Улаан тэнгист Хуситууд халдсаны дараа газрын тосны үнэ $100 давж, Трамп хариуг нь Иранаас авахаар заналхийлэв
Пүрэв гарагт Йемений босогчид Улаан тэнгист зорчиж байсан Саудын Арабын газрын тосны хоёр хөлөгт халдсанаар Ойрх Дорнодын дайн далайн тээврийн бас нэг чухал замыг хамарлаа.
Үүний улмаас зах зээлд Брент ангиллын баррель түүхий газрын тосны үнэ 6 гаруй хувиар өсөж, тавдугаар сараас хойш анх удаа $100-ын босгыг давсан байна.
Дайныг зогсоох зорилготой түр хугацаанд гал зогсоох гэрээ нуран унаснаас хойш хоёр долоо хоногийн дараа буюу Пүрэв гарагт АНУ-ын арми Ираны нутаг дэвсгэрт ээлжит агаарын довтолгоогоо явуулжээ.
Ираны төрийн хэвлэлийн мэдээлснээр Пүрэв гарагийн орой Ормузын хоолойн Кешм арал АНУ-ын пуужингийн цохилтод өртсөн гэнэ.
Йемений баруун хэсгийг хянадаг Хуситууд газрын тосны хоёр хөлөгт довтолсноо зарласны дараа АНУ-ын ерөнхийлөгч Дональд Трамп тус зэвсэгт бүлгийн дараа дараагийн халдлагын хариуг түүний ивээн тэтгэгч Ираны дэглэмээс авахаар сүрдүүлжээ.
Хуситууд энэ долоо хоногийн эхээр Улаан тэнгисийн чухал гарц болох Баб эль-Мандебын хоолойгоор Саудын Арабын хөлгүүдийг нэвтрүүлэхгүй байх тэнгисийн хориг эхлүүлж байгаагаа зарласан юм.
Ормузын хоолойг Иран улс хаасны дараа Саудын Араб түүхий газрын тосны тээвэрлэлтээ өөрийн Улаан тэнгисийн боомт руу шилжүүлээд байгаа.
“Хэрвээ тэд дахин ингэвэл Хуситуудын ивээн тэтгэгч Иранд, мэдээж бас Хуситуудад өөрсдөд нь томоохон шийтгэл оногдуулна” гэж Трамп сошиал хуудсандаа бичжээ.
Тэрбээр өчигдөр Axios мэдээллийн сайтад ярихдаа Ираны эсрэг томоохон байлдааны ажиллагаа эхлүүлэх талаар төлөвлөж байгаа бөгөөд шийдвэр гарахад ойрхон болсныг дуулгасан юм.
“Тэд одоогоор хангалттай цохилт хараахан амсаагүй байгаа” гэж Трамп мэдэгджээ.
Хуситууд тэнгисийн бүслэлт зарлахаас хэд хоногийн өмнө Ираны Хувьсгалт Гвардын командлагчид, цэргийн зөвлөхүүд, пуужин болон нисгэгчгүй онгоцнуудын хамт Йеменд хүрсэн тухай Иран болон Йемений эх сурвалжууд мэдээлсэн.
Хусит босогчдын удирдлага үүнийг үгүйсгэсэн байна.
Далайн тээврийн эх сурвалжийн мэдээлснээр Лхагва гарагийн орой Улаан тэнгис дэх Саудын Арабын Жизан боомтын ойролцоо байсан “Encelia” тээвэрлэгч хөлөг пуужингийн цохилтод өртсөнөө мэдэгдэж, тусламж хүссэн дохио илгээжээ.
Тэгвэл өөр хоёр дахь хөлөг бас халдлагад өртсөнийг Трамп мэдэгдэлдээ дурдсан байна.
Эдгээр халдлагуудын дараа Пүрэв гарагт Улаан тэнгисийн өмнөд хэсгээр ачаа бараа тээвэрлэх хөлгүүдийн даатгалын зардлыг зарим компаниуд хоёр дахин өсгөсөн тухай мэдээлэл иржээ.
Улаан тэнгисийг Энэтхэгийн далайтай холбодог Баб эль-Мандебын хоолой нь Ормузын хоолой хаагдсаны дараа далайн тээврийн чухал зам болсон юм.
Хуситууд хоолойг хааж байгааг зарласны дараа олон хөлөг чиглэлээ өөрчилж, Улаан тэнгисийн хойд гарц болох Суэцийн сувгаар нэвтэрч, Азийн хэрэглэгчдэд хүрэх ачаа тээвэр Африк тивийг бүтэн тойрох маш урт бөгөөд зардалтай замыг сонгосон байна.
АНУ-ын цохилтын хариуд Ираны тал Йордан, Кувейт дахь Америкийн цэргийн баазуудад довтолжээ.
Тухайлбал Йорданы арми сүүлийн 24 цагийн дотор Ираны дөрвөн пуужин, зургаан нисгэгчгүй онгоц нутаг дэвсгэрт нь халдсанаас нэг пуужингаас бусдыг устгаснаа мэдээлсэн байна. Устгагдаагүй нэг пуужин хүн ам оршин суудаггүй хоосон газарт туссан гэнэ.
Газрын тосны өндөр үнэ, инфляцын өсөлт арваннэгдүгээр сард болох Конгрессын завсрын сонгуулиас өмнө Трамп болон түүний Бүгд Найрамдах намд дарамт шахалт учруулж байна.
Пүрэв гарагт Бүгд Найрамдахчууд олонх болдог Конгрессын төлөөлөгчдийн танхим Ираны эсрэг байлдааны ажиллагааг зогсоох үүргийг ерөнхийлөгчид өгөхийг дэмжсэн тогтоолын төслийг дэмжсэн нь бэлгэдлийн төдий арга хэмжээ байв.
Сенатын танхим үүнээс хойш хэдэн цагийн дараа ижил төстэй арга хэмжээ авахаар санал хураалт зохион байгуулжээ.
Сүүлийн саруудад АНУ-ын хууль тогтоогчид ийм арга хэмжээг удаа дараа авч хэрэгжүүлсэн ч дайныг зогсоож чадахгүй байгаа юм.
Эх сурвалж: Reuters
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
