"Хотхоны бага сургууль байгуулагдсанаар ЕБС-ийн 36-аас дээш хүүхэдтэй бүлгийн ачаалал буурч, суралцах орчин сайжирна"

Г.Мөрөн, iKon.mn
0 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг

Ерөнхий боловсролын сургуулийн ачааллыг бууруулах ажлын хүрээнд нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажлын хэсэг ажилласан байна.

“Монгол хүүхэд, залуусыг мэдлэг, ур чадварыг хоцрогдлоос чөлөөлөх” цогц арга хэмжээний тогтоолыг 2026 оны тавдугаар сард Засгийн газраар батлуулан, хэрэгжүүлж байна. Хүүхэд бүрийн сурлагын хоцрогдлыг арилгах гол гарц нь

  1. сургалтын сайн хөтөлбөр;
  2. чадварлаг багш;
  3. гэрт нь ойрхон сургууль юм.

Боловсролын Яамнаас нийслэлийн 3,000-аас дээш суралцагчтай хэт ачаалалтай сургуулиудыг задалж бүтцийн өөрчлөлтийг эхлүүлэх, олон улсын хөтөлбөртэй, их сургуулийн харьяа, төрөлжсөн ахлах сургуулийг байгуулах, томоохон хотхон хорооллыг түшиглэсэн хотхоны бага сургуулийг шинэчлэн байгуулах зэргээр цогц арга хэмжээ хэрэгжүүлж байна.

Энэ хүрээнд Боловсролын Яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Ням-Очир болон албаны хүмүүс нийслэлийн Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Сүхбаатар дүүргүүдэд ажиллаж, нөхцөл байдалтай танилцлаа.

Хотхоны бага сургууль: Хотхоны бага сургуулиудыг байгуулснаар Гэрт ойрхон сургууль-Сайн сургууль концепцыг хэрэгжүүлэх жишиг загварууд бий болно. Ерөнхий боловсролын сургуулийн 36-аас дээш хүүхэдтэй бүлгийн ачаалал буурч, багшийн ажиллах, суралцагчийн сурах нөхцөл сайжирна. “Төр хувийн хэвшлийн түншлэл” үр дүнтэй хэрэгжиж, Нийслэлийн түгжрэлийг бууруулахад эерэг нөлөө үзүүлнэ.

Төрөлжсөн ахлах сургууль: Ерөнхий боловсролын сургуулиудыг төрөлжүүлэх төлөвлөлт үр дүнтэй хэрэгжсэнээр элсэлт, төгсөлтийн харьцаа тэнцвэржиж, төсвийн үр ашиг нэмэгдэнэ.

 

Эх сурвалж: Боловсролын Яам