Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/18-НД НИЙТЛЭГДСЭН

Ж.Андерсон: Монголчууд том шийдвэр гаргахын өмнө судалгаа хийдэггүй, эрсдэлээ тооцдоггүй

Зууны мэдээ
2018 оны 7 сарын 18
Зууны мэдээ
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монголын анхны олон нийтийн Цахим телевиз болох “Control” телевизийн “Комментатор” нэвтрүүлгийн ээлжит ярилцлагыг сониндоо буулгалаа. Энэ дугаарт МУСГЗ, тус нэвтрүүлгийн хөтлөгч Ц.Энхбат Монгол улсад 28 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй Дэлхийн банкны суурин төлөөлөгч Жэймс Андерсонтай эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлын талаар ярилцсан байна.

-1990 оны эхээр та бид анх уулзаж байсан. Тэр үеэ санан дурсвал?

-Би эдийн засгийн төсөл хөтөлбөрт ажиллаж, энэ чиглэлийн сургалт эрхэлдэг байсан. Нэг удаагийн сургалтыг тэр үед таны удирдаж байсан Монголын Хэвлэлийн хүрээлэнтэй хамтарч, сэтгүүлчдэд зориулж билээ. Тухайн үед өмч хувьчлалын давалгаа эхлээд нэлээд хэдэн жилийн нүүрийг үзсэн байсан. Том болон жижиг хэмжээний өмч хувьчлалууд явагдаад, хувийн өмчид тулгуурласан дэлгүүр нээгдэж эхэлж байсан. Миний Монголд анх хөл тавьсан 1993 онд дэлгүүрийн лангуу хоосон, хүссэн бараагаа олно гэдэг нүдний гэм байсан.

-Харин өнөөдөр энэ зүйл байгаагүй юм шиг өөрчлөгдсөн.

-Тиймээ, дэлгүүр орвол, “Байхгүй” гэдэг үг лав сонсохгүй.

-Би тантай ярилцлага хийхийн өмнө таны бичсэн нэгэн нийтлэлийг уншсан. Дэлхийн банкны үйл ажиллагааны талаарх зарим мэдээллийг судаллаа. Дэлхийн банк ядуурлыг бууруулахад анхаарч ирсэн байна?

-Дэлхийн банк улс орны Засгийн газруудтай хамтран ажилладаг. Ядуурлыг эцэслэх, мөн хамтын хөгжил цэцэглэлтийг нэмэгдүүлэх гол хоёр зорилгын дор үйл ажиллагаагаа эрхэлдэг. Бид ядуурлыг тооцох, ядуурлын судалгааг гаргах тал дээр Үндэсний статистикийн хороотой нягт хамтран ажилладаг. Хоёр жил тутамд нэг удаа суурь судалгаа хийж, статистик тооцоог гаргадаг. Энэ ажлыг сүүлийн хорь гаруй жил тогтмол хийж ирлээ. 2010 оноос Үндэсний статистикийн хороо, Дэлхийн банк нэг аргачлалаар суурь судалгаагаа хийх тал дээр чармайж ажилласан. Дэлхийн банкны, бусад оронд ядуурлын тооцоо судалгааг хийдэг аргачлалтай ижил болгосноор, өмнөх судалгаатай харьцуулалт хийх давуу талыг бий болгосон. Эргээд харахад, 2010-2012 он бол ядуурлын түвшин буурсан эерэг үзүүлэлт бүхий он жилээр тэмдэглэгдэн үлдсэн. Харин 2016 онд ядуурлын түвшин 2014 оныхоос ч нэмэгдсэн дүр зураг байна.

 2016 онд ядуурлын түвшин 2014 оныхоос ч нэмэгдсэн дүр зураг байна.

-Ядуурлын түвшин Монголд маш өндөр. Гурван хүн тутмын нэг нь буюу, дунджаар нэг сая монгол хүн ядуу гэсэн ангилалд багтаж байна, өнөөдөр.

-Хамгийн сүүлд 2016 онд судалгаа хийсэн. Энэ дүнгээр бол Монгол Улсын ядуурлын түвшин 29.6 хувьтай гарсан. Өрхийн хэрэглээн дээр үндэслэсэн судалгааны аргачлалаар энэхүү дүнг гаргасан.

