Н.Номтойбаяр: Орон нутаг дахь эрүүл мэндийн олон байгууллага машингүй байна
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна.
Өвөлжилтийн бэлтгэл ажил болон аймаг орон нутагт үүссэн зарим асуудлын талаар Шадар сайд Н.Номтойбаяр дараах мэдээллийг танилцууллаа.
Тэрбээр "10 аймгийн дулааны станцын бүтээн байгуулалттай холбоотой ажил 40-42 хувийн гүйцэтгэлтэй явж байгаад санхүүжилтийн асуудал тулгарсан. Зарим нэг хууль эрх зүйн орчин, эрүүгийн гэмт хэргийн шинж чанартай байдал байхыг ч үгүйсгэхгүй. Үүнийг Засгийн газрын хуралдаанаар авч хэлэлцэж шийдэх хоёр арга замыг тодорхойлсон.
Төр, хувийн хэвшлийн түншлэлийн тухай хуулийг удирдлага болгож хувийн хэвшлүүдтэй үнэ тарифаа тохирч гүйцэтгүүлэх нэгдүгээр арга зам бий.
Зарим аймаг нь түүхий эдийн хангамж байхгүй. Үүнээс үүдэлтэй эдийн засаг, бизнесийн зарчмын хувьд үр ашигтай байх боломжгүй байгаа тул улсын төсвийн хөрөнгө оруулалтаар шийдэх ажлыг холбогдох сайд нарт үүрэг даалгавар болгосон" гэв.
Үргэлжлүүлэн "Орон нутгаар ажиллахад автомашинтай холбоотой асуудал их гарч байна. Ялангуяа орон нутаг дахь эрүүл мэндийн олон байгууллага автомашингүй байна.
Техникийн томоохон шинэчлэлийг Эрүүл Мэндийн Яамны сайдын багцад хийж, холбогдох хууль тогтоомжийн дагуу тендер нь зарлагдсан боловч шалгарсан хоёр компанийн хооронд маргаан үүссэнээс болж өнөөдрийг хүртэл шүүхдэлцэж байгаа.
Автомашин техник хэрэгслийг хэрэгцээтэй газар нь яаралтай өгөх ажлууд гарч байна.
Зарим нутгаар зуншлага тааруу, хуурайшилт ихтэйгээс үүдэн өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд хадлан тэжээлийн асуудал хүнд тусахаар байна. Улсын Онцгой Комисс маргааш өглөө 08:00 цагт хуралдаж тодорхой чиглэлийг гаргана.
Дорнод, Төв аймгаас зуншлага тааруу байгаа орон нутгуудад хадлан тэжээл татах зохицуулалтыг хийнэ. Орон нутгийн бизнес эрхлэгчдийг дэмжсэн дундын зуучлагч бүхий ченжүүдийн оролцоогүйгээр үнэ өртгийг тодорхой хэмжээнд төрийн зохицуулалтаар тогтоож шийдвэрлэх ажлууд бий.
Өчигдөр Ерөнхий сайд Н.Учрал Сэлбэ төв дээр очиж ажилласан. Үүнтэй холбогдуулан хотын дарга бид хоёрт эдийн засгийн тусгай бүсийн чиглэлээр Засгийн газрын тогтоолын хэрэгжилтийг хангаж ажиллах үүрэг даалгаврыг өгсөн.
Энэхүү тогтоолын гол үр дүн нь гэр хорооллын бүсэд хөрөнгө оруулалт хийх, үйлдвэр үйлчилгээний бизнес эрхлэх ААН-үүдэд татварын тодорхой хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамруулах дэмжлэгийн хүрээнд эдийн засгийн тусгай бүсийн эрх зүйн орчинд хамаарах байдлаар шийдэж байгаа" гэлээ.
ВИДЕО:
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

