Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/02-НД НИЙТЛЭГДСЭН

Математикийн Нобелийн шагналыг эзнээс нь хагас цагийн дотор хулгайлжээ

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Нобелийн шагналтай дүйх математикийн ухааны шагнал гэгддэг Филдсийн (Fields medal) медалийг өчигдөр Бразилын Рио Де Жанейро хотод болж буй Олон Улсын Математикийн Конгрессийн үеэр гардуулжээ.

Нийт дөрвөн эрдэмтэнд шагнал гардуулсны нэг нь Британий математикч Кошер Биркар байв.

Гэвч Биркар шагналаа аваад ердөө 30 минут орчмын дараа медалиа хулгайд алджээ. Тэр цүнхэндээ медалиа гар утас, хэтэвчийн хамт хийгээд үйл ажиллагаа явагдаж буй танхимын ширээн дээр тавьсан байна.

 

Сүүлд зохион байгуулагчид хоосон цүнхийг сандал дороос олсон гэнэ. Хулгайлсан этгээдийн дүрс хяналтын камерт бичигдсэн тул эрэн хайх ажиллагааг эхлүүлжээ. Рио Де Жанейро хот нь гэмт хэргээрээ алдартай.

Шагнал гардуулах ёслол тус хотын баруун дүүрэгт байрлах Riocentro байгууламжид болжээ. 

Биркар Иранд төрсөн боловч 20 жилийн өмнө Британид цагаачилсан юм. Филдсийн медалийг анх 1936 онд олгож байсан ба 1950 оноос эхлэн дөрвөн жил тутамд 40-өөс доош насны дөрөв хүртэл тооны математикчид олгодог болжээ.

Өчигдрийн хулгай тус арга хэмжээний цорын ганц асуудал байсангүй. Өнгөрсөн Ням гарагт тэнгэрт хөөргөсөн дэнлүү Riocentro байгууламжийн дээвэр дээр унасны улмаас түймэр гарч, дотор нь байсан хүмүүсийг нүүлгэн шилжүүлж байжээ.

 

Эх сурвалж: The Guardian