Өрхийн хэрэглээн дээр суурилж тооцно гэдэг маань өрхийн орлогын хэмжээг ашиглахгүйгээр, хэрэглээний түвшинг тооцон ядуурлын түвшинг гаргана гэсэн үг. Жишээлэхэд, эрүүл бас хангалттай хэмжээний хоол хүнс хэрэглээд, орон байртай байлаа гэхэд наад захын хэрэгцээгээ хангахын тулд юу шаардлагатай байгаа вэ гэдэг тэр хэмжээг өрхийн хэрэглээний түвшинтэй нь харьцуулна гэсэн үг. Тэгж байж, тухайн өрх ядуу байна уу, үгүй юу гэдэг судалгааг хийдэг.

Тэгэхээр хамгийн сүүлийн хоёр тооцоо судалгааг харьцуулахад, 2014 онд ядуурлын түвшин 21.6 хувь байж байгаад 2016 онд 29.6 хувь хүртлээ өссөн байгаа. Энэ бол 2016 онд, ялангуяа өрхийн хувийн хэрэглээ хумигдсантай холбоотой. 2015, 2016 онд эдийн засгийн ерөнхий өсөлт бага зэргийн эерэг хэвээр байсан ч өрхийн хэрэглээний түвшин дээр бууралт ажиглагдаад эхэлсэн байдаг. Тэгэхээр ядуурлын түвшин дээр энэ үзүүлэлт нь нөлөөлснөөр нэмэгдсэн үзүүлэлт гарсан.

-Дэлхийн банкнаас гаргасан судалгаа, нийтлэлд Монгол Улсын Засгийн газар нийгмийн халамжийн чиглэлээр 70 гаруй төсөл, хөтөлбөр хэрэгжүүлдэг ч энэ олон хөтөлбөрүүдээс зөвхөн ганц нь ядуурлыг бууруулахад онилж, чиглэсэн байна гэдгийг дурдсан байсан.

-Тийм ээ, үнэн. Бид хоёр жилийн өмнө Дэлхийн банкны үйл ажиллагаа Монгол Улсад эхэлсний 25 жилийн ойг тэмдэглээд, энэ хугацаанд хийсэн үйл ажиллагаагаа нэгтгэн дүгнээд, баримт бичгүүдээ эргэж харсан. Монгол Улсад тодорхой нэг нийгмийн ангилалд тулгуурлан халамжийг олгох тийм хандлага давамгайлж буй нь судалгаагаар нотлогдсон. Нийгмийн халамжийг шаардлагатай байгаа ядуу, эмзэг бүлгийн иргэдэд чиглүүлэхгүй байна гэсэн үг. Энгийн үгээр хэлбэл, хүүхдүүд, эхчүүд, гавьяа шагнал авсан хүмүүс, өндөр настнуудад гэх мэт маш олон төрлийн жижиг халамжийг бий болгосон. Энэ бүгдийг нийлүүлээд үзэхээр нийгмийн халамжийн маш олон тооны төсөл хөтөлбөр болж байгаа юм. Хэдхэн жилийн өмнөх судалгаагаар эдгээр олон халамжийн хөтөлбөрүүд нь өөр хоорондоо давхацсан асуудал сөхөгдсөн.

Жишээ нь, хэд хэдэн төрлийн халамжийн хөтөлбөрөөс нэг хүн нэгэн зэрэг халамж хүртэж байсан цоорхой үүссэн байдаг. Яг өнөөдөр эмзэг бүлгийн ядуу хүмүүсийн амьжиргаанд дэм үзүүлэх зорилго бүхий хүнсний талоны хөтөлбөрийг Дэлхийн банкнаас хэрэгжүүлж байна. Дээр нь Монголын ядууст чиглэсэн халамжийн бас нэг хөтөлбөр бий. Уг хөтөлбөрийн хууль эрх зүйн орчин бүрдсэн, тодорхой санхүүжилт нь шийдэгдсэн боловч, одоогоор хараахан хэрэгжиж эхлээгүй байгаа юм. Энэ хөтөлбөрийн зорилго нь ядуу, халамж шаардлагатай байгаа тэр л өрхүүдэд бэлэн мөнгөний хэлбэрээр халамж хүртээх юм. Миний бодлоор бол Монгол Улсад ядууст чиглэсэн ийм халамжийн хөтөлбөр хэрэгжүүлэх нь маш чухал, өнөөдрийн нөхцөлд. Гэвч хүн болгон халамж хүртэх ёстой, бүх хүмүүст эрх тэгш мөнгө тараах ёстой гэх мэт зүйлийг сонссоор л байна.

