Монголын хөлбөмбөгийн Дээд лигийг тэргүүлсэн хоёр баг Тайванийн лигийн багтай урьдчилсан шатанд өрсөлдөнө
Энэ сарын 10-нд Азийн Хөлбөмбөгийн Холбоо (AFC)-ноос зохион байгуулдаг клубүүдийн аваргуудын лиг болон бусад тэмцээнд оролцох багуудыг зарласан билээ. Эрэгтэйчүүдийн ангилалд гурван шатны тэмцээн болох юм. Эдгээр тэмцээнд 38 гишүүн орны 93 клуб өрсөлдөнө.
Томоохон лигүүдийн аваргууд оролцдог "AFC Champions League Elite" лигт өмнө нь 24 баг өрсөлддөг байсан бол энэ жил 32 клуб хүч үзнэ. Саудын Арабын лигт түрүүлсэн Криштиану Роналдугийн "Аль Насср" баг энэ жилээс чансаа ахиж буй. Энэ лигт 18 баг нь урьдчилсан шатнаас өрсөлдөх бөгөөд хоёр бүсээс тус бүр дөрвөн баг үндсэн тэмцээнд хүч үзэх 14 багтай хамт тэмцээнийг үргэлжлүүлнэ. Улмаар лигийн эхний тоглолт есдүгээр сарын 14-ноос зохиогдох юм.
Дараагийн лиг нь "AFC Champions League Two". Энд Арабын лигээс 12, Зүүн Азиас 13 баг өрсөлдөнө. Дээд лигээс унаж ирсэн дөрвөн баг энэ тэмцээнд өрсөлдөнө. Эхний тоглолтууд есдүгээр сарын 15-наас болно.
Тэгвэл гурав дахь лиг буюу "AFC Challenge League"-т 18 улсын баг урьдчилсан болон үндсэн төрөлд оролцоно. Зүүн Азийн хэсэгт Индонез, Филиппин, Мьянмар, Тайвань, Монгол, Лаос, Бруней, Зүүн Тиморын багууд өрсөлдөхөөс Монголын Дээд лигийн аварга, дэд байранд орсон "FC Ulaanbaatar", "Central Stallions FC" багууд Тайванийн хоёр багтай Улаанбаатар хотноо тоглох болжээ.
Урьдчилсан шатны тоглолт нэг тоглолтоор шийдэгдэх бөгөөд хожсон нь үндсэн тэмцээндээ оролцох юм. Энэ лигийн хэсгийн шатны тоглолт аравдугаар сарын 17-ноос арваннэгдүгээр сарын 24-нийг дуустал үргэлжлэх хуваарьтай.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

