Украины дайныг дуусгах асуудлаар болсон АНУ, ОХУ-ын гадаад хэргийн сайд нарын уулзалтаас тодорхой үр дүн гарсангүй
Пүрэв гарагт Филиппиний нийслэл Манила хотод болсон ASEAN-ий чуулганы үеэр АНУ-ын төрийн бичгийн дарга Марко Рубио, ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров нар Украины дайныг дуусгах асуудлаар уулзжээ.
Уулзалтын дараа Рубио “утгагүй дайн”-ыг зогсооход туслахад АНУ бэлэн байгааг Оросын талд дахин илэрхийлснээ мэдэгдсэн байна.
Гэхдээ тэр уг байр суурьт нь Оросын тал ямар хариу өгснийг мэдээлэхээс татгалзжээ.
“Бид сайн бөгөөд илэн далангүй яриа өрнүүллээ. АНУ болон ерөнхийлөгч бид утгагүй дайныг зогсооход бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн” гэж Рубио хэлсэн ч уулзалтын талаар дэлгэрүүлээгүй байна.
Харин Оросын гадаад хэргийн яам Лавров “Мөргөлдөөнийг улс төр, дипломат арга замаар шийдвэрлэхэд бэлэн байгааг дахин нотоллоо” гэж мэдэгджээ.
Лавров бас Рубиод “2025 оны наймдугаар сард Аляскад болсон уулзалтын үеэр ерөнхийлөгч Трамп, Путин нарын дэвшүүлсэн саналуудад Москва үнэнч хэвээр байгааг” илэрхийлсэн гэнэ.
Рубио мэдэгдэлдээ сунжирсан дайны улмаас олон мянган хүний амь үрэгдэж байгааг шүүмжилсэн байна.
“Энэ бол маш их цус урсгасан дайн гэж би бодож байна. Хоёр тал үүнийг зогсоох хөшүүрэгтэй байх ёстой. Энэ бол талуудын хүлээн зөвшөөрч болохуйц нөхцөл бөгөөд бид үүнийг олохыг хичээсэн, цаашдаа ч хичээх болно” гэж Рубио хэлжээ.
Албан бус эх сурвалжуудын мэдээлснээр Рубио, Лавров нарын уулзалт 35 минут үргэлжилсэн бөгөөд Оросын тал Аляскын уулзалтаар тохиролцсон зүйлээ хэрэгжүүлэхийг АНУ-ын талаас шаардаж, Рубио дээрх уулзалтын үеэр юу ч амлаагүйг хариу мэдэгдсэн сурагтай байна.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