-Монгол Улс газрын хөрсөн дороо маш их баялагтай, өргөн уудам газар нутагтай, 60 гаруй сая малтай, гуравхан сая хүн амтай. Түүнийх нь 70-аад хувь нь 35-аас доош насны залуус байна. Хүн ам залуу. Боловсролдоо анхаардаг гэх мэтчилэн олон давуу талтай. Монгол Улс Африкийн бусад орнуудтай харьцуулахад элбэг дэлбэг, сайн сайхан амьдрах бүх нөхцөл нь бий. Гэсэн хэдий ч Монголд инфляц өндөр байна, түлш, мах зэрэг өргөн хэрэглээний барааны үнэ тогтвортой өсөж байна. Энэ бүхэн өрхийн амьжиргаанд муугаар нөлөөлж, ядуурал буурахгүй байна.

-Би таны хэлсэн эхний хэсэгтэй бол бүрэн санал нийлж байна. Монгол Улсад хөгжлийн асар том нөөц бололцоо байгаа. Инфляцын тухайд, инфляц өөрөө макро эдийн засгийн үзүүлэлтүүдээс хамаарч байдаг. Энэ хамаарч байдаг үзүүлэлтүүд нь гаднаас хамаарч байдаг. Жишээ нь гадны зах зээл дээр эдийн засгийн том савлагаа үүсэхэд Монголд нөлөөлдөг. Газрын тосны үнэ дэлхийн зах зээлд нэмэгдэхэд Монгол Улс импортоос хамааралтай учир түүнд өртдөг. Нөгөө талаар инфляцад нөлөөлдөг гол зүйл бол төр засгийн бодлого шийдвэр.

Жишээ нь, Засгийн газар төсвөө маш их алдагдалтай баталж байхад, дээр нь төсвийн тэлсэн бодлого явуулж байхад инфляц мөн л нэмэгдэж байдаг. Эдийн засаг өссөн үед төсвийн тэлсэн бодлого явуулснаар тухайн үедээ үр дүн төдийлөн харагдахгүй ч гэсэн эдийн засаг сулраад ирэхээр сөрөг үр дагавар нь илүү мэдрэгддэг. Үүний адилаар мөнгөний бодлого ч инфляцын төвшинд нөлөөлж байдаг. Ямар ч улс орны Засгийн газар эдийн засгаа өсгөөд, тэгэх мөртөө инфляцын түвшинг барих энэ хоёр үйл ажиллагааны хоорондох тэнцвэрийг олохыг зорьж байдаг. Инфляцыг барихын тулд бодлогын хүүг өндөр байлгах ёстой. Монгол Улсын хувьд юуг байнга санаж явах ёстой вэ гэхээр Монгол Улсад одоогоор банкны зээл маш өндөр хүүтэй байна. Энэ нь Монголын Засгийн газрынх нь, өөрийнх нь зээлийн түвшин маш их өндөр байгаатай холбоотой юм аа гэдгийг ухаж ойлгох хэрэгтэй. Сүүлийн хэдэн сарын турш Засгийн газрын зүгээс энэ алдаагаа засаад өндөр хүүтэй зээлийн хэмжээг нэмэгдүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллаж байна. Гэтэл өмнөх нэлээн хэдэн жилийн хугацаанд Монголын Засгийн газар маш их хэмжээний зээлийг өндөр хүүтэй гаднын зах зээлээс авч байсан. Энэ нь мэдээж, Монгол Улсын өрийг нэмэгдүүлсэн. Үүнээс гадна, хувийн хэвшилд очих ёстой тэр санхүүжилтийг Засгийн газар өөрөө авчихсан учир хувийн хэвшлийн үйл ажиллагаагаа тэлэх, санхүүжилт авах нөхцөлийг Засгийн газар өөрөө боож байсан гэж хэлж болно.

