүний бусад эрхтнүүд сунаж, томорч эхэлсэн гэдэг.
Үүний дараа гигантизмын өвчин гэгддэг Марфаны хам шинжтэй болсон нь оношлогдож байжээ.
Тухайн үед жолооч болохоор Аккрад ирээд байсан Авуче үүний улмаас боломжгүй болж, төрөлх тосгон руугаа буцсан байна.
“Би бусад залуу хүмүүсийн нэгэн адил адил хөл бөмбөг тоглодог, тамирчин хүн байсан. Гэтэл одоо ойрхон зайд ч алхаж чадахгүй болсон байна” гэж тэр ярьж байв.
Түүний ачаар Гамбага тосгон Гана даяар алдаршиж, Авучег үзэх гэсэн хүмүүсийн хөлд дарагддаг байжээ.
Гэр бүлийнхэн нь эмгэнэл илэрхийлэх хүмүүсийн тав тухыг бодолцон түүнийг Гамбагад биш, Тамале хотод оршуулахаар болсон байна.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

