Б.Пүрэвдагва: Хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компаниар махны асуудлыг шийднэ
Засгийн газрын ээлжит хуралдаанаар Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажлын асуудлыг хэлэлцсэн байна.
Нийслэл Улаанбаатар хотын 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажлын явцын талаар хотын дарга Б.Пүрэвдагва мэдээлэл өгөв.
Тэрбээр "Урин дулаан цаг, бүтээн байгуулалтын зуны улиралд Улаанбаатар хотын өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бохир, цэвэр усны шугам дулаан цахилгааны шугамыг солих ажлыг үе шат дараатай хийж байна.
Дөнгөж ажлаа аваад 21 дүгээр зуунд нийслэлийн иргэдийн халуун усыг хязгаарлах боломжгүй. Үүнийг хязгаарлая гэдэг байдлаас ажилласан боловч Улаанбаатар хотын газар доорх дэд бүтцийн 60 орчим хувь нь насжилт өндөртэй хүнд хэцүү нөхцөл байдалд орчихсон байгаа учраас үе шаттайгаар анхаарал хандуулахгүй бол болохгүй нөхцөл байдалд орсон.
Зуны хугацаанд Улаанбаатар хотод 111 км замыг шинээр, 31 км замыг засвар арчлалт хийх байдлаар явж байна. Хичээлийн шинэ жил эхлэхээс өмнө буюу есдүгээр сарын 1-нээс өмнө газар шорооны ажлыг дуусгах шаардлага тавьж байгаа.
Өвөлжилтийн хамгийн том хэсэг бол утааг бууруулах чиглэл байдаг. Энэ жил 288 мянган тонн хагас кокс, 180 мянган тонн сайжруулсан түлшийг өвөлжилтийн бэлтгэл ажлын хүрээнд бэлдэж байна. Өвөлжилтийн хүрээнд 573 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаагаас одоогийн байдлаар өвөлжилтийн бэлтгэл ажил 57 хувьтай хэрэгжиж байна.
Өнгөрсөн хавар махны үнэ иргэдийг бухимдуулсан үйл явдал болсон. Тухайн засаг захиргааны нэгж дээр иргэдээ эрүүл аюулгүй хүнсээр хангах чиг үүргийн хүрээнд хаврын мах, хүнсний ногооны нөөцийг бэлтгэх ажилдаа орж байна. Ингэхдээ хуучин аргаар бус хамтын сан байгуулж, тусгай зориулалтын компаниар зах зээлд өгөөж өгөх байдлаар махны асуудлыг шийдэх судалгаа явж байгаа.
Улаанбаатар хотын дулаан, цахилгааны эрчим хүчний хүрэлцээтэй байдал эрсдэлтэй байгаа. Өнгөрсөн жил дулаан цахилгааны хязгаарлалт хийж үзсэн. Энэ өвөл аль болох цахилгаан хязгаарлалт хийхгүй нөхцөл байдлыг үүсгэхийн тулд Эрчим хүчний яамтай ажиллаж байна. Тавдугаар дулааны цахилгааны станц барих ажил үргэлжилж байгаа бөгөөд 2028 онд ашиглалтад орно. Нийт 300 мВт, 340 гкал-ын хүчин чадалтай энэ станцыг өргөтгөх ажлыг Засгийн газрын хуралдааны үеэр яригдсан" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