-Эдийн засгийн бодлогод нэлээд их алдаа байгааг нийгэм олноороо шүүмжилж байгаа. Манай улсад маш их хэмжээний хөрөнгө оруулалт гаднаас орж ирж байсан үе бий. Орлого ч их өсөж байсан. 2011, 2012 оны үед эдийн засаг маш хурдацтайгаар өссөн. Тэр үед бид тэр орлогоо хадгалж нөөцлөлгүй, улс төрийн зорилгоор хавтгайд нь тараасан. Мөн төсвийн сахилга батын асуудал. Монгол Улс 76 ерөнхий сайдтай гэх шүүмжлэл.

-Тийм ээ. Монголд бол сонгуулийн өмнө олсон орлогоо зарцуулах хандлага зонхилдог. Үүнээс болоод Монгол түүхий эд экспортлогч орны хувьд түүхий эдийн зах зээлийн мөчлөгийн нөлөөнд өртөж байдаг. Энэ мөчлөгийн нөлөөллийг аль болох багасгаж хохирол багатайгаар давж гарахад эдийн засгийн бодлогоо чиглүүлэхээс илүүтэйгээр таны хэлж байгаачлан улс төрийн нөлөөнд өртдөг. Улс төрийн нөлөөгөөр олсон орлогоо зарцуулах тэр хандлага нь нэмэгддэг. Яг энэ асуудлаар Дэлхийн банкнаас хэдэн жилийн өмнө судалгаа хийсэн байдаг. Улс орнуудын төсвийн зарлагын байдлыг шинжлээд сурагчдыг дүгнэдэг шиг онооны системээр үнэлсэн. Монгол Улсын хувьд тэр судалгаагаар олон тал дээр сайн үзүүлэлттэй гарсан. Гэхдээ улс төрийн дээгүүр түвшиндээ анхаарах асуудлууд байсныг судалгаанд онцлон тэмдэглэсэн байдаг. Жишээ нь, Монголын Засгийн газар УИХ-д төсвөө өргөн барихдаа төсвийн дунд хугацааны мэдэгдэл дээр тулгуурлаад төсвөө өргөн барьдаг. Түүндээ ойрын жилүүдэд эдийн засгийн өсөлт хэр байхыг тооцсон төсөөллөө оруулаад УИХ-д өргөн барьдаг ч, УИХ түүнийг нь дур мэдэн өөрчилдөг нь гажуудал үүсгэдэг.

-Өөр нэг хөндөх ёстой асуудал бол мэдээж, Монгол Улсын гадаад өр зээл . Сүүлийн дөрөв орчим жилийн хугацаанд маш их зээл авсан. Тэгээд эдгээр зээлүүдээ эргэн төлөх шаардлагатай тулгарсан. Төлж ч эхэлсэн.

-Ихэнх тохиолдолд ямар төсөл хөтөлбөрт зарцуулахаа шийдэлгүй, тодорхой ойлголтгүйгээр маш их хэмжээний зээл авсан. 2011 онд эдийн засаг маш хурдацтай өсөж байсан. Дэлхийн хамгийн хурдацтай өсөж байгаа эдийн засаг гэж тухайн үед нэрлэгдэж байсан. 2012 онд ч гэсэн эдийн засгийн өсөлт хурдацтай хэвээр байсан. Энэ үед байнга, үүрд ийм хангалуун байх юм шиг буруу төсөөлснөөс болоод маш их хэмжээний зээл авч эхэлсэн. Үүний дараа нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Түүхий эдийн үнэ олон улсын зах зээл дээр унасан, Монгол дахь хөрөнгө оруулалтын хэмжээ буурч эхэлсэн. Сүүлийн хэдэн жил эдийн засаг буурч, доошилсон дүр зураг бий болсны суурь шалтгаанууд нь энэ.

Харин сүүлийн хэдэн жилийн хугацаанд шинээр авсан зээлүүд нь өмнө авсан илүү үнэтэй, өндөр өртөгтэй зээлүүдийг эргэн төлөх, зээлийг хаахад яахын аргагүй хэрэгцээтэй байсан. Ингэснээрээ Монгол Улс тэр чигтээ эдийн засгийн хямралд унаад хүн болгонд, Монгол Улсын иргэн бүрт учирч болзошгүй байсан тэр гамшгаас сэргийлж чадсан. Энэ бүхнээс эдийн засаг үүрд мөнх сайн байдаггүй гэдэг сургамжийг авсан. Тэгэхээр зээл авч байхдаа түүний үр ашиг нь, ашиглагдах хугацаа нь хэдий хэмжээнд байх вэ гэдгийг зээлийн эргэн төлөгдөх хугацаатай харьцуулж дүйцүүлж байх нь зүйтэй юмаа.

