Трампын засаг захиргаа Хятадад үйлдвэрлэсэн хүн дүрс роботыг АНУ-д импортлохыг хориглолоо
Мягмар гарагт Трампын засаг захиргаа гадаадад үйлдвэрлэсэн хүн дүрст роботыг АНУ-д импортлохыг хориглох шийдвэр гаргажээ.
Үүнд хүн дүрст роботоос гадна дөрвөн хөлтэй робот машинууд бас багтсан байна. Ийм орчин үеийн техникүүдийг Хятад улс голчлон үйлдвэрлэдэг тул энэ нь АНУ-ын өөрийн робот, хиймэл оюуны технологийн хөгжүүлэлтийг хамгаалах зорилготой арга хэмжээ ажээ.
Эдгээрээс гадна цахилгааны инвертерүүдэд импортын хориг тавьсан байна. Энэ нь дата төвүүд болон сэргээгдэх эрчим хүчний салбарт өргөн ашиглагддаг төхөөрөмж юм.
Холбооны Харилцаа Холбооны Хорооны (FCC) тэргүүн Брендан Кэрр уг арга хэмжээг “Америкийн амин чухал нийлүүлэлтийн сүлжээг хамгаалах” зорилготой гэж тайлбарлажээ.
Харин Вашингтонд суугаа Хятадын элчин сайдын яам үндэслэлгүй шалтгаанаар худалдааны асуудлыг “улс төржүүлж байна” гэж шүүмжилсэн байна.
FCC дээрх бүтээгдэхүүнүүдийг АНУ-ын үндэсний аюулгүй байдалд эрсдэлтэй бараа, үйлчилгээг бүртгэдэг “Covered List” жагсаалтдаа нэмжээ.
Цахилгааны инвертерүүдийг уг жагсаалтад оруулснаа FCC гадаадын компаниуд тагнуулын хэрэгсэл болгон алсаас удирдаж, мэдээлэл хулгайлах зорилгоор ашиглаж болзошгүй гэсэн үндэслэлээр тайлбарласан байна.
Трампын засаг захиргааны үед Хятадын экспортын бараа бүтээгдэхүүнүүд нэлээд дарамт шахалт амсаж байгаа. Тухайлбал дэлхийн хамгийн том цахилгаан автомашины экспортлогч Хятад улсад АНУ-ын зах зээл татварын өндөр босготой хэвээр байна.
Үүнээс гадна АНУ өөрийн орчин үеийн хагас дамжуулагч чипүүдийг үндэсний аюулгүй байдлын үндэслэлээр Хятадад гаргахыг хориглосон юм.
Эх сурвалж: BBC
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

