Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУ-ын Холбооны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр албан ёсоор угтан авлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Холбооны Ерөнхийлөгч Франк-Вальтер Штайнмайэрийн урилгаар тус улсад төрийн айлчлал хийж байна.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг ХБНГУХ-ны Ерөнхийлөгч Ф.В.Штайнмайэр албан ёсоор угтан авлаа. Угтах ёслол тус улсын Гадаад хэргийн яамны "Вилла Борсиг" цогцолборт болов.
Үргэлжлүүлэн хоёр улсын Ерөнхийлөгч нар ганцаарчилсан уулзалт болон албан ёсны хэлэлцээ хийлээ.
Төрийн тэргүүнүүдийн уулзалтын дараа Монгол Улс, ХБНГУ хоорондын хамтарсан тунхаглалд хоёр талын гадаад харилцааны сайд нар гарын үсэг зурсан юм.
Хоёр орны харилцааны тухайд Монгол Улс, ХБНГУ-ын хооронд 1974 оны нэгдүгээр сарын 31-нд дипломат харилцаа тогтоож байжээ. Түүнээс хойш 2008 онд Иж бүрэн түншлэлийн харилцаа тогтоож, 2024 оны хоёрдугаар сарын 7-нд Стратегийн түншлэлийн харилцаа тогтоосон байна.
Хоёр улсын Стратегийн түншлэлийн харилцаа нь дараах салбаруудад төвлөрдөг.
- Улс төр
- Батлан хамгаалах
- Эдийн засаг
- Хөгжлийн бодлогын хамтын ажиллагаа
- Боловсрол, соёл
- Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэх ажиллагаа
- Хүмүүнлэг, олно нийтийн салбарын хамтын ажиллагаа юм.
Манай талаас 1995 онд П.Очирбат, 2000 онд Н.Багабанди, 2012, 2015 онуудад Ц.Элбэгдорж нар ХБНГУ-д төрийн тэргүүний түвшний айлчлал хийж байв. Харин тус улсаас 1998 онд Роман Хэрцог, 2008 онд Хорст Кёлер, 2015 онд Иоахим Гаук, 2024 онд Франк Вальтер Штайнмайэр нар манай улсад айлчилж байжээ.
Хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааны тухайд 2025 оны байдлаар худалдааны эргэлт экспорт 19,7 сая ам.доллар, импорт 273,3 сая ам.долларт хүрээд байна. Монгол Улсад 1990-2025 онд ХБНГУ-ын 113 хуулийн этгээд 350.6 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн нь манай улсын нийт гадаадын шууд хөрөнгө оруулалтын 0,7 хувь юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
