Аялал жуулчлалаа сэргээхийн тулд Дубай хот гадаадаас жуулчин авчирсан оршин суугчдаа шагнахаар болжээ
Ираны эсрэг АНУ, Израилийн явуулж буй дайн Дубай хотыг зорин ирэх жуулчдын тоог эрс бууруулсан юм.
Тэгвэл тус хотын захиргаа гадаад найз нөхдөө жуулчны шугамаар ирүүлж чадсан өөрийн оршин суугчдыг бэлэн мөнгөөр урамшуулах хөтөлбөр зарлажээ.
Dubal Invite нэртэй уг хөтөлбөрийн дагуу Арабын Нэгдсэн Эмират Улсын иргэд гадаад дахь найз нөхдийнхөө нэрийг эхлээд бүртгүүлэх бөгөөд хэрвээ тэд Дубай хотод аялж ирвэл 3,000 дирхамын ($812 орчим) мөнгөн урамшуулал хүртэх юм байна.
Мөн найз нөхдөө урьж чадсан иргэддээ зочид буудал, үзвэр үйлчилгээний үнийн хөнгөлөлт үзүүлэх гэнэ.
Аравдугаар сарын 31-нийг хүртэл жуулчин татсан иргэн бүр гурван ийм төрлийн хөнгөлөлтийн эрх авах бөгөөд хөнгөлөлтөө эдлэх хугацаа оныг дуустал үргэлжлэх юм байна.
Гадаадаас татсан жуулчид нь Арабын Нэгдсэн Эмират улсын иргэн биш байх, зохих ёсны визтэй байх, мөн урьдчилан бүртгүүлсэн байх ёстой гэнэ.
Хоёрдугаар сарын 28-ны өдөр эхэлсэн Ираны эсрэг дайнд АНУ-ын холбоотон Арабын Нэгдсэн Эмират улс татагдан орж, нэлээд хохирол амсаад байгаа. Ираны пуужингууд Дубай хотын олон улсын нисэх онгоцны буудал, дэлхийд алдартай Fairmont зочид буудлыг гэмтээж байлаа.
2025 онд Дубай хот 20 сая орчим жуулчин хүлээж авсан нь түүхэн дээд амжилт болж байжээ.
Гэвч энэ онд зочид буудлуудын орлого 50 гаруй хувиар буурсан мэдээлэлтэй байна.
Дубайн зарим алдартай зочид буудлууд бүрэн хаагдаж, их засварт орсон юм. Тухайлбал алдарт Бурж Аль Араб буудал 18 сарын хугацаанд хаагдаж, их завсарт орсон байна.
Нээлттэй үлдсэн зочид буудлууд нь засгийн газрын татаасаар 45 хувийн хөнгөлөлтийг үйлчлүүлэгчдэдээ санал болгох хөтөлбөрт хамрагдаж эхэлжээ.
Пүрэв гарагт орон нутгийн хэвлэлүүдийн мэдээлснээр дээрх арга хэмжээ зарлагдсанаас хойш засгийн газар 48 цагийн дотор 10,000 гаруй хүсэлт хүлээн авсан байна.
Эх сурвалж: The Guardian
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
