П.Баянбаатар: Гурван сарын хэрэгцээний агуулах савыг барьчихсан байсан бол шатахууны нөөц хомсдолыг ярихгүй байх байсан

П.Сайнжаргал, IKON.MN
45 минутын өмнө
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA агентлагийн онцгой зөвшөөрөлтэйгөөр ашиглав

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан зарим шийдвэрийг танилцуулах үеэр шатахууны нөөц ба нөөц хадгалах агуулах савны талаар Ашигт малтмал, газрын тосны газрын дарга П.Баянбаатар мэдээлэл өглөө. 

Өнөөдрийн байдлаар 250 мянган тонн агуулах савыг барихаар гэрээ хийж, нийт 18 ААН үйл ажиллагаагаа эрчимжүүлэн ажиллаж байгааг тэрбээр хэлсэн юм. 

Улсын хэмжээнд

  • АИ-92 төрлийн бензиний 17 хоногийн нөөц
  • Дизель түлшний 23 хоногийн нөөц байгаа бөгөөд иргэд ШТС-уудад дараалал үүсгэлгүй ердийн хэрэглээгээр хэрэглэж байгаа тохиолдолд холбогдох нөөцөө дахин бүрдүүлээд энгийн түвшинд ажиллах бүрэн боломжтойг тайлбарлав. 

Газрын тосны үнэ болон шатахууны нөөцийн талаар "Ойрх Дорнодын нөхцөл байдалтай холбоотойгоор он гарснаас хойш газрын тосны үнэ өмнө нь байгаагүйгээр өссөн. Тухайлбал дөрөв, тавдугаар сард баррель тосны үнэ 122 ам.долларт хүрч өссөн.

Мөн долоодугаар сарын эхний долоо хоногт гарсан мөргөлдөөнтэй холбоотойгоор 100 ам.доллар болж өссөн. Газрын тосны үнэ хэрхэн хэлбэлзэхийг дэлхий нийтээр тааварлашгүй байна. 

Газрын тосны төлбөрөөс шалтгаалж шатахууны үнэ ханш хэлбэлздэг. 

Монгол Улс гаднаас 100 хувь шатахуун, дизель түлш, онгоцны түлшээ худалдан авдаг. Үнэ ханш хэлбэлзэж буй ОХУ сүүлийн нэг сарын хугацаанд нэлээд хүнд байдалтай байна. Украин дроны халдлагаар газрын тосны холбогдох үйлдвэрүүдийг нь бөмбөгдсөн. 

Дотоодын нөхцөл байдлын тухайд эхний гурван сар нийт Шатахуун Түгээх Станцынхаа нөөцийг бүрэн бүрдүүлэх чиглэлээр арга хэмжээ авсан.

  • Эхний сард 107 мянган тонн (хоёр сар хэрэглэдэг нөөц)
  • Хоёрдугаар сард 102 мянган тонн
  • Гуравдугаар сард 95 мянган тонн
  • Дөрөвдүгээр сард 86 мянган тонн шатахуунаар Монголд байгаа бүх агуулах савыг дүүргэсэн.

Тавдугаар сар гэхэд төмөр зам дээр 700 цистерн вагон Орос руу явж чадахгүй зогссон. Яагаад гэвэл бүх сав дүүрсэн. Тэдгээр савыг орон нутгууд руу нь түгээж зургаа, долдугаар сарын хэрэгцээгээ хангаж ажиллаж байна.

Бид өөрсдөө гурван сарынхаа хэрэгцээний агуулах савыг бүрэн барьчихсан байсан бол нөөц хомсдолын асуудлыг ярихгүй байх байсан. Цаашид он дуустал нөөцтэй сууж байх бүрэн боломжтой байх байлаа. 

Энэ хүрээнд Засгийн газраас томоохон хэмжээний бодлогыг явуулж байгаа. Засгийн газрын тогтоолоор холбогдох 18 ААН-д 22 нөөцийн савыг барих шийдвэр гаргасан. Улмаар арилжааны банкуудад зээлийг олгоод манай агентлагийн зүгээс хяналт тавьж ажиллаж байна" гэв.