-Оюу толгой, Таван толгой зэрэг том төслүүдтэй Монгол Улсын хөгжил, Монголын иргэдийн аж амьдрал салшгүй холбоотой. Олон ч сайхан үг, амлалтыг иргэд сонссон. Оюутолгойн хувьд ашиглалтад ороод 10-аад жил болсон хэдий ч үр ашгийг нь хүртэж чадаагүй хэвээр гэх шүүмжлэл хэвээр.

-Өнгөрсөн он жилүүдийн эдийн засгийн өсөлт нь гадаадын хөрөнгө оруулалтаар хөхиүлэн дэмжигдсэн өсөлт байсан. Мэдээж, үүнд Оюутолгой маш том хувийг эзэлж байгаа. Тэгэхээр бид түүхий эдийн үнээс шалтгаалсан эдийн засгийн савлагаа мөчлөгийг ярихдаа гадаадын шууд хөрөнгө оруулалт байхгүй зөвхөн түүхий эдийн үнийн уналтын улмаас эдийн засаг дээшээ доошоо явахыг ярьдаг. Монгол Улсын хувьд нэг давалгаа нь түүхий эдийн үнийн зах зээлээс шалтгаалсан давалгаа байсан. Түүхий эдийн үнэ өндөр байх үед эдийн засгийн өсөлт сайн байгаад, үнэ унахад эдийн засаг муу өсөлттэй гарч байсан. Дараагийн давалгаа бол гадаадын хөрөнгө оруулалт юм. Монгол Улс бол бусад түүхий эд экспортлогч томоохон эдийн засгуудтай харьцуулахад харьцангуй сүүлд дэлхийн хэмжээний том ордуудаа нээж илрүүлсэн. Энэ дэлхийн хэмжээний том ордыг эргэлтэд оруулахын тулд маш их хэмжээний хөрөнгө оруулалт шаардлагатай нь ойлгомжтой. Хэрвээ тэр хөрөнгө оруулалтыг хийхгүй бол тэр орд ямар ч ашиглалтгүй, эдийн засгийн үнэ цэнээ гаргаж чадахгүй гэсэн үг.

Тэр ордод хөрөнгө оруулах хөрөнгө оруулалтын түвшин харилцан ижилгүй байдаг. Эхний үед нь маш их хэмжээний хөрөнгө оруулалт эдийн засагт орж ирээд шаардлагатай үйл ажиллагааг эхлүүлдэг. Түүнээс үүдэн эдийн засгийн өсөлт өндөр гарах нь бий. Тэгээд уул уурхайн салбарт орж ирж буй энэ хөрөнгө оруулалт бусад салбартаа нөлөөлөл үзүүлж, өмнө ярьж байсан 2012-2014 он хүртэл өрхийн амьжиргааны түвшин дээшилж, ядуурал буурсан энэ үр дүнд зарим талаараа нөлөөлсөн байдаг. Тухайн үед ядуурлын түвшин үнэхээр богино хугацаанд дорвитой буурсан байдаг. Амьжиргааны түвшин улс орон даяар тодорхой хэмжээнд мөн дээшилсэн. Эхний шатны тэр том хэмжээний хөрөнгө оруулалт орж ирснээр эдийн засаг тогтворжиж байсан бол хожим гаргасан улс төрийн зарим шийдвэрүүд нь гадаадын хөрөнгө оруулагчдыг сандаргаж эхэлснээр эдийн засагт орж ирж байсан амь тариа, хөрөнгө оруулалтын урсгалыг зогсоосон. Үр дүн нь тухайн үед ажиглагдаж байсан эдийн засгийн эерэг үзүүлэлтүүд буурсан. 2016 оноос амьжиргааны түвшин эргээд нэмэгдсэн. 2017 оны хувьд харин эдийн засаг бага зэрэг өсөлттэй гарсан. Гэхдээ хөрөнгө оруулалтын хэмжээ доогуур хэвээр байсан.

-Одоо Монгол Улсын эдийн засгийн цаашдын өсөлтийг Дэлхийн банк юу гэж харж байна. Эдийн засгийн өсөлтийн төсөөлөл ямар байна вэ?

-Дэлхийн банкны зүгээс эдийн засгийн өсөлтийг тийм ойрхон шинждэггүй. Сүүлд гаргасан тооцооллоор бол эдийн засгийн өсөлт 2018 онд 5.5 хувьтай байна. Тэгээд 2019 онд үүнээсээ бага зэрэг ахихаар байгаа. Өөр нэг анзаарсан зүйл гэвэл монголчууд эдийн засгийн өсөлт хэд байх вэ гэж тоонд маш их анхаарал хандуулдаг. Би бол энэ тоог хэлэхдээ өөрийн цаасан дээр тэмдэглэсэн зүйлээ эргэж харж санах хэрэгтэй болдог. Яагаад вэ гэвэл Монголын эдийн засгийг бүхэлд нь дүрсэлбэл, далайд хөвж буй жижигхэн завьтай зүйрлэж болно. Жижиг завь далайн давалгаанд өртөх, том хөлөг онгоц дэргэдүүр нь өнгөрөхөд ч давалгаанд цохиулчих гээд байдаг. Том хөлөг онгоц бол далайн давалгаанд өртөх нөлөөлөл нь төдий чинээгээр бага байдаг бол жижиг хөлөг онгоц чиглэлээ ч хүртэл алдахад хялбар. Ийм л эдийн засагтай.

Эдийн засгийн өсөлт 2018 онд 5.5 хувьтай байна. 

-Бидний ярилцлага өндөрлөх дөхөж байна. Эцэст нь та Монгол Улсын ахиц гаргасан зүйл, бас асуудал, өөрчлөх шаардлагатай зүйлсийн талаар өөрийн бодлоо хуваалцвал?

-Өнөөдрийг хүртэлх хугацаанд маш олон чиглэлд их ахиц дэвшил гарсан. Хэрэгжүүлж байсан төслөө л нэрлэхэд аяндаа харагдана. 90-ээд оны эхээр Улаанбаатар хотыг хөлдөөчихгүйн тулд Цахилгаан станцыг хэвийн ажиллуулахад шаардагдах тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл оруулж ирэх, цахилгаан станц, төмөр зам гэх мэт эдийн засгийн суурь дэд бүтцийн үйл ажиллагааг тасалдуулахгүй байхад чиглэсэн дэмжлэг туслалцааг үзүүлж байсан байдаг. Хожмын төслүүдэд, хөдөө орон нутагт мэдээлэл технологийн салбарыг хөгжүүлэх, гар утас, интернетийн хэрэглээг нэвтрүүлэхэд дэмжлэг үзүүлсэн. Эхний төслийг дараа дараачийн төсөлтэй харьцуулбал ямар их ахиц дэвшил гарсан, ямар их өөрчлөлт орсон гэдэг нь тодорхой байгаа юм.

Манай Америкт нэг хэлц үг байдаг. Үсрэхийнхээ өмнө сайн хараарай гэж. Юу гэсэн үг вэ гэхээр том шийдвэр гаргахын өмнө, том алхам хийхийнхээ өмнө гарч болох эрсдэл, үр ашиг гээд тооцооллыг маш сайн хийх хэрэгтэй гэсэн тийм л утгыг илэрхийлж байгаа юм. Монголын хувьд энэ дүрмийг орхигдуулдаг гэж харагддаг. Ихэнх тохиолдолд монголчууд том шийдвэр гаргахынхаа өмнө тооцоо судалгаа төдийлөн сайн хийдэггүй, эрсдэлээ тооцдоггүй. Тэгж байтал улс төрд гарсан өөрчлөлт бүх зүйлийг өөр тийш нь эргүүлчихдэг. Нэг Засгийн газар гараад л хөгжлийн чиглэлийг нэг тийш нь залдаг бол, дараагийн Засгийн газар нь чиглэлээ бүрэн өөрчилдөг. Тэгэхээр бодлогын орчин тогтвортой байх, том хэмжээний зээл, төслийг эхлүүлэхийнхээ өмнө эрсдэлийг сайн тооцох нь Монгол Улсад зайлшгүй шаардлагатай гэж би үздэг.

-1990-ээд оны үед “байхгүй” гэдэг үгийг Та олонтоо сонсож байсан гэдэг. Үнэндээ эдийн засаг уналтад ороод дэлгүүрийн лангуунууд хоосорсон. Хуучин ЗХУ-аас авч байсан санхүүгийн дэмжлэг тухайн үед зогссон. Хот хөлдчих гээд л, автобус ч үгүй болсон үе. Санахад улс орон тун хэцүү байдалд орсон байсан. Дэлхийн банк, бусад ижил төрлийн үйл ажиллагаа явуулдаг олон улсын байгууллагууд Монгол Улсад тэр үед орж ирээгүй бол бидний байдал ямар байх байсан бол, бид хаашаа явж байх байсан бол гэж бас бодогдох юм.

-Таны хэлсэнчлэн Монгол Улс тухайн үедээ харилцаатай байсан орнууд, өмнө нь харилцаатай байсан орнуудтайгаа худалдааны эргэлт харилцаа зогссон. ЗХУ-аас орж ирж байсан санхүүгийн дэмжлэг зогссон. Эдийн засаг уналттай байсан тэр үед Монгол Улс олон улсын санхүүгийн байгууллагууд тэр дундаа Дэлхийн банк, Олон улсын валютын сан, Азийн хөгжлийн банк зэрэг олон талт санхүүгийн байгууллагуудад нэгдэн ороод Япон, Америкийн нэгдсэн улсууд гэх мэт шинэ түншүүдтэй харилцаагаа тогтоож сэргээсэн нь тэр хүнд он жилүүдийг даван туулахад тусалсан гэж бодож байна.

Эдийн засаг тогтворжоод голдрилдоо ороод явахын хэрээр Дэлхийн банкнаас үзүүлж байсан дэмжлэг туслалцаа нь бусад салбар руу бага багаар шилжин, боловсролын салбар, зам тээвэр дэд бүтэц, өмнө дурдсан мэдээлэл технологийн салбар, засаглалыг бэхжүүлэх, судалгаа хийх, мэдлэг түгээх төсөл хөтөлбөрт түлхүү анхаарсан. Бид энэ хүрээнд Засгийн газарт мөн судалгаа, зөвлөмж өгөх, аналитик судалгаа хийх, бодлого боловсруулахад дэмжлэг үзүүлэх гэх мэт ийм ажил хийдгийг дурдах нь зөв гэж бодож байна. Тухайлбал, Үндэсний статистикийн хороотой маш олон жилийн хугацаанд үр бүтээлтэй хамтарч ажиллаж байна. Мөн бусад улс орнуудаас авсан мэдлэг, туршлагыг солилцох , юу нь болдог юм, ямар шинэ арга зам байна гэх мэт зүйлүүд дээр зөвлөмж, мэдлэг олгодог мэдлэгийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, төрийн санхүүгийн удирдлага тал дээр мэргэжилтнүүдийг бэлтгэх, төрийн чадавхыг энэ тал дээр нэмэгдүүлэхээр нэлээд олон жил ажилласан. Тэгээд энэ олон чиглэлд ахиц дэвшил гарсанд бид маш их баярлаж явдаг. Гэхдээ бид энэ бүгд дээр дэмжлэг үзүүлж байгаа, эдгээр төслүүд нь зөвхөн Засгийн газрын хэрэгжүүлсэн Засгийн газрын төслүүд байдаг. Бидний зүгээс хөнгөлөлттэй нөхцөлтэй санхүүжилтийг олгож дэмжлэг үзүүлдэг. Саяын хэлсэн Монголын Засгийн газраас хэрэгжүүлээд Дэлхийн банкнаас санхүүжүүлдэг гэдэг нь ихэнх төслүүдийн хувьд Засгийн газраас хэрэгжүүлдэг. Бид энэ урт замд амжилт ололтын нэг хэсэг нь байсандаа, тодорхой хувь нэмэр оруулсандаа баярлаж талархаж явдаг.

-Комментатор нэвтрүүлэгт оролцож, Монголын эдийн засгийн нөхцөл байдал, алдаа онооны талаар бидэнтэй саналаа хуваалцаж, үнэтэй зөвлөмж зөвлөгөө өгсөн Танд баярлалаа.

Зураг