Өнгөрөгч амралтын өдрүүдэд Өмнөговь аймагт орсон усархаг борооны улмаас автозам эвдэрч, бог мал үерт урссан тухай дуудлагууд онцгой байдлын байгууллагад иржээ. Тодруулбал,
Өмнөговь аймгийн Даланзадгад суманд долоодугаар 27-ны өдрийн 21:00 цагаас 28-ны өдрийн 15:20 цаг хүртэл хугацаанд үргэлжлэн орсон усархаг борооны улмаас үер бууж Далан багийн орон сууцны дөрвөн байшингийн зоорийн давхар, Дундсайхан багийн 5, 7 дугаар гудамжны цэвэр усны шугам, сүлжээний шуудуу цөмөрч дөрвөн автомашин нүх рүү орсон, 15 автомашин ус, шаварт суусан, нийт 7 багийн 18 хашаа, 13 гэр усанд автсан тухай мэдээллийг 28-ны өдрийн 08:14-15:00 цагийн хооронд хүлээн авсан байна.
Тус аймгийн Онцгой байдлын газрын 23 алба хаагч, таван автомашин, ЗДТГазрын 15 алба хаагч, гурван автомашин, “Өмнөд бүсийн Цахилгаан түгээх сүлжээ” ХХК-ийн 7 хүн, 7 техник, нийт 45 хүн, 15 техник хэрэгсэлтэйгээр үерийн усыг зайлуулжээ.
Мөн аймгийн Засаг даргын 28-ны өдрийн А/848 дугаар захирамжаар Даланзадгад-Улаанбаатар, Даланзадгад-Баяндалай чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг түр хугацаагаар хязгаарласан. 29-ний өдрийн 08:30 цагт Даланзадгад-Улаанбаатар чиглэлийн автотээврийн хэрэгслийн хөдөлгөөн хэвийн ажиллагаанд орсон.
Даланзадгад-Баяндалай чиглэлийн 1.2 километр авто замыг сэргээн засварлах ажлыг “Дардан говь” ХХК тус өдрийн 13:00 цагаас засварын ажлыг эхлүүлж, том оврын автомашиныг зорчихийг түр хугацаагаар хязгаарлаад байна.
Мөн Өмнөговь аймгийн Баяндалай сумын Баян багийн “Ховил” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойт зүгт 75 км-т/ Малчин Э-ын 1,700 толгой бог мал үерт урссан тухай дуудлагыг 28-ны өдрийн 09:40 цагт хүлээн авчээ. Тус аймгийн Онцгой байдлын газрын 9 алба хаагч, 1 автомашин, нутгийн захиргааны байгууллагын 6 хүн, 3 автомашинтай, нийт 15 хүн, 4 техник хэрэгсэлтэйгээр 13:05 цагт очиж, 4 цаг 35 минут ажиллаж, 1,000 орчим малыг олж, 100 гаруй бог мал хорогдсон. Үлдсэн малыг эрэн хайх ажиллагаа үргэлжилж байна.
Нийслэлд:
Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Ассем Вилла” хотхоны харалдаа Туул голд “Прадо” загварын суудлын автомашин 2 зорчигчтой урссан тухай дуудлагыг 07.29-ний өдрийн 18:24 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн 5 алба хаагч, 1 автомашинтай 18:53 цагт очиж тус дүүргийн харьяат иргэн Б /28 настай, эрэгтэй/, иргэн Э /27 настай, эмэгтэй/ нарыг аюулгүй газарт гаргаж, автомашиныг татах боломжгүй тул орхисон байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
3 СЭТГЭГДЭЛТЭЙ
|