Иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох ач холбогдолтой хуулийг батлуулна гэв
Монгол Улсын Их хурал дахь Ардчилсан намын бүлэг Төрийн ордонд өнөөдөр хуралдаж, дөрвөн асуудлыг хэлэлцсэн байна.
Тухайлбал Засгийн газраас өргөн барьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй холбоотой уул уурхайн салбарын хоёр төрийн бус байгууллагын мэдээллийг сонсжээ.
Хоёрт Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга С.Баярцогт намын дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэл өгчээ. Гуравт хоёр долоо хоногийн өмнө Батлан хамгаалах салбарт гарсан хүний амь настай холбоотой асуудлаар Д.Батлут сайдад хариуцлага хүлээлгэх шаардлагын талаар ярилцаж, байр сууриа нэгтгэжээ.
Дөрөвт өнгөрсөн долоо хоногийн Баасан гарагт УИХ-ын дарга өргөн барьсан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн төслийн талаар бүлгийн гишүүдэд мэдээлэл өгсөн байна.
Бүлгийн хуралдаанаар гарсан шийдвэрийг танилцуулах хэвлэлийн хурлын үеэр УИХ-ын гишүүн Б.Жаргалан Эдийн засгийн эрх чөлөөний тухай хуулийн талаар мэдээлэл өгөв.
Тэрбээр "Эдийн засгийн эрх чөлөө гэдэг бол хувь хүн, аж ахуй эрхлэгч өөрийн шударга хөдөлмөр хөрөнгө оруулалтын үр шимийг шууд хүртэх, ирээдүйн сайн сайхан амьдралыг цогцлоох тухай ойлголт юм. Сүүлийн үед Монголын нийгэмд бий болж буй алдаа завхралууд, улс төр эдийн засгийн орчинд буй шударга бус үйл явдлууд бол Үндсэн хуульд заасан эдийн засгийн эрх чөлөө хумигдсантай шууд холбоотой.
Энэ хуулиар төрийн оролцоог хязгаарлахтай холбоотой эдийн засгийн харилцааны бүхий л асуудлыг зохицуулна. Сүүлийн жилүүдэд төр эдийн засагт хэт их оролцох болсны улмаас иргэдийн эдийн засгийн эрх чөлөө эрс хумигдсан. Улсын төсвийн дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хэмжээ 40 хувь болсон. Төрийн өмчит компаниудын борлуулалтын орлого дотоодын нийт бүтээгдэхүүний 3/1-д хүрсэн. Ингэснээр хамгийн гол өрсөлдөөн улс төрийн тавцанд өрнөж, хээл хахууль, түүнтэй холбоотой алдаа завхрал, хулгай манай нийгмийн бүхий л гажуудлыг бий болгож байна.
Эдийн засгийн өсөлт бол хувь хүмүүс болон аж ахуйн нэгжүүдийн идэвх санаачилга, иргэдийн бүтээмжээс улбаатай. Энэ хуулийг баталж чадвал иргэдэд эдийн засгийн эрх мэдлийг буцаан олгох чухал ач холбогдолтой" гэв.